Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01630

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01630

 

 

 

Т.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01584 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.К ХХК-ийн хариуцагч К.Т.И- т ХХК-д холбогдуулан гаргасан хэрэглээний зардалд 3 484 522 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнгэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тухай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тухай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, УБЦТ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээнүүд байгуулан ажиллаж байна.

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны байруудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд тус хотхоны 102 дугаар байрны подволь, программын кодонд 41 дүгээр байрны 100 тоотод К.Т.И т ХХК нь үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгч юм. К.Т.И т ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Аж ахуйн гэрээг байгуулан үйлчилгээ авсаар байгаа бөгөөд уг гэрээний 4.1-т зааснаар ашиглалтын төлбөрөө сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ус, дулааны төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй манай компанийг хохироосоор нийт 17 сарын ус, дулааны төлбөрийн нийт төлбөр 2 155 559 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Аж ахуйн гэрээний 4.1-т хэрэглэгч нь төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан тул тус компанийн төлбөл зохих алдангийг тооцоход 4 478 573 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн 1 161 507 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд К.Т.И т ХХК-аас 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны цэвэр ус, дулаан, бохир ус татан зайлуулах төлбөрт 2 323 015 төгрөг, алданги 1 161 507 төгрөг, нийт 3 484 522 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К.Т.И т ХХК-аас 2018 оны Т ХХК-ийн Төрийн банкны 102100003201 тоот дансанд тус ажлын байрны болон бусад байрны халаалт халуун усны төлбөрт 8 867 363 төгрөгийг төлсөн бөгөөд уг төлбөрийн НӨАТ-ын дүн болох 806 123.91 төгрөгийн бичилтээ авахыг Т ХХК-ийн байцаагч болон нягтланд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу шилжүүлэн өгөөгүйн улмаас манай компани Баянгол дүүргийн татварын албанд өглөг үүсэж алданги дахин тооцуулаад байгаа болно. Нэхэмжлэлд К.Т.И т ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал ус дулааны ашиглалтын төлбөрт 2 155 559 төгрөгийн өглөгтэй гэж заасан боловч алдангийг 2 323 015 төгрөгөөс 50 хувиар тооцож 1 161 507 төгрөгөөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

К.Т.И т ХХК нь аж ахуйн нэгжийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байтал гэрээ дууссан хугацаанд төлбөр болон алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үүдэн бидний хооронд маргаан үүсэж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн тул нэхэмжлэлийн дүнгээс алданги гэх 1 116 507 төгрөгийг чөлөөлж, тус нэхэмжлэлд дурдсан ус дулааны 2 155 559 төгрөгийн төлбөрөөс манай НӨАТ-ын төлбөрийн авлага болох 806 123 төгрөгийг хасаж нийт 1 349 435 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг хариуцагч К.Т.И т ХХК-аас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 2 155 559 төгрөг, алданги 1 077 779 төгрөг, нийт 3 233 338 гаргуулан нэхэмжлэгч Т.К ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 251 184 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 703 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Т.И т ХХК-аас 66 683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.К ХХК-нд олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлж чадаагүй, нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч тал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2, 10.3 дахь заалтуудыг зөрчин хариуцагч талыг удаа дараа хохироосон нь тодорхой байтал НӨАТ-н бичилт өгөөгүйгээс болж хуримтлагдсан ус дулааны төлбөрт алданги тооцсоныг хүлээн зөвшөөрч алданги төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг дахин хянаж хариуцагч талд оногдуулсан 1 077 779 төгрөгийн алдангиас бүрэн чөлөөлж, тэмдэгтийн хураамжийн 30 417 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Т.К ХХК нь хариуцагч К.Т.И т ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 484 522 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Аж ахуйн гэрээ нэртэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, Т.К ХХК нь хэрэглэгчийг цэвэр усаар хангаж, бохир шингэнийг татан зайлуулах, дулаан эрчим хүчээр хангаж, тухайн барилгын ашиглалтыг хэвийн байлгаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Комфорт таун инвест ХХК нь сар бүрийн 15-ны өдрийн дотор нэхэмжлэлд заагдсан хэмжээгээр төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх6-7/ Гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагч компанийн нэр өөрчлөгдсөн нь гэрээний талуудын шаардах эрх, хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй учир нэхэмжлэгч Т.К ХХК, хариуцагч К.Т.И т ХХК-ийн хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч К.Т.И т ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин алданги тооцсон үндэслэлд маргасан байна.

Талууд гэрээний 4.1-д төлбөрийн хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0.5 хувиар алдангийг хангагчид төлөхөөр тохиролцжээ. /хх6/ Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсгийн хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ. Зохигчид гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцон, алданги төлөх үүрэг үүснэ.

Хэргийн баримтаар хариуцагч К.Т.И т ХХК нь гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээ авсан төлбөрөөс 1 511 913 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 643 646 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, тооцооны нэхэмжлэх зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-37-53/ Иймээс гэрээний хугацааны биелүүлээгүй үүргээс алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, бичгээр гэрээ байгуулаагүй хугацааны үүрэгт алданги тооцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлбол бичгээр байгуулсан гэрээний хугацааны үүрэгт 1 511 913 төгрөг, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг 50 хувиар тооцвол 755 957 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойшхи /2019.12-2020.03 сар дуустал/ ашиглалтын зардалд 643 646 төгрөг, нийт 2 911 516 төгрөг төлөхөөр байна.

Харин нэхэмжлэгч тал НӨАТ-ын буцаалтыг өгөөгүй учир уг 806 123 төгрөгийг дээрх үүрэгт тооцон хасуулна гэх хариуцагчийн татгалзал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01584 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3 233 338 гэснийг 2 911 516 гэж, 251 184 гэснийг 573 006 гэж, 2 дахь заалтын 66 683 гэснийг 61 534 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД