Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/01584

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/01584

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БГД-ийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр подвольд байрлах “Т к” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: БГД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Э ө ч, 00 тоотод байрлах “К т и” ХХК-нд /РД:0000000/-д холбогдох,

 

Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 2,323,015 төгрөг, алданги 1,161,507 төгрөг, нийт 3,484,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т к” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тухай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тухай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус сувгийн удирдах газартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-г “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “УБЦТ” ТӨХК-тай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээнүүд байгуулан ажиллаж байна.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд БГД-ийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” хотхоны байруудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд тус хотхоны 000 дугаар байрны подволь, программын кодонд 00 дүгээр байрны 000 тоотод “К т и” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгч юм. “К т и” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай компанитай “Аж ахуйн гэрээ”-г байгуулан үйлчилгээ авсаар байгаа бөгөөд уг гэрээний 4.1-т зааснаар ашиглалтын төлбөрөө сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ус, дулааны төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй манай компанийг хохироосоор нийт 17 сарын ус, дулааны төлбөрийн нийт төлбөр 2,155,559 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бидний хооронд байгуулагдсан “Аж ахуйн гэрээ”-ний 4.1-т хэрэглэгч нь төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан тул тус компанийн төлбөл зохих алдангийг тооцоход 4,478,573 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн 1,161,507 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд “К т и” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цэвэр ус, дулаан, бохир ус татан зайлуулах төлбөрт 2,323,015 төгрөг, алданги 1,161,507 төгрөг, нийт 3,484,522 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К т и” ХХК-аас 2018 оны “Т к” ХХК-ийн Төрийн банкны 000000000000 тоот дансанд тус ажлын байрны болон бусад байрны халаалт халуун усны төлбөрт 8,867,363 төгрөгийг төлсөн бөгөөд уг төлбөрийн НӨАТ-ын дүн болох 806,123.91 төгрөгийн бичилтээ авахыг “Т к” ХХК-ийн байцаагч болон нягтланд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу шилжүүлэн өгөөгүйн улмаас манай компани Баянгол дүүргийн татварын албанд өглөг үүсэж алданги дахин тооцуулаад байгаа болно.

Нэхэмжлэлд “К т и” ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг дуустал ус дулааны ашиглалтын төлбөрт 2,155,559 төгрөгийн өглөгтэй гэж заасан боловч алдангийг 2,323,015 төгрөгөөс 50 хувиар тооцож 1,161,507 төгрөгөөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчид компанитай “К т и” ХХК нь аж ахуйн нэгжийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байтал гэрээ дууссан хугацаанд төлбөр болон алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үүдэн бидний хооронд маргаан үүсэж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн тул нэхэмжлэлийн дүнгээс алданги гэх 1,116,507 төгрөгийг чөлөөлж, тус нэхэмжлэлд дурдсан ус дулааны 2,155,559 төгрөгийн төлбөрөөс манай НӨАТ-ын төлбөрийн авлага болох 806,123 төгрөгийг хасаж нийт 1,349,435 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т к” ХХК нь хариуцагч “К т и” ХХК-нд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний төлөгдөөгүй өр 2,323,015 төгрөг, алданги 1,161,507 төгрөг, нийт 3,484,522 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Т к” ХХК нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үүрэг хүлээсэн, “К т и” ХХК нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байдал болон хариуцагч 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөөгүй байдалд талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13-т “хэрэглэгч усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх” үүрэгтэй гэж тус тус заасан, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдалд хариуцагч маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

              

Нэхэмжлэгчийн гаргасан тооцооны нэхэмжлэх баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сард 183,697 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 172,317 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 158,876 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 163,356 төгрөг, 2019 оны 03 дугаар сард 181,277 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард 176,437 төгрөг, 2019 оны 05 дугаар сард 82,848 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 17,820 төгрөг, 2019 оны 07 дугаар сард 17,820 төгрөг, 2019 оны 08 дугаар сард 17,820 төгрөг, 2019 оны 09 дүгээр сард 17,820 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 160,912 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 160,912 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 160,912 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 160,912 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 154,971 төгрөг, 2019 оны 03 дугаар сард 166,852 төгрөг, нийт 2,155,559 төгрөгийн үйлчилгээний төлбөрийн тооцоо гарсан байна.  

 

Зохигчийн байгуулсан гэрээний 4.1-т үйлчилгээний төлбөрийг сар тутам тухайн сарын 15-ны дотор нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна. Төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг хангагчид төлнө гэж заасан байна. Талуудын алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д тус тус заасан шаардлагыг хангаж байна. Харин алдангийн хэмжээг тооцоход 2,323,014 төгрөг байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 1,077,779 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч “К т и” ХХК-аас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний төлөгдөөгүй өр төлбөрт 2,155,559 төгрөг, алданги 1,077,779 төгрөг, нийт 3,233,338 гаргуулан нэхэмжлэгч “Т к” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 251,184 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “К т и” ХХК нь “К т и ” гэх оноосон нэрээ өөрчилж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивын лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /хэргийн 64 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг хариуцагч “К т и” ХХК-аас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 2,155,559 төгрөг, алданги 1,077,779 төгрөг, нийт 3,233,338 гаргуулан нэхэмжлэгч “Т к” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 251,184 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,703 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К т и” ХХК-аас 66,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т к” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ