Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 113

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч М.Д, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М.Д, Р овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1819001100075 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Г овогт М.Д

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд ял шийтгэлгүй, Р овогт С.Б

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б, М.Д нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг Муу заваг гэх газар М.Дын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж улсад 19 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй. Гэр махгүй болоод хулан алсан.  гэв,

 

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс өөр ярих зүйл байхгүй. хүнсэнд хэрэглэх гэж махтай болно гээд хулан агнасан гэв,

 

Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сард ... би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг Баар унуулж өөрийн эзэмшлийн Дробинка маркийн буу аваад үнэг алах зорилготой Хөвсгөл сумын 1 дүгээр багийн Муу заваг гэх газраар явсан юм. Бид хоёрыг явж байхад эхлээд 3 тооны хулан таарсан бид хоёр тухайн хулан байсан газрыг өнгөрч урагшаа хяр даваад давхиж байтал нэг тооны хулан урдуур давхиад гараад ирэхээр нь Б бид хоёр энэ хуланг алж үнэгний сэг гаргая гэж ярилцаад араас нь тууж би хулангийн хүзүүн тус газарт нь буудаж алсан. Тэгээд Б бид хоёр тухайн хулангийн гэдэс дотрыг нь гаргаад үнэгний сэг үлдээгээд явсан.  Б бид хоёр хуланг алж үлдээгээд үнэг махыг нь идэхээр ирэхэд нь алах зорилготой байсан юм......" гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сард М.Д бид хоёр Дын эзэмшлийн улсын дугааргүй мотоцикльтой Дробинка маркийн бууг нь аваад үнэг алах зорилготой Хөвсгөл сумын 1 дүгээр баг Муу заваг гэх газраар явсан. Тухайн үед үнэг таараагүй бөгөөд замд 3 тооны хулан адуу байсан тухайн хулан адууг өнгөрөөгөөд явж байтал нэг тооны эр хулан урдуур давхисан. Д бид хоёр хоорондоо үнэг таарахгүй байгаа юм чинь энэ хуланг алаад үнэгний сэг гаргая гэж хоорондоо ярилцаад би мотоцикльтой тухайн хулан адууг тууж Д буудаж алсан. ... Бид хоёрт хулан агнах тусгай зөвшөөрөл байгаагүй... " гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хулан адууны араг яс мөн байна туурай болон арьсаараа танигдаж байна... Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаартай тогтоолоор ховор амьтны жагсаалтанд багтсан байдаг мөн засгийн газрын 2011 оны 23 дугаартай тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээ нь 9,700,000 төгрөгөөр үнэлдэг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан байдаг... Манай улсад хулан адууг эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор зөвхөн тусгай зөвшөөрлөөр барих буюу агнаж болно. Харин бусад тохиолдолд хориотой... Би тухайн амьтны нөөцөд учирсан хохирол болох 19,400,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3562 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд 16 калибрийн ЗХУ-д 1966 онд үйлдвэрлэсэн, гол төмөр А18076 замаг А18076 онгоц мод К72074 гэсэн дугаартай, ан агнуурын зориулалттай ИЖ-17 загварын дробинка бууг ирүүлсэн байна. Дээрх буугаар буудлага үйлдэнэ..." гэжээ /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөвсгөл сумын 3 дугаар багийн иргэн М.Д, С.Б нь 2017 оны 11 дүгээр сард нэг тооны хулан адууг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээлэлд иргэн М.Д, С.Б нарт холбогдуулан 2018 оны 04 сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн 181900110 дугаартай хэрэг нээн шалгаж эхэлсэн ба уг хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажлаар 2018 оны 04 сарын 17-ны өдөр олон нийтийн цагдаа Н.М хамтаар албаны мотоциклиор Хөвсгөл сумаас зүүн урагшаа 42 километрийн зайтай нутгийн ардын нэршиж заншсанаар Муу заваг гэх газарт иргэн М.Даар замчлуулаад очсон юм. Тэр үед М.Д нэг амьтны араг ясан дээр авчирсан. Тэр яс нь тослогтож шороо дараад харласан амьтны яс байсан. Түүнийгээ иргэн М.Д нь миний буудаж алсан хулангийн яс энэ мөн гэж өөрөө зааж өгсөн түүнийг нь би гэрэл зургийн аргаар бэхжүүлж аваад мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны яс нь тухайн хэргийн материалд байгаа 2, 3, 4, 6, 7 дугаар зурагнуудтай харьцуулан үзвэл тус яс нь Адууны овгийн адууны төрөлд хамаарах хулан адуу яс мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн ясаар тодорхойлоход хангалтгүй байсан учир хэргийн материалд байсан 3, 4, 6 дугаар зурагнуудтай харьцуулан тодорхойлсон болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаартай тогтоолын хавсралтанд: “...Хулан адуу 9,700.000 төгрөг..." гэжээ /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Монгол Улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтанд: “ ховор амьтны жагсаалт ...7. Хулан адуу..." гэжээ. /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6- 8 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89-90/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б, М.Д нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг Муу заваг гэх газар М.Дын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж улсад 19 400 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сард ... нэг тооны хулан урдуур давхиад гараад ирэхээр нь Б бид хоёр энэ хуланг алж үнэгний сэг гаргая гэж ярилцаад араас нь тууж би хулангийн хүзүүн тус газарт нь буудаж алсан. Тэгээд Б бид хоёр тухайн хулангийн гэдэс дотрыг нь гаргаад үнэгний сэг үлдээгээд явсан.  Б бид хоёр хуланг алж үлдээгээд үнэг махыг нь идэхээр ирэхэд нь алах зорилготой байсан юм......" гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сард ... нэг тооны эр хулан урдуур давхисан. Д бид хоёр хоорондоо үнэг таарахгүй байгаа юм чинь энэ хуланг алаад үнэгний сэг гаргая гэж хоорондоо ярилцаад би мотоцикльтой тухайн хулан адууг тууж Д буудаж алсан. Бид хоёр тухайн хулангийн гэдэс дотрыг нь гаргаж үнэгний сэг үлдээгээд явсан... Бид хоёрт хулан агнах тусгай зөвшөөрөл байгаагүй... " гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хулан адууны араг яс мөн байна туурай болон арьсаараа танигдаж байна... манай улсад хулан адууг эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор зөвхөн тусгай зөвшөөрлөөр барих буюу агнаж болно. Харин бусад тохиолдолд хориотой... Би тухайн амьтны нөөцөд учирсан хохирол болох 19,400,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3562 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд 16 калибрийн ЗХУ-д 1966 онд үйлдвэрлэсэн, гол төмөр А18076 замаг А18076 онгоц мод К72074 гэсэн дугаартай, ан агнуурын зориулалттай ИЖ-17 загварын дробинка бууг ирүүлсэн байна. Дээрх буугаар буудлага үйлдэнэ..." гэжээ, Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн М.Д нь миний буудаж алсан хулангийн яс энэ мөн гэж өөрөө зааж өгсөн түүнийг нь би гэрэл зургийн аргаар бэхжүүлж аваад мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн ..." гэсэн мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны яс нь тухайн хэргийн материалд байгаа 2, 3, 4, 6, 7 дугаар зурагнуудтай харьцуулан үзвэл тус яс нь Адууны овгийн адууны төрөлд хамаарах хулан адуу яс мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн ясаар тодорхойлоход хангалтгүй байсан учир хэргийн материалд байсан 3, 4, 6 дугаар зурагнуудтай харьцуулан тодорхойлсон болно...” гэсэн дүгнэлт, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаартай тогтоолын хавсралтанд: “...Хулан адуу 9,700.000 төгрөг..." гэжээ, Монгол Улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтанд: “ ховор амьтны жагсаалт ...7. Хулан адуу..." гэжээ, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Б, М.Д нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Г овогт М.Д, Р овогт С.Б нарыг ховор амьтан буюу хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Б, М.Д нарт холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, галт зэвсэг өмчлөх эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналуудыг тус тус гаргасан ба шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн ч хохирол төлөхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхзориг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ би тухайн амьтны нөөцөд учирсан хохирол болох 19400000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна” гэсэн тул шүүгдэгч С.Б, М.Д нараас тус бүр  9700000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 19 400 000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хулангийн ясыг устгаж, шүүгдэгч М.Дын эзэмшлийн гол төмөр А18076 замаг А18076 онгоц мод К72074 гэсэн дугаартай, ан агнуурын зориулалттай ИЖ-17 загварын дробинка бууг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Дын эзэмшлийн 50 тооны эм хонь, 100 тоны эм ямааг өрхийн амьжиргааны эд зүйл гэж үзэн буцаан олгож, улсын дугааргүй 400000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт М.Д, Р овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтан буюу хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч М.Дыг 1 / нэг / жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч С.Б, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нараас тус бүр 9700000 / есөн сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 19400000 / арван есөн сая дөрвөн зуун мянга / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хулангийн ясыг устгаж, шүүгдэгч М.Дын эзэмшлийн гол төмөр А18076 замаг А18076 онгоц мод К72074 гэсэн дугаартай, ан агнуурын зориулалттай ИЖ-17 загварын дробинка бууг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Дын эзэмшлийн 50 тооны эм хонь, 100 тоны эм ямааг битүүмжлэлээс чөлөөлж буцаан олгосугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Дын улсын дугааргүй 400000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, М.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД