Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 112

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1819001070053 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Ц.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 сард хохирогч Б.Дын алдуул 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зарж завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,

 

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 06 сард...манай усанд зуузай тамгатай хээр морь, хүрэн морь ирчихсэн байсан...манай усанд 2-3 хоног ус ууж байгаад дахиад алга болсон...ер нь уг 2 адуу манай тэр хавиар яваад байсан.. сүүлд Б ахын адуунд нийлчихсэн явж байсан юм...2 эзэнгүй адууг зарж мөнгөтэй больё гэж бодоод ...2 адууг ...Б-тай утсаар яриад...1000000 төгрөгөөр зарахаар тохирсон...Мөөгий...Уугий гээд 2 залуу ...2 морийг ачаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 06 сарын үед манай адуунаас хээр зүсмийн ... хүрэн морь ... зуузай тамгатай ... 2 адуу... Даланжаргалан сумаас баруун тийшээ 40 орчим км “Цагаан дэл" гэх газраас алдсан юм... Тэгээд эрэл сурал болоод байсан чинь манай адуу байсан газраас зүүн тийшээ 20 орчим км газарт байдаг манай хамаатны Бгийн адуунд нийлсэн байсан гэдгийг 2017 оны 07-08 сарын үед мэдсэн...би Бтай утсаар яриад миний 2 морь танай адуунд нийлсэн байна тэрийг харж маллаж байгаарай гэж захьсан юм... 2017 оны 10 сард... Б надтай утсаар яриад танай 2 адуу чинь адуунаас алга болсон салаад явчихсан уу, яасан мэдэхгүй байна хүн амьтнаас эрж сураарай гэсэн юм...барагцаагаар 10 гаруй хоногийн дараа адуу мал авдаг Б /Баагий гэж дууддаг/ гэж залуутай утсаар яриад 2 тооны адуугаа алдсан гээд зүс тамгыг хэлсэн юм. Тэгэхэд бүртгэлээ хараад хэлье гэсэн удалгүй буцаж залгаад миний алдсан 2 тооны адууны зүс болон тамгатай нь адил 2 тооны адууг Ц.Б гэх хүн надад өгсөн байна гэж хэлсэн юм. Тэгээд би бүр сүүлд нь Бтай уулзаад Бын өгсөн 2 адууны зургийг үзэхэд миний алдсан 2 адуу мөн байсан... Бтай уулзаад би миний 2 адууг Бт зарсан байна гэхэд Б, ахаа уучлаарай би танай адуу гэж мэдсэнгүй хохирол төлбөрийг чинь барагдуулж өгнө гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай адуунд зуузай тамгатай хээр морь, зуузай тамгатай хүрэн морь... ирж нийлсэн байсан юм... 7 сарын үед... Д надтай уулзаад танай адуунд миний 2 морь нийлсэн байна, тэр 2 морийг харж маллаж байгаарай гэж захиж үлдээсэн... 10 сарын үед... уг 2 морь манай адуунаас алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дугаар хуудас/,

 

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны намар...өөрийн адуунаасаа 2 тооны адуу алдсан ...манай адуу Амгалан гэх айлын адуутай нийлсэн байхаар нь Амгаланг харж байгаарай тэгж байгаад авъя гэж захьсан байсан чинь Амгалан нь танай 2 тооны адуу алга болчихлоо гэж манай нөхөр Дд хэлсэн байсан... Баагий залгаад зуузай тамгатай 2 тооны адуу ачуулсан байна гэж хэлсэн... Жагаанаа манай адууг авч Баагий гэх ченжид зарсан гэдгээ хүлээсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны намар 09-10 сарын үед...Жагаанаа надруу утсаар яриад би адуу зарах гэсэн юм гэж хэлсэн... адуу авсанаас хойш... Д ах надруу залгаад ах нь хүрэн морь болон хээр морь алдчихлаа зуузай тамгатай гэж хэлсэн... ямар ч л гэсэн зуузай тамгатай 2 морь Б гээд залуу зарсан би бүртгэлээ харж байгаад эргээд хэлье гээд би бүртгэлээ үзэхэд Д ахын хэлсэн адууны зүстэй адилхан адууг Б зарсан байсан юм...Бын зарсан адууны зургийг үзүүлэхэд миний алдсан адуу мөн байна гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 40 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны намар 10 сарын үед...Жагаанаагийн хороон дээр...хүрэн зүсмийн, хээр зүсмийн 2 тооны адуу аваад...явсан...зуузай тамгатай адуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Дын алдуул 2 тооны адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж зарж завшсаны улмаас 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 06 сард...манай усанд зуузай тамгатай хээр морь, хүрэн морь ирчихсэн байсан. 2 эзэнгүй адууг зарж мөнгөтэй больё гэж бодоод ...2 адууг ...Бтай утсаар яриад...1000000 төгрөгөөр зарахаар тохирсон...Мөөгий...Уугий гээд 2 залуу ...2 морийг ачаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны 06 сарын үед манай адуунаас хээр зүсмийн ... хүрэн морь ... зуузай тамгатай ... 2 адуу... Даланжаргалан сумаас баруун тийшээ 40 орчим км “Цагаан дэл" гэх газраас алдсан юм... Тэгээд эрэл сурал болоод байсан чинь манай адуу байсан газраас зүүн тийшээ 20 орчим км газарт байдаг манай хамаатны Бгийн адуунд нийлсэн байсан гэдгийг 2017 оны 07-08 сарын үед мэдсэн. .... 2017 оны 10 сард... Б надтай утсаар яриад танай 2 адуу чинь адуунаас алга болсон салаад явчихсан уу, яасан мэдэхгүй байна хүн амьтанаас эрж сураарай гэсэн юм...барагцаагаар 10 гаруй хоногийн дараа адуу мал авдаг Б /Баагий гэж дууддаг/ гэж залуутай утсаар яриад 2 тооны адуугаа алдсан гээд зүс тамгыг хэлсэн юм. ::: Бтай уулзаад Бын өгсөн 2 адууны зургийг үзэхэд миний алдсан 2 адуу мөн байсан... Бтай уулзаад би миний 2 адууг Бт зарсан байна гэхэд Б, ахаа уучлаарай би танай адуу гэж мэдсэнгүй хохирол төлбөрийг чинь барагдуулж өгнө гэсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай адуунд зуузай тамгатай хээр морь, зуузай тамгатай хүрэн морь... ирж нийлсэн байсан юм... 7 сарын үед... Д надтай уулзаад танай адуунд миний 2 морь нийлсэн байна, тэр 2 морийг харж маллаж байгаарай гэж захиж үлдээсэн... 10 сарын үед... уг 2 морь манай адуунаас алга болчихсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны намар...өөрийн адуунаасаа 2 тооны адуу алдсан ...манай адуу Амгалан гэх айлын адуутай нийлсэн байхаар нь Амгаланг харж байгаарай тэгж байгаад авъя гэж захьсан байсан чинь Амгалан нь танай 2 тооны адуу алга болчихлоо гэж манай нөхөр Дд хэлсэн байсан... Баагий залгаад зуузай тамгатай 2 тооны адуу ачуулсан байна гэж хэлсэн... Жагаанаа манай адууг авч Баагий гэх ченжид зарсан гэдгээ хүлээсэн..." гэсэн мэдүүлэг, Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны намар 09-10 сарын үед...Жагаанаа надруу утсаар яриад би адуу зарах гэсэн юм гэж хэлсэн... адуу авсанаас хойш... Д ах надруу залгаад ах нь хүрэн морь болон хээр морь алдчихлаа зуузай тамгатай гэж хэлсэн... ямар ч л гэсэн зуузай тамгатай 2 морь Б гээд залуу зарсан би бүртгэлээ харж байгаад эргээд хэлье гээд би бүртгэлээ үзэхэд Д ахын хэлсэн адууны зүстэй адилхан адууг Б зарсан байсан юм...Бын зарсан адууны зургийг үзүүлэхэд миний алдсан адуу мөн байна гэсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 оны намар 10 сарын үед...Жагаанаагийн хороон дээр...хүрэн зүсмийн, хээр зүсмийн 2 тооны адуу аваад...явсан...зуузай тамгатай адуу байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч И овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх торгох ял оногдуулахаар,  шүүгдэгчийн өмгөөлөгч нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар санал тус тус гаргасныг хянаж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... би 2 адуугаа 3500000 төгрөгөөр үнэлнэ. 2 сая төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн хохирлоос 1 сая төгрөгийг нэхэмжилж байна .... ” гэсэн мэдүүлэг, хохирогчоос нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгч нь 2018.06.01-ны дотор төлөхөөр эвлэрсэн гэх бичиг, хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн шүүгдэгчийн бичиг гэх баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

 

Хэрэгт авагдсан хохирогчид мөнгө төлөхөө илэрхийлсэн гэх баримтыг хохирогч өөрийн гараар бичиж бичиг үсэг мэдэхгүй шүүгдэгчээр өмгөөлөгчийнх нь эзгүйд гарын үсэг зуруулсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2 адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.5 сая төгрөгийн хохиролоос илүү буюу 2 сая төгрөгийг хохирогч авсан атлаа үндэслэлгүйгээр дахин 1 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдлыг шүүх шинжлэн судлаад хохирогчийн 1 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Ц.Б -г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд холбогдуулан гаргасан хохирогч Б.Дын 1000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД