Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 142

 

“Г-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э ү” ТӨҮГазар, тус газрын Тендерийн

үнэлгээний хороонд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

       Нэхэмжлэлийн шаардлага:

“ 1. “Э ү” ТӨҮГазрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн

ТБ-114-12/1617 тоот мэдэгдэл,

2. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

3. ЭҮХХК/201904079 дугаартай ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих тендерт “Г-И” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э ү” ТӨҮГазарт даалгах,

4. Тендерийн Үнэлгээний хорооны “Г-И” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

5. “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах

6. “Э ү” ТӨҮГазрын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/1078 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ж.Э, Б.Г, өмгөөлөгч Ө.Э-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Д.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э ү” ТӨҮГазарт холбогдуулан ”Э ү” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1617 дугаар албан бичиг хүчингүй болгуулах, ЭҮХХК/201904079 дугаартай ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих тендерт “Г-И” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э ү” ТӨҮГазарт даалгах, “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр “Э ү” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа нэхэмжлэгч “Г-И” ХХК тус тус татгалзсаныг баталж, тухайн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э ү” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Г-И ХХК-ийн “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ”Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Э ү” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд “Г-И” ХХК-ийг “хамгийн сайн” тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах, “Э ү” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1078 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г-И” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалыг буруу тайлбарлан хэрэглэсэн.  

5. Магадлалын Хянавал хэсгийн 8 дахь талд “...Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар барилга угсралтын 2.1.1. тусгай зөвшөөрөл нь БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй дангаараа дүйцнэ гэсэн агуулгаар батлагдаагүй, 2.1.1. тусгай зөвшөөрлийг аль алийг нь авсан хуулийн этгээд БА-8.1 тусгай зөвшөөрлийн тавигдах шаардлагыг хангасан гэж дүйцүүлэн ойлгохоор зохицуулсан гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага шинэчлэн батлагдсанаар “Барилгын интерьерийн ажил” гүйцэтгэх этгээдэд 2.1.1. тусгай зөвшөөрөлтэй байх /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй бол/, хэрэв энэ  тусгай зөвшөөрөлгүй бол БА-8.1. тусгай зөвшөөрлийг авах шаардлага тавигдахаас  биш 2.1.1. тусгай зөвшөөрөл олгохоо больсон нь “барилгын интерьерийн ажил” гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон гэж үзэхгүй юм” гэжээ.

6. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын хавсралтаар 2 шаардлагыг дараах байдлаар дүйцүүлсэн.    

Үүнд:

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай”  11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

2.1.1. Барилгын засаг чимэглэл, интерьерийн ажил

 

Тус хүснэгтэлсэн аргачлалаар 2.1.1=БА-8.1 дангаар илэрхийлнэ. Харин 2.1.1=0 байна,  магадлалд дурдсан шиг 2.1.1+2.1.1=БА-8.1 гэсэн илэрхийлэл хаана ч байхгүй.

7. Үүнээс үзэхэд 89 дүгээр тушаалаар батлагдсан журмын 2.1.1 болон 2.1.1. тусгай зөвшөөрлүүд нэгдэж БА-8.1-д заасантай дүйцнэ гэж журамлаагүй.  Мөн 2.1.1 дангаар БА-8.1-д заасан ангиллын тусгай зөвшөөрөлтэй дүйцэж тооцогдох, 2.1.1. тусгай зөвшөөрөл дүйцэх зүйлгүй буюу цаашид тус ангилал байхгүй гэдгийг илэрхийлж байна. Үүнийг,

а. Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/3765 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг,

б. Барилгын тусгай зөвшөөрөл олгодог “М Б Ү А”-иас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн албан бичиг,

в. Барилга хот, байгуулалтын яамны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4456 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичгүүдээр журам батлан гаргасан байгууллага, тусгай зөвшөөрөл олгож хяналт тавих байгууллагууд илэрхийлсэн нь хэрэгт авагдсан. Шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчсөн. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 217 дугаар тушаалаар батлагдсан “Журам шинэчлэн батлах тухай” журмаар 2018 оны 11 дүгээр тушаалыг хүчингүй болгож тус журамд байсан БА-8.1.“Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил”  тусгай зөвшөөрлийн төрөл шинэ журмын 8-д өмнөх нэрээр хэвээр  зохицуулагдсан.

8. Иймд шүүх Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалыг батлагдсан, үйлчилж буй байдлаар бус өөрөөр тайлбарлан хэрэглэжээ. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар 2013 оны 89 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон. Дээрх журмаар “Барилгын интерьерийн ажил” гэх бие даасан тусгай зөвшөөрөл байхгүй болсон тул шүүхийн “2.1.1. тусгай зөвшөөрлийг олгохоо больсон нь “Барилгын интерьерийн ажил" гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон гэж үзэхгүй юм гэх дүгнэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгч “барилгын интерьерийн ажил”-ын тусгай зөвшөөрөлгүйгээр тус ажлыг гүйцэтгэх боломжтой гэж маргаагүй, харин Барилга, хот байгуулалтын сайдын 33 дугаар аргачлал батлагдсанаар бид автоматаар БА-8.1 “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөлтэй болсон. Хариуцагч үүнийг зөв дүгнэж дээрх байдлаар хэрэглэж шийдвэрээ гаргасангүй хэмээн маргаж байгаа.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх магадлалын Үндэслэх хэсгийн 9-р талд “...захиалагчийн тогтоосон шалгуур үзүүлэлт шаардлага нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж тендерт оролцогч үзвэл тухайн тендер нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тусгайлан заасан, нэхэмжлэгч “Г-И” ХХК-иас 2.1.1. тусгай зөвшөөрөл шаардсан нь хуульд нийцээгүй талаар өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй тул тендерийн баримт бичигтээ хүчингүй болсон 2.1.1. тусгай зөвшөөрөл тусгаж түүнийгээ үнэлсэн” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч баримт бичигт 2.1.1-ийг тусгасан нь буруу гэж маргаагүй. Харин тус тендерийн баримт бичигт  /баримт бичгийн 29 дүгээр хуудас/ ТОӨЗ-ын 6.2.а-ын тодотгол хэсэгт “Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлэн үнэлнэ” гэж заасныгаа мөрдөөгүй хэмээн маргаж байгаа болно.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д:

-Тендерт оролцогч нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг зөрчсөн.

-Тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан нөхцөл үүссэн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахаар заасан.

Хуулийн дээрх зохицуулалт тендерийн баримт бичигтэй бүх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан маргаж болно гэсэн үг биш бөгөөд зөвхөн дээрх үндэслэлээр өрсөлдөөнийг хязгаарласан бол хянуулж болохоор зохицуулжээ. Тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан болон өрсөлдөөнийг хязгаарлаж болох зөвлөгөө авахыг хориглосонтой холбоотой асуудал огт гараагүй, талууд маргаагүй атал шүүх маргаанд хамааралгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу. Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан эсхүл баримт бичиг хууль бус гэж огт маргаагүй. Харин тендерийн Үнэлгээний хороо нь оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянах явцдаа тендерийн баримт бичигтээ тусгасан холбогдох журмыг хэрэглээгүй эсхүл буруу тайлбарлан хэрэглэсэн гэж маргасан.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл бүрийг нэрлэн зааж гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хуулийн дээрх заалтуудын дагуу гомдлын үндэслэл бүрийг хэрэгсэхгүй болгож байгаа өөрийн үндэслэл, тус үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн эсэхэд хариу өгөх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулж гаргасан дараах үндэслэлүүд магадлалд огт дурдагдаагүй байна.

12. Үүнд:  Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс “Э ү” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж маргасан. “Хуульд үндэслэх” зарчим хүчин төгөлдөр үйлчилж буй хууль болон түүнд үндэслэн гаргасан хэм хэмжээний актад үндэслэсэн байхыг шаарддаг. Хариуцагч нь 2013-2018 оны хугацаанд үйлчилж байсан бөгөөд түүний шийдвэр гаргах үед хүчингүй болсон хэм хэмжээний актад үндэслэн шийдвэр гаргасан.

13. Шийдвэр гаргах үед нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний акт болох Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаал, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийн 217 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслээгүй. Хариуцагч “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг дараах байдлаар зөрчсөн. “Г-И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд 2.1.1. “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” эзэмшдэг байснаараа Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар бодит байдал дээр БА-8.1. “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон байсныг хүлээн зөвшөөрөөгүй. Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичигт “...Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл буюу барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх 2.1.1 заалт байхгүй байгаа талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”  талаар мэдэгдсэн.

14. Тухайн харилцаанд дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.12, 98.1.3-д заасан хүрээнд шийдвэрээ гаргасан. Гэтэл “Э ү” ТӨҮГ нь дээд шатны захиргааны байгууллагаас шийдвэрлэж “2.1.1 заалт байхгүй байгаа талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг” даалгасан Монгол Улсын Сангийн яамны үүргийг биелүүлээгүй, холбогдох байгууллагаас тодруулга аваагүй, ажил, үүрэгтээ хайнга хандсан. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг зөрчсөн. Шүүх дээрх үндэслэлүүдийг хүлээж аваагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зарчмуудын хяналтыг захиргааны үйл ажиллагаанд тавиагүй. Үүгээрээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчин бодит байдал дээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн ангилал төрлийг тухайн хэлбэрээр нь нэхэмжлэгчээс шаардсан шийдвэр болжээ. Иймд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны төлөөлөгчийн шүүх хуралдааны үед хэлсэн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийг хангаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болсон бөгөөд бусад шаардлагыг хангасан талаар дурдсан. Гэвч 2.1.1. тусгай зөвшөөрөл тендер зарлах үед төрийн байгууллагаас олгогдохгүй болсон бөгөөд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь 2.1.1. зөвшөөрлийг авах шаардлагагүй. Иймд “Э ү” ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Захиалагч “Э ү” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “Худалдан авах ажиллагаанд ил тод, ... үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.4. үр нөлөөтэй байх зарчмуудыг тус тус зөрчсөн “хууль бус” захиргааны акт юм. “Г-И” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлийн тендерийг шалгаруулахаас татгалзаж буй тус хууль бус үндэслэлээс бусад шаардлагыг хангаж байгаа тул нэн тэргүүнд шаардлага хангасан тендерээр шалгарах ёстой байсан.

16. Тус тендерт 2 оролцогч оролцож, манай түншлэл 29, 920, 273, 291 төгрөгийн үнийн санал илгээж, нөгөө оролцогч этгээд 29, 979, 298, 837 төгрөгийн санал ирүүлж, манай түншлэл хамгийн бага үнийн санал илгээсэн оролцогч буюу “хамгийн сайн тендер”-т  шалгарах “хууль ёсны ашиг сонирхол” зөрчигдсөн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “хууль бус актын улмаас хөндөгдсөн хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх” шаардлага гаргасан. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар магадлалыг хүчингүй болгож,  “Э ү" ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э ү ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороонд “Г-И” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хамгийн сайнд үнэлж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

18.  “Э ү” ТӨҮГ-ын зарласан “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт нэхэмжлэгч “Г-И” ХХК оролцсон боловч Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дахин үнэлгээгээр /Сангийн яамны албан бичгийн дагуу хийсэн/ тус компанийн тендерээс тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 в-д заасан уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай барилга угсралтын 2.1.1* /Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрөлгүй тул “шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх/ 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй буюу хууль ёсны талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-ын дагуу олгогдох БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил гэсэн тусгай зөвшөөрөл нь мөн сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагын 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.1. Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн ажлын төрлийг нэгтгэсэн /Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар “Аргачлал батлах тухай” тушаалаар батлагдсан/-ээс үзвэл БА-8.1 тусгай зөвшөөрөл нь 2.1.1. тусгай зөвшөөрөлтэй дангаараа дүйцнэ, өөрөөр хэлбэл 2.1.1.* тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэхээргүй байна.

20. Хэрэв БА-8.1 тусгай зөвшөөрөл нь дангаараа 2.1.1. тусгай зөвшөөрөлтэй дүйцнэ гэж ойлгох бол БА-8.1 тусгай зөвшөөрлийн ажлын төрөлд “засал чимэглэл, интерьер” гэсэн ажил орохгүй байх байсан гэж тайлбарлагдахаар байна. Иймд, “... хүснэгтэлсэн аргачлалаар 2.1.1.=БА-8.1 дангаар илэрхийлнэ... 2.1.1.+2.1.1.*=БА-8.1 гэсэн илэрхийлэл хаана ч байхгүй, шүүх аргачлалыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 33 дугаар аргачлал батлагдсанаар автоматаар БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй болсон...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

21. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд 2.1.1., 2.1.1. тусгай зөвшөөрлийн аль алиныг эзэмшиж байсан бол БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй дүйцэхээр байх тул, хариуцагч ТОӨЗ-ийн 6.2.а-ын тодотгол хэсэгт “Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлэн үнэлнэ” гэж заасныгаа мөрдөөгүй” гэж буруутгах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 9/ үндэслэлгүй.

22. Харин шүүхүүд маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хэрэглэсэн талаар энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-т заасан хяналтын гомдол үндэслэлтэй байна. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр буюу “энэ хуулийн 11.1.2-т “үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх” гэж заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан” гэсэн агуулгаар маргаагүй, харин хариуцагч холбогдох журмыг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулгаар маргасан байна.  

23. Гэтэл шүүхүүд “нэхэмжлэгч нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тусгайлан заасны дагуу тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах ёстой байтал гомдол гаргаагүй байж одоо тендерийн баримт бичигт тусгасан 2.1.1. тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь буруу, гэвч энэхүү гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг үгүйсгэхүйц үндэслэл болохгүй юм.

24. Иймээс хариуцагчийг Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “Худалдан авах ажиллагаанд ил тод, ... үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр  чөлөөтэй эрхэлж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.4. үр нөлөөтэй байх зарчмуудыг тус тус зөрчсөн “хууль бус” захиргааны акт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 12-15/ үндэслэлгүй.

25. Нэгэнт нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагч “Э ү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/ хууль ёсны тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв, иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 16-д заасан гомдлыг хангах боломжгүй юм.

26. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ