Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 163

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Д.Баярмаа,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч  нарын өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дашцэрэн, Ч.Хишигсүрэн, А.Батжаргал нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000023 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Таванжаргалант Диваагийн Дашцэрэн, 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг, 27-р байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ЦД82102978 регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Боржигон Жаргалсайханы Алтанхуяг, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг, Хээтэй хорооллын 5-6-21 тоотод оршин суух, Тэгшхэн ХК-ны ерөнхий инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ВК81062517 регистрийн дугаартай.

 3.Монгол улсын иргэн, Хотгойд ургийн Алтангэрэлийн Батжаргал, 1981 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг, Парк тауны 49-706 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, НЮ81102378 регистрийн дугаартай.

4.Монгол улсын иргэн, Их монгол Чинбатын Хишигсүрэн, 1983 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 2-р баг, Хушаатын 9-3 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ТИ83092410 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Алтанхуяг нь Д.Дашцэрэнтэй гэмт хэрэгт хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтэний гол” гэх газарт техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 50 358 405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Дашцэрэн нь Ж.Алтанхуягтай гэмт хэрэгт хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтэний гол” гэх газарт техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 50 358 405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Хишигсүрэн нь Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг нартай гэмт хэрэгт хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяаг, А.Батжаргал нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтэний гол” гэх газарт техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 50 358 405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Батжаргал нь Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг нартай гэмт хэрэгт хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяаг, Ч.Хишигсүрэн нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтэний гол” гэх газарт техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 50 358 405 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нар нь гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтэний гол” гэх газарт техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 34 154 326 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Дашцэрэнгийн өгсөн: 2015 оны хавар Алтанхуяг бид хоёр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтэний гол Цэнхэр Цөөрөм гэх газар хамтарч алт ухаж мөнгө олохоор анх тохирсон. Тэгээд Алтанхуяг бид 2 эхний хөрөнгө болох мөнгийг олохын тулд банкны зээл хөөцөлдье гэсэн. Алтанхуяг надад блокийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаа банкны барьцаанд тавьж мөнгө болгоё гэхээр нь сар шахуу хөөцөлдөөд бүтээгүй. Тэгээд би өөрийн нэг найзаасаа 25 сая төгрөг зээлсэн. Цэнхэр цөөрөмд газар ухаж ажиллах 2 экскаваторын түрээс, дизель станц, усны насосыг худалдан авахад хүнээс зээлсэн 25 сая төгрөгөөс гаргасан. Тэгээд миний танил болох Хишигсүрэн, Алтанхуяг бид хоёртой хамтарч ажиллахаар болж 2015 оны 7-р сарын 10-аас хойш Улаанбаатар хотоос Хишигсүрэн алт угаах төхөөрөмж болох скрубер, түрээсийн 2 экскаватор, усны насос, дизель станц зэргийг хөлсний машин дээр ачуулаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэнхэр цөөрөм гэх газар луу явсан. Ингэж анх явахдаа Алтанхуяг, Хишигсүрэн, Батжаргал бид нар хамт явсан. Бид нар Алтанхуягийн заасан газарт ирэхэд хуучин алт ухагдсан, энд тэндгүй хайрга овоолсон хуучин олборлолт явагдсан газар байсан. Тэгэхээр нь би Алтахуягаас “энэ газрын хаана нь юм бэ? Нөгөө алт ухах газар чинь хаана юм бэ” гэж асуухад Алтанхуяг “ер нь бол талбай нь энд байгаа, жаахан ажиллачхаар газар байсан байхгүй болсон байна” гэсэн. Тэгээд Алтанхуяг бид 2 ярилцаж байгаад Батжаргалтай яриад “чиний нөгөө худалдаж авсан лиценз чинь хаана юм” гэхэд Алтанхуягийн заасан газраас хойд зүгт ойролцоо газрыг Батжаргал заасан. Тэгээд Батжаргалын лицензтэй гэх газар дээр ирж 2 гэр барьж тэндээ алт ухахаар болж техникүүдээ буулгасан. Тэр газар нь энэ хэрэг асуудал болж байгаа талбай юм. Бид тэнд нэг экскаватороор нь барагцаагаар 7х8м орчим хэмжээтэй талбайг ухахаар болж газар ухаж эхэлсэн. Батжаргал бид 2 буцаад Дархан луу явсан. Түүнээс хойш би тэнд хоол хүнс хүргэж өгөх, хүнээс зээлсэн мөнгөө олж авахаар 4-5 удаа ирж очсон. Ингэж очиж байхад Алтанхуяг алт гарахгүй байна техник эвдрээд байна гээд мөнгө төгрөг, алт өгч байгаагүй. Ийм байдалтай байсаар байгаад 2015 оны 8-р эхээр тарцгаасан. Ийм л асуудал үндсэндээ болсон. Хохирлыг төлж барагдуулна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Алтанхуягийн өгсөн: 2015 оны 6 дугаар сарын эхээр Дашцэрэн бид 2 Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтэний гол Цэнхэр Цөөрөм гэх газар хамтарч алт ухая гэж анх ярьж тохирсон байсан. Уурхай гаргах мөнгө босгох талаар ярьж байгаад Дашцэрэн таньдаг хүнээсээ 25 сая төгрөг зээлсэн. Энэ мөнгөөр уурхайд ашиглах дизель станц, усны насосыг нийт 15 сая төгрөгөөр хувь хүнээс зарын дагуу худалдан авсан. Мөн зарын дагуу улаан шар өнгийн экскаваторыг Улаанбаатар хотоос хувь хүнээс урьдчилгаа 4-5 сая төгрөг өгөн түрээсэлж авсан. Дашцэрэнгийн найз Хишигсүрэн бид нартай хамтарч ажиллахаар болсон. Хишигсүрэн энэ ажилд алт угаах усан буу гаргасан, мөн танилаасаа экскаватор түрээсэлсэн байсан. Ингээд 2016 оны 7 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос дээрх техникүүдийг хөлсний техник дээр ачуулаад Хонгор сумын Цэнхэр цөөрөм дээр очсон. Эхлээд бид нар миний алт ухахаар урьд нь товлосон байсан газар дээр очсон. Энэ газар нь урьд алт ухах ажлын үед эвдэгдсэн байсан юм. Тэгсэн тэр газрыг Дашцэрэн голоод хамт явж байсан найз Батжаргалынхаа заасан газарт очиж 2 гэр барьсан. Тэр газар нь миний сонгосон газраас хойш 1 км орчим зайд байсан. Тэр газар нь Хүйтэний гол дагуу байгалийн эрүүл газар байсан. Батжаргал нь тэр газарт лицензтэй гэж байсан. Тэгээд л тэр газарт нь алт ухах үйл ажиллагааг явуулсан боловч алт олоогүй. Экскаватороор нүх ухах газар шорооны ажлыг би удирдсан. Газар ухаж байхад Дашцэрэн, Батжаргал нар ирж очин явж байсан. Хишигсүрэн бид 2 тухайн уурхай дээрээ байсан. Газар ухаж байхад 2 экскаватор нь эвдрээд олигтой ажиллаагүй. Энэ хугацаанд бол усан бууг нэг удаа ажиллуулж ухсан нүхнээс гаргасан шороог угааж үзэхэд алт гараагүй. Тэгээд техник төхөөрөмж эвдрээд бид ажиллаж чадаагүй. Тэгж байсаар 2017 оны 9-р сарын эхээр бид буусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Батжаргалын өгсөн: Дашцэрэнг урьд таньдаг байсан. Би урьд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хүйтэний голд хайгуулын лицензтэй Говьрезерв ХХК-нд ажилладаг байсныг Дашцэрэн нь мэддэг байсан. 2015 оны 7-р сард наадмын өмнөхөн Дашцэрэн надаас Говьрезервийн хайгуулын талбайг заагаад өг гэхээр нь зааж өгсөн. Тэр лицензийн талбай бол хүчингүй болсон байсан. Тэр үеэр Дашцэрэн, Алтанхуяг 2 Цэнхэр цөөрөм, Хүйтэний голд алт ухахаар ярьцгаасан байсан юм байна лээ. Хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу Дашцэрэн, Алтанхуяг 2-той хамт ирсэн. Тэр 2 Хүйтэний голд алт ухаж ажиллах түрээсийн техник хайж Улаанбаатарт ирсэн. Тэгээд техник хайж байгаад буцацгаасан. Түүнээс хойш удалгүй 2015 оны 7-р сард Дашцэрэн, Алтанхуяг 2 түрээсийн техникээ олоод Хүйтэний гол руу явсан. Техникүүдээ аваад явахад нь би хамт явсан. Тэр үед Хишигсүрэн бас байсан шиг санаж байна. Эсхүл Хишигсүрэн араас ирсэн билүү ямар ч л байсан тэнд хамт байсан. Би Дашцэрэн, Алтанхуяг, Хишигсүрэн нарт урьд өөрөө алтны хайгуул хийж байсан Говьрезервийн талбайг зааж өгсөн. Би 2012 оны 8-р сард уг лицензийн газар дээр очиж хайгуулын ажил хийж ЗхЗм харьцаатай 2 метрийн гүнтэйгээр 4 нүх ухаж байсан. Тэгээд миний зааж өгсөн газар авч очсон техникүүдээр тэр өдрөө газар ухаад эхэлсэн. Би тэр оройдоо Дашцэрэнтэй хамт Дархан луу буцаад явсан. Тэрнээс хойш ойр ойрхон 2-3 удаа Дашцэрэнгийн хамт нөгөө газар дээр очсон. Очиход Алтанхуяг, Хишигсүрэн нар газар шорооны ажлыг хийж байсан. Усан буугаараа шороог угааж байсан. Тэр газраас алт авсан эсэхийг би мэдэхгүй байна. Хууль бус үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Хишигсүрэнгийн өгсөн: 2015 оны 6-р сард Алтанхуяг, Дашцэрэн 2-той Улаанбаатар хотод уулзсан. Тэр 2 надад “алтны уурхай гаргаж ажиллуулах гэж байна. Алт угаах усан буу хэрэгтэй гэж байна” гэсэн. Би хүнээс усан буу хайя гэж хэлээд салсан. Тэгээд таньдаг хүмүүс рүү ярьж хайж байгаад алт угаах усан буу болох скрубер олж түрээсэлж авсан. Дашцэрэн, Алтанхуяг хоёр 2015 оны 7-р сард наадмын урьд өдөр нь Дархан руу усан бууг бусад техникийн хамт авч явсан. Тэгээд би араас нь 1 хоногийн дараа Дархан- Уул аймгийн Хонгор сум “Цэнхэр цөөрөм, Хүйтэний гол” гэх газар очсон. Очиход Дашцэрэн, Алтанхуяг, Батжаргал нар байсан. Авч очсон техникүүдээ дөнгөж буулгаад байсан. Тэр газар нь Хүйтэний голын эрэг дээр эрүүл хөрстэй газар байсан. Тэгээд Дашцэрэн, Алтанхуяг, Батжаргал 3 тэр хавиар газар сонгож 1 экскаватороороо ухуулж эхэлсэн. Усан буугаа ухаж байгаа нүхнийхээ ойролцоо ухсан нүхнээс гаргасан шороог угаахаар байрлуулсан. Алтанхуяг тэр хавийн ажлыг зохион байгуулж нааш цааж болгож байсан. Тэгээд ухсан газрын шороог усан буугаа ажиллуулж угааж эхэлсэн. Алт ялган авч чадаагүй. Бид нарын ажил маш бүтэл муутай техникийн эвдрэл ихтэй байсан. Тэгээд санхүү хөрөнгө муугаас болж хоорондоо муудалцах асуудал гарч олигтой ажиллаж чадахгүй байсаар байгаад 2015 оны 8-р сарын сүүлчээр тэндээс буусан. Бид алт авах санаатай байсан боловч алт олоогүй. Хий дэмий зардал гаргаад таарсан. Хохирлыг төлж барагдуулна, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн өгсөн: Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, Хишигсүрэн нар хамтарч 2015 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүйтэний гол гэх газарт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Дээрх хүмүүсийн хууль бусаар ашигт малтмал олборлосон газар нь Барилга Орд ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 13331А дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай байсан нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой байна. Энэ талбай нь "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн хамгаалалтын бүст давхцалтай тул тухайн 13331А дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн байна. Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, Хишигсүрэн нарын хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 3.68 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 34 сая 154 мянга 326 төгрөг болсон. Энэ эвдэгдсэн 3,68 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 16 204 079 /арван зургаан сая хоёр зуун дөрвөн мянга далан есөн/ төгрөгийн зардал гаргахаар тооцоо гарсан байна. Экологи-эдийн засгийн үнэлгээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий “Нуман алтай” ХХК-ны Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу ажиллаж хохирлыг тооцсон байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг үйлдсэн холбогдогч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, Хишигсүрэн нараар байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай гэх мэдүүлэг /1-р хх 183-184/,

Гэрч Д.Даваадоржийн өгсөн: Хүйтэний голын 13331А дугаартай талбай нь 2010 онд манай компанийг худалдан авахад огт олборлолтод өртөөгүй байгалийн эрүүл газар байсан. Энэ газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэгтэл энэ талбай нь 2015 оны 9, 10-р сард олборлолтод өртсөн. 2015 оны 9-р сараас өмнө олборлолтод өртөөгүй. Энэ талбайд Дашка гэх нэртэй хүн ажиллаж хууль бусаар алт олборлосон. Өөр бусад хүмүүс ажилласан эсэхийг мэдэхгүй байна. 2015 оны 9-р сард талбайгаа шалгаж Хүйтэний гол дээр очиход манай 13331А лицензийн талбайд өөрийгөө Дашка гэдэг залуу 2 экскаватортай ажиллаж байсан. Нэг экскаватор нь шар, нөгөө экскаватор нь улаан хүрэн өнгөтэй байсан. Тэгээд Дашка гэгчээс яагаад ажиллаж байгаа юм гэхээр урьд нь энд ажиллаж байсан тэгээд ашиг олоогүй болохоор шархаа нөхөх гэж байна гэдэг байсан. Тэгээд би энэ газарт ажиллаж болохгүй боль гэж хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн. Дашцэрэн гэдэг биеэрхүү махлаг залуу байсан. Дашцэрэн нь ямар ямар хүмүүстэй хамтарч байгааг нь мэдэхгүй. 2015 онд энэ тусгай зөвшөөрөл бүхий талбай урт нэртэй хуульд орж хүчингүй болсон байсан. Одоо бол энэ тусгай зөвшөөрөл сэргэж байгаа гэх мэдүүлэг /1-р хх 187/,

Гэрч Г.Бямбахуягийн өгсөн: Миний бие “Барилга Орд” ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2003 оноос ажиллаж байгаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт “Бага ноён”, “Хүйтэний гол” гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй газрыг “Голден Орд” ХХК-иас худалдан авсан. “Хүйтний гол” гэх газарт 53 га талбай 13331А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 2009 оны 7-р сард “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарснаар энэ талбайг ашиглах боломжгүй болж 13331А тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Гэтэл 2015 оны 9-р сард Бага ноён гэх газарт байрлах манай бас нэг тусгай зөвшөөрлийн талбайд нинжа орсон байна гэсэн мэдээллээр явж байхад энэ талбай дээр хэсэг бүлэг хүмүүс орсон, алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Бид очоод юу болж байгаа юм бэ? хаанахын хүмүүс бэ? гэж асуухад Дашка гэх хүн хариуцдаг гэсэн. Тэгээд хариуцаж ажиллаж байгаа Дашка гэх өндөрдүү шар залуу нь тэнд байсан гэрээс гарч ирээд бидэн дээр ирээд “бид нар ямар нэг зөвшөөрөлгүй” гэж байсан. Бид нар “энд алт ухаж болохгүй нүү, манай лицензийн талбай” гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж Мөрдөн байцаах газраас ярьж хэргийн газарт шинжилгээний баг оролцуулан үзлэг хийсэн. Үзлэгт манай геологич Даваадорж оролцсон. Одоо бид нар энэ асуудал дээр ямар нэг гомдол санал гээд цааш хандах зүйл байхгүй. Энэ хэрэг дээр Байгаль орчны яамнаас хохирогч томилогдсон байгааг мэдсэн. Бид хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Яагаад гэхээр 13331А тоот тусгай зөвшөөрлийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагуу түдгэлзүүлж улсын мэдэлд шилжсэн гэх мэдүүлэг /1-р хх 189/,

Гэрч Д.Батхишигийн өгсөн: Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2014 оны 12-р сараас одоог хүртэл 1 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ ажлыг хийхээсээ өмнө Дархан-Уул аймгийн Эрэл банкны салбарт нягтлан бодогч, дараа нь Хонгор сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх газар нь Эрэл компаний охин компани болох “Барилга Орд” ХХК-ний талбай. 2009 онд батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарснаас хойш Барилга Орд компаний үйл ажиллагаа зогссон байдаг. Би 13330А, 13331А дугаартай талбайнууд юу гэдэг ямар нэршилтай газар байдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан "Барилга Орд" ХХК нь урт нэртэй хууль гарсантай холбогдуулан эвдэгдсэн талбайгаа нөхөн сэргээлт хийлгүй орхин явсан байдаг. Би 1 жил гаруй хугацаанд байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа болохоор 13330А, 13331А дугаартай 2 талбайн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Бидэнд энэ 2 талбайд хэзээнээс хэн гэгч ажилласан, газар нь яаж эвдэгдэж байсан талаар мэдээллийн сан байхгүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх 192/,

Гэрч Д.Ууганбаярын өгсөн: Би геологийн эрэл зураглал, хайгуулын инженер мэргэжилтэй. Геологийн нөөцийн дэвсгэр зураг дээр Балансовые запасы гэдгийг орчуулбал Үйлдвэрийн ашигтай гэсэн үг. Энэ хүснэгтийн эхний баганад плошадь-талбай, мошность-зузаан, торфов-хөрс, песков-элс, обьем-эзэлхүүн, средн.содерж.хим.чест-химийн хольцгүй алтны агууллага, хамгийн арын баганад запас металла-нийт алтны хэмжээг заасан байдаг гэх мэдүүлэг /1-р хх 194-195/,

Шинжээч А.Цэнд-Аюушийн өгсөн: Хүйтний гол гэх газарт хэмжилт хийсэн. Уг газар нь шинээр эвдрэлд орсон урьд уурхайлалтын үйл ажиллагаанд өртөөгүй талбай байсан. Шинээр эвдэгдсэн гэдгийг нь сансраас авсан зургийг өмнөх онуудтай харьцуулж баталгаажуулсан. Хэмжилтээр нийт 3.68 га талбай эвдэгдсэн байсан. Экологи эдийн засгийн хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу бодсон. Нийт учирсан хохирол 34 154 326 төгрөг гэх мэдүүлэг /1-р хх 249-250/,

"Нуман Алтай" ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16/9 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1. Барилга орд ХХК нь 2010 онд тус лицензийг "Голден орд майнинг" ХХК-иас шилжүүлэн авах үеийн эвдрэлийн хэмжээг 2010 оны 9-р сард авсан хиймэл дагуулын зургаас харахад Бага Ноёны амын талбайгаас /Барилга орд ХХК-ийн геологич Даваадоржийн хэлснээр/ иргэн Д.Дашцэрэн нарын үйл ажиллагаа явуулсан гэх Хүйтэний гол орчим нь эвдэгдээгүй эрүүл газар байсан байна. 2.Барилга орд ХХК нь тус талбайд иргэн Д.Дашцэрэн нарыг олборлолт явуулахаас өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. 3.Тус талбайд урьд өмнө хувиараа алт олборлогч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй, хөндөж эвдэгдээгүй, эрүүл газар байсан байна. 4.13331А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болно. Тиймээс тус талбайн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байна. 5.Иргэн Д.Дашцэрэн нарын үйл ажиллагаа явуулсан талбайд хэмжилт шинжилгээ хийж үзэхэд 3,68 га талбайтай овоолго, ухаш бүхий газар байна. 6.Голын голдирол өөрчлөөгүй бөгөөд ойн санд хохирол учруулаагүй, усан орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 14 983 536 төгрөг болсон байна. 7.Иргэн Д.Дашцэрэн нарын хууль бус үйл ажиллагаа явуулсан талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт хэмжээ нь 34 154 326 төгрөг болж байна. 8.Иргэн Д.Дашцэрэн нарын үйл ажиллагаа явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 16 204 079 төгрөгийн зардал гарах тооцоо гарч байна гэжээ /1-р хх 209-210/,

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 61-70/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 71-156/, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний 6/2491 албан тоот, хавсралт /2-р хх 57-65/, 2016 оны 3 дугаар сарын 09-ний 6/1569 албан тоот, хавсралт /2-р хх 67-68/, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны 2016 оны 3 дугаар сарын 16-ны 04/1330 албан тоот, хавсралт /2-р хх 70-97/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарын тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт хэмжээ нь 34 154 326 төгрөг гарчээ. Энэ нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол.

Шүүгдэгч нарын үйл ажиллагаа явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 16 204 079 төгрөгийн зардал гарах тооцоо гарч байна гэсэн нь хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болохоор Иргэний хуульд заасан бөгөөд нөхөн сэргээлтийн зардлыг бодит хохиролд оруулан тооцох нь учир дутагдалтай.   

 Тиймээс шүүх шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн шууд хохирлыг 34 154 326 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн 34 154 326 төгрөгийн хохирлыг задалбал эдэлбэр газарт 51 331 төгрөг, газрын хэвлийд 1 042 544 төгрөг, газрын хөрсөнд 10 970 715 төгрөг, ургамлын бүрхэвчинд 7 106 199 төгрөг, усан орчинд 14 983 536 төгрөгийн хохирол учруулсан гэж шинжээчийн дүгэлтэд тусгажээ.

Дээрх хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин,  49.5 дугаар зүйлийн 1-д зааснаар газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин, 49.5 дугаар зүйлийн 2-т зааснаар газрын хөрсөн дэх экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин, 49.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар ургамлын бүрхэвч дэх экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин, 49.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар усан орчинд экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 115 632 829 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нараас 115 632 829 төгрөг дээр нөхөн сэргээлтийн 16 204 079 төгрөгийн нэмж тооцон нийт 131 632 829 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 32 908 207 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх хохирлоос шүүгдэгч Д.Дашцэрэн 500 000 төгрөг, шүүгдэгч А.Батжаргал 2 000 000 төгрөг төлсөн тухай баримт гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул хохирлоос хасаж тооцох зүйтэй байна.  

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч  Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх 119, 146, 153/ тогтоогдож,

 Шүүгдэгч Д.Дашцэрэн нь урьд 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх 106, 109-110/ тогтоогдож байх бөгөөд энэ нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй хэдий ч хувийн байдлыг тогтоосон баримт болно.            

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, зохих хэмжээгээр төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирлоос шүүгдэгч Д.Дашцэрэн 1 900 000 төгрөг, шүүгдэгч А.Батжаргал 3 500 000 төгрөг, шүүгдэгч Ч.Хишигсүрэн 1 500 000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.Дашцэрэнгийн 32 408 207 төгрөгөөс, шүүгдэгч Ч.Хишигсүрэнгийн 32 908 207 төгрөгөөс, шүүгдэгч А.Батжаргалын 30 908 207 төгрөгөөс хасаж тооцогдон шүүгдэгч А.Батжаргалаас 27 408 207 төгрөг, шүүгдэгч Д.Дашцэрэнгээс 30 508 207 төгрөг, шүүгдэгч Ч.Хишигсүрэнгээс 31 408 207 төгрөг гаргуулах болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Таванжаргалант Диваагийн Дашцэрэн, Боржигон Жаргалсайханы Алтанхуяг, Хотгойд Алтангэрэлийн Батжаргал, Их монгол Чинбатын Хишигсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар техник тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчин түүний баялагт 34 154 326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Дашцэрэнгээс 32 408 207 /гучин хоёр сая дөрвөн зуун найман мянга хоёр зуун долоо/ төгрөг, Ч.Хишигсүрэнгээс 32 908 207 /гучин хоёр сая есөн зуун найман мянга хоёр зуун долоо/ төгрөг, Ж.Алтанхуягаас 32 908 207 /гучин хоёр сая есөн зуун найман мянга хоёр зуун долоо/ төгрөг, А.Батжаргалаас 30 908 207 /гучин сая есөн зуун найман мянга хоёр зуун долоо/  төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 00 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарт оногдуулсан 5 400 000  төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас төлсөн шүүгдэгч Д.Дашцэрэнгийн 1 900 000 төгрөг, шүүгдэгч А.Батжаргалын 3 500 000 төгрөг, шүүгдэгч Ч.Хишигсүрэнгийн 1 500 000 төгрөгийг төлбөл зохих шүүгдэгч Д.Дашцэрэнгийн 32 408 207 төгрөгөөс, шүүгдэгч Ч.Хишигсүрэнгийн 32 908 207 төгрөгөөс, шүүгдэгч А.Батжаргалын 30 908 207 төгрөгөөс хасаж тооцохыг дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дашцэрэн, Ж.Алтанхуяг, А.Батжаргал, Ч.Хишигсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ