Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/61

 

  2018            10             03                                                2018/ДШМ/61

 

М.Д, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Д, С.Б нарт холбогдох, эрүүгийн 1819001100075 дугаартай, 1 хавтас, 175 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ............. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ....... сумын 3 дугаар баг, ............. гэх газарт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Г........... овогт М-ийн  Д / ЕМ84...........11/,

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн .........  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн .........сумын 3 дугаар баг, ........ гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Р… овогт С-ийн  Б /ЕМ88.....9/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч С.Б, М.Д нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн ....... сумын 3 дугаар баг ........гэх газар М.Д-ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклиор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улсад 19 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г....овогт М-ийн Д, Р... овогт С-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтан буюу хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 1 жил хорих ялаар, шүүгдэгч М.Д-ыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч С.Б, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нараас тус бүр 9700000 төгрөг, нийт 19400000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хулангийн ясыг устгаж, шүүгдэгч М.Д-ын эзэмшлийн гол төмөр А18076 замаг А18076 онгоц мод К72074 гэсэн дугаартай, ан агнуурын зориулалттай ИЖ-17 загварын дробинка бууг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Д-ын эзэмшлийн 50 тооны эм хонь, 100 тоны эм ямааг битүүмжлэлээс чөлөөлж буцаан олгож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Д-ын улсын дугааргүй 400000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, М.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэгт хэрэг бүртгэлт явуулахдаа мөрдөгч У нь ЭХХШТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж явуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн харьяаллын тухай өмгөөлөгч тодорхой дурдсан болно. Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч нарын өөрийн эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн. Мөн хавтаст хэрэгт байгаа хэн авсан нь үл мэдэгдэх фото зураг, шинжээчийн 26 дугаар дүгнэлтийг үндэслэсэн. Шинжээч .. хэргийн материалд байгаа зургийг харьцуулж Хулан адууны яс мөн гэсэн. Шинжээч Хулан адууны яс болохыг зөвхөн толгой, туурайгаар тодорхойлох боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл фото зургаар тодорхойлсон дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй хуульд заасан хэргийн бодит байдал нотлох баримтаар тогтоогоогүй байхад гэм буруутай гэж үзэж ял шийтгэл ногдуулсанд гомдолтой. Хэрэгт хураагдан ирсэн

гэх буу, Хулан адууны яс зэргийг шинжлэн судлаагүй бөгөөд энэ уут саванд байгаа гэж харуулсан болно. Анхан шатны шүүхийн оногдуулсан ял нь гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, хор хохиролд тохироогүй байна гэж үзэж байна. Энэ хүмүүс ялаа биеэр эдлэхээс гадна эдийн засгийн асар их  хохирол амсч байгаа. Энэ бүгдийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Шүүгдэгч нар төлбөрийг төлье гэсэн боловч анхан шатны шүүх хохирлыг яаж төлөх нь тодорхойгүй, хохирлыг төлөөгүй байна гээд ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчөөс харьяалал зөрчсөн гэсэн асуудал яригдаж байна. Хэрэг Хөвсгөл сумын Муу заваг гэдэг газар үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харьяаллыг зөрчөөгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн гэж гомдолд дурдсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гээд заачихсан, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогддог учраас шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Дараагийн нэг асуудал нь хавтаст хэрэгт авагдсан зургийг хэн авсан нь тодорхойгүй, Мягмаржав гэдэг туслах нь авсан гэдэг зүйлийг ярьж байна. Хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн тасгийн мөрдөгч Уужимзаяа гэдэг хүн хийсэн байдаг. Энэ хүн хэргийн газрын үзлэгийг хийгээд өөрийн гар утсаараа зургийг авсанаа хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан байдаг. Үүнийг хуульд заасан журмаар олж аваагүй нотлох баримт гэж үзэх боломжгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэд Мягмаржав зураг авлаа гэсэн үг үсэг байдаггүй. Нотлох баримтаар авах тухай прокурорын зөвшөөрөл аваагүй гэдэг асуудал яригдаж байна. Хавтаст хэргийг үзэх юм бол 2018.05.11-ний өдрийн мөн 2018.07.03-ны өдрийн зөвшөөрлүүд байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэдэг зүйлийг ярьж байна. Шинжлэх ухааны академийн биологийн тасагт Хулангийн яс мөн эсэх талаар өмгөөлөгч хүсэлт тавьсны дагуу дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь өөрөө Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар тухайн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ийм дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэхээр нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай цугларсан, үүний дагуу анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу 1 жилийн хорих ял оногдуулсан байдаг. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн Амьтны тухай хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар Хулан адуу нь ховор амьтны жагсаалтанд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Амьтны тухай хуульд зааснаар ховор амьтны жагсаалтанд орсон экологи, эдийн засгийн үнэлгээгээр нь 2 дахин төлүүлэхээр хуульд хуульчилсан байдаг. Тиймээс шүүгдэгч нараас 19400000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр шүүгдэгч нараас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн энэ байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Д, С.Б нарыг  ховор амьтан буюу Хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жилийн хорих ял оногдуулж, ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолын ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлын дагуу хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлууд, хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байсан зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг, Муу заваг гэх газарт 1 тооны Хулан адууг агнах тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 37-38, 65-68/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8, 114/, гэмт хэрэгт хэрэглэсэн бууны талаарх шинжээчийн дүгнэлт /хх-50, 54/, эд мөрийн баримтаар хураагдсан яснууд нь Хулан адууных болохыг шинжилж тогтоосон Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт /хх 117-118/,  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 тоот тогтоолоор тогтоосон ховор амьтны жагсаалт, ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх 69-71/,   мөрдөн шалгах ажиллагааг явуулсан Хөвсгөл сумын хэсгийн төлөөлөгч Д.Уужимзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-107/зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 17-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацааны дотор хэргийг мөрдөн шалгасан, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт харъяалагддаг талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нутаг дэвсгэрийн харъяалал зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2018 оны 04 дүгээр сарын 16-нд мөрдөгч хэргийн газарт үзлэг хийж, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр бэхжүүлэн тэмдэглэл үйлдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан мөрдөгчийн энэ ажиллагаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3, 4-р зүйлүүдэд зааснаар мөрдөгчийн бие даан мөрдөх ажиллагаа хийх эрхэнд хамааралтай байна.

Хэрэгт шүүгдэгч нарын хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг дээр дурдсан бусад нотлох баримтаар давхар батлагдан тогтоогдсон тул шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль ёсны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх дан ганц шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж тэднийг гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлгүй.

Хулангийн ясыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг шаардагдсан мэргэжлийн байгууллага болох Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч нар гаргасан, өөрөөр тодорхойлох боломжгүй учир түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзнэ.

Иймээс эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах болон прокурорын шатанд хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийн эд мөрийн баримт болох буу, яс зэргийг хуралдааны оролцогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар танилцуулж, шинжлэн судлаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-156/-ээс харагдаж байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байгаа ба цаашид анхан шатны шүүх энэхүү ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийх нь зүйтэйг магадлалд тэмдэглэв.

Шүүгдэгч М.Д, С.Б нар  үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн нь яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан, үүнд үндэслэн яллагдагч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байсан зэрэг нөхцөл байдлууд нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” нөхцлийг хангасан байх тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэх, учруулсан хохирлоо төлөх хугацааг нь шүүхээс тогтоож өгөх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тэнсэгдсэн хүний хохирол төлөх хугацааг шүүх тогтоохоор заасан тул  энэхүү хохирлыг нөхөн төлөх нийт хугацааг 5 жилээр тогтоож, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын ял хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1 жил хорих ял, шүүгдэгч М.Дыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй “ гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2, 2.1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  шүүгдэгч С.Б, М.Д нарт мэдэгдсүгэй.” гэж,

5 дугаар заалтын  “Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нараас тус бүр 9700.000 /есөн сая долоон зуун мянга/  төгрөг, нийт 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б, М.Д нараас тус бүр 9700.000 /есөн сая долоон зуун мянга/  төгрөг, нийт 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, энэхүү төлбөрийг шүүгдэгч нараар  5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай“ гэж өөрчилж, 9 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хангаж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Д, С.Б нар нь  тус бүр 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нарыг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС