Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/44

 

 2018            06             25                                                 2018/ДШМ/44

 

                     Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 1819001070053 дугаартай, 1 хавтас 91 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Дорноговь аймгийн ....сумын 3 дугаар  багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их хонгор овогт Цэрэнпилийн Б /РД:ЕВ85111812/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгүдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан  сумын нутаг дэвсгэрт байрлах, хохирогч Б.Дын алдуул 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зарж завшсаны улмаас 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их хонгор овогт Цэрэнпилийн Бд холбогдох эрүүгийн 1819001070053 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлээгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурортой ял тохиролцсоны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг шүүхийн шатанд хязгаарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтыг дурдаж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд ...гучин гуравдугаар бүлэгт заасныг баримтлахгүй гэж хуульд заасан байхад энэ заалтыг дурдаж, шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль нь улсын бүртгэлд бүртгэлгүй, номер авч байгаагүй, уг мотоцикль нь үрэгдэж одоо байхгүй болсон нь хэрэгт авагдсан гэрч Д.Мөнхтогтох, Ц.Бат-Амгалан, шүүгдэгч Ц.Б нарын мэдүүлгээр тогоогддог бөгөөд шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй талаар ЭХХШТХуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зохицуулсан. Шүүгдэгч Ц.Бын хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа тохиролцож эвлэрсэн тухай баталгаа гаргасан, шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож торгуулийн ял оногдуулах санал гаргаж өгнө үү гэж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхэд шилжүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дын адуу 6 сард алдагдсан, Бат-Амгалангийн адуунд байсныг шүүгдэгч Б мэдээгүй. Зүйлчлэлийн хувьд үйл явдалтайгаа тохирч байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захирамжаар мотоциклийн асуудлыг зааж өгсөн байгаа. Энэ мотоцикл нь эвдрээд байхгүй болчихсон. Гэтэл энэ мотоциклийн эзэмшил, бүртгэлийг тодруул гэж буцааж, шүүгдэгч Бын эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгчийн хувьд хохирлыг үнэлгээнээс илүү төлчихсөн,  хохирогч, шүүгдэгч нар хоорондоо тохиролцоод гэрээ байгуулчихсан. Ийм байхад заавал хулгайгаар зүйлчлэх үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ц.Дын 2 адууг гэрч Ц.Бат-Амгалангийн адуунд нийлсэн гэдгийг мэдсэн...талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна...” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгчээс “...хохирогч Ц.Дын 2 адууг гэрч Ц.Бат-Амгалангийн адуунд нийлсэн гэдгийг мэдсэн” гэсэн шүүхийн дүгнэлт хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Бын мэдүүлгээр тогтоогдохгүй байх төдийгүй шүүгдэгч Ц.Быг “хохирогчийн 2 тооны адуу гэдгийг мэдэж байсан” гэж хохирогч болон гэрчүүдээс мэдүүлээгүй байх ба шүүгдэгчийг мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах буюу гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу прокуророос мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг бүрэн хянаж шалган хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА