Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 129

 

Д.Ө-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 734 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1153 дугаар магадлалтай, Д.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэгт холбогджээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-ыг “онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 12 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө- болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо  “...Шийтгэх тогтоол, магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхээс Д.Ө-ыг талийгаачид олон тооны шарх гэмтэл учруулан зодож, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзээд байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Харин онц харгис хэрцгийгээр гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсч санаатайгаар үйлдсэн байдаг. Гэтэл Д.Ө- нь өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсээгүй. Энэ нь шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд өгсөн “... намайг гарахад аав буйдан дээр хойшоо унасан чигээрээ нүүрээ 2 гараараа дараад “ёоё” гэж хэлээд байсан. Аав намайг “яв, яв” гээд байхаар нь “явлаа, явлаа” гэж уцаарлаад цээж, нүүр орчим нь 2-3 удаа цохисон. ...21 цагийн үед гараад явсан. Аавыгаа хаяад явсандаа харамсаж байна” гэх мэдүүлгүүд /1хх-76-80/, гэрч М.П, Д.Г, Э.М нарын мэдүүлгээр /1хх-68-73/ шинжээчийн 473 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-15/ зэргээр талийгаачийн амьсгалын замд цус орж амьсгал бүтэж нас барна гэж мэдэлгүйгээр аавыгаа орхиж явсан болох нь харагдаж байх тул онц харгис хэрцгийгээр бусдыг санаатайгаар хүсч алсан гэж зүйлчлэх нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг эргэлзээ бүхий дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмын дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Ө-т ашигтайгаар шийдвэрлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх 2 шинжийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Харин хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүнийг онц харгис, хэрцгийгээр алах” шинжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Ө- нь өөрийн үйлдлийн шинжийг ухамсарлан, үр дагаврыг ойлгож байсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис, хэрцгий” гэдэг шинж нь өөрөө ямар байдлаар үйлдэгдсэн нь эргэлзээ бүхий байгаа тул үүнд хууль зүйн дүгнэлт өгөөч гэж дээд шатны шүүхэд гомдол гаргасан. Гэмт хэргийн шалтгаант холбоо нь амьсгалын зам руу цус орж бүтэлтийн шалтгаанаар амь нас хохирсон. Энэ нь онц харгис, хэрцгийгээр гэдэгт шууд нөлөөлөл үзүүлэх үйл баримт, хууль зүйн үндэслэл мөн үү.  Шүүгдэгч нь өөрөө аавыгаа 3 удаа цохьчихоод гараад явсан гэдгээ хэлдэг. Тухайн үед таарамжгүй харьцаа үүсээд цохисон байдаг. Үүнийг баримтын хэмжээнд байгаагүй гэж бодож байна. Д.Ө-ыг гараад явахад аав нь амьд байсан. Тэгэхээр эрх зүйн байдалд дүгнэлт хийлгэхээр гомдол гаргасан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.Ө- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн шүүх хэргийг хэлэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн асуудал  байхгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Д.Ө-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод эцэг Б.Д-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хохирогч Б.Д-ын 91 настай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож, хамрын ясны хугарал, цус алдалт, дээд уруулын няцарсан шарх, цус алдалт, нүүр, хуйхны олон тооны шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, бугуй, бугалганд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, гэмтлийн улмаас цус амьсгалын замд орж, амьсгал бүтэж нас барсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүхүүд шүүгдэгч Д.Ө-ын гэм буруутай үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдсон, Д.Ө-ын үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болохыг нотлохын сацуу амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч амь хохирогчийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй /91 настай/ байгааг Д.Ө- ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны гэмтэл учруулж шаналган зовоосон үйлдлийн улмаас үүссэн нөхцөл байдал нь хохирогчийг үхэхэд хүргэсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

Хөнгөн гэмтлийн үр дагаварын аюултай түвшин өөр бусад шалтгаан нөхцлийн улмаас нэмэгдэж хүнд хохирол үүсэх, эсхүл үхэлд хүргэж байгаа тохиолдолд шалтгаант холбоо гадны хүчин зүйлээр тасрах бөгөөд хөнгөн гэмтэл, үхэл /эсхүл хүнд гэмтэл/-ийн хооронд шууд шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ.

Хохирогчид учирсан олон тооны гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах боловч түүний үр дагавар болсон цус алдалт нь хохирогчийн өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй байдалтай нь давхцаж үхэхэд хүргэсэн бөгөөд Д.Ө-ын эцгээ зодож буй ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, шалтгаант холбоо тасраагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар “...Д.Ө- нь “Хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдээгүй тул эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг харгалзан хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.  

“Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрхээр байдалд хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд 91 настай хохирогч дээр дурдсан олон тооны гэмтлийг авсан тохиолдолд зовж зүдрэх, шаналах, амь тэнсэх байдалд орсон нь илэрхий бөгөөд бодитой гэж үзнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд л хяналтын шатны шүүхээс уг шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй бөгөөд энэ хэрэгт тийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр шатны шүүх Д.Ө-ыг хүнийг алах гэмт хэргийг хоёр хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруу, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 734 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1153 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР