Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2018/00717

 

 

 

 

 

 

 

 

 

Ган хийц ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ган хийц ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох

Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хөрөнгө оруулалтын зардал 19 957 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөгч Ч.Однасангийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батчулуун

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмгөөлөгч: А.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.  

Нэхэмжлэгч Ган хийц ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ган хийц ХК нь Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил болж байна. Тус компани нь 2012 он 4 дүгээр сарын 01-ний өдөр 001/12 тоот Эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г Сонгинохайрхан дүүргийн Тамгын газартай /дарга Эрдэнэчулуунтай/ 5 жилийн хугацаатай байгуулан ашиглалтгүй орхигдсон тус дүүргийн 7-р хорооны хуучин барилгыг Хүүхэд залуучуудын компьютерийн сургалтын төвийн зориулалтаар ашиглахаар тохиролцсон. Тухайн үед хорооны хуучин барилга нь ашиглалтад орсноос хойшхи 10 гаруй жилийн хугацаанд ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй, шинэ цогцолбортоо шилжин орсны дараагаар ямар ч харуул хамгаалалтгүй орхигдсоноос хуучин барилга тоногдож, эвдэрсэн байсныг ажилтнууд болон орчны иргэд сайн мэдэж байгаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай эд хөрөнгийн түрээсийн гэрээг нэгэнт байгуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад хорооны хуучин барилга ашиглах боломжгүй болсон байсан нь нийтэд илэрхий байсан. Хорооны барилгыг ашиглах хүсэлтийг Дүүргийн засаг захиргааны байгууллагад гаргаж байсны хувьд засварт шаардагдах хөрөнгийн хэмжээний талаар турхайн үеийн дүүргийн засаг даргад албан бичгээр мэдэгдэж байсны хувьд гэрээний дагуу хорооны хуучин барилгад 21 000 000 төгрөгийн засвар хийж,үйл ажиллагаа явуулан гэрээний дагуу түрээсийн төлбөрийг Тамгын газарт төлж байсан.

Гэтэл цэцэрлэгийн барилга барих Төр захиргааны байгууллагын шийдвэр гарсныг түрээслэгчийн хувьд хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн. Харин их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн маргаан бүхий уг барилгыг түрээслэгч компанид урьдчилан мэдэгдэхгүйгээр нурааж, түрээслэгчид хохирол учрууллаа. Анх гэрээ байгуулах үед Нийсэлийн өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулах талаар манай компанийн зүгээс Дүүргийн Тамгын газрын даргад мэдэгдэхэд хорооны барилга нь дүүргийн өмч, энд бүртгэлтэй нийслэлд хамааралгүй. Нийслэлийн өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн учраас манай компанийн хувьд Дүүргийн Засаг даргын Тамгын газартай эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул манай компанийн хувьд гурвалсан гэрээ байгуулаагүй гэдэгт гэм буруугүй гэж үзэж байна...тус компани тухайн үед буюу 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 100 дугаар албан бичгээр түрээслэсэн эд хөрөнгөнд 13 628 278 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаар мэдэгдэж, зохих зөвшөөрөл авч өгөхийг хүсэж байсан болно. Их засвар хийхгүйгээр уг барилгыг ашиглах боломжгүй байсныг дүүрэг, хорооны удирдлагууд бүгд мэдэж байснаас гадна манай компаниас 7-р хорооны хуучин барилгын гадна талыг дулаалж тоосголж засвар хийсэн талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын танилцуулгад тусгагдсан байгаа юм.

Уг барилгын блансын үнэ 66 815 000 төгрөг болтлоо өссөн нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг оруулж тооцохгүйгээр ийм үнэлгээнд хүрэх учиргүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьд бодит байдлаар хөрөнгө оруулалтад 19 957 890 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг 19 957 890 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаартай шийдвэрээр Ган хийц ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны барилгад 32 600 000 төгрөгийн хөрөнгө оруулсан асуудлыг зохих дүрэм журмын дагуу баталгаажуулаагүй, баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр баталсан магадлал хүчин төгөлдөр байгаа болно. Иймд хөрөнгө оруулалтын асуудлыг дахин шүүхээр хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна: Ган хийц ХК нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн 001/12 тоот гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 3-р зүйлийн 3.3-д...түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах,хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна.

Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсаны дараа буцаан авах эрхгүй...гэж заасан байна. Ган хийц ХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулаагүй. Тухайн барилгад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл Нийслэлийн өмчийн харилцааны газраас аваагүй болно. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ цуцалсаны дараа буцаан авах эрхгүй гэж заасан нөхцлийг гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул нэхэмжилж буй хөрөнгө оруулалтыг буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Ган хийц ХК-ийн нэхэмжилж буй 19.957.800 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ган хийц ХК нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай 001/12 тоот дүүргийн Эд хөрөнгө түрээсийн гэрээ байгуулан 7 дугаар хорооны хуучин барилгыг түрээслэсэн Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30-р тогтоолоор түрээслэж байсан барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 тоот захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/383 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны өрхийн эмнэлгийн барилга байгууламжийг акталж,данс бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна. Түрээслэгч нь гэрээний 3.3-т заасны дагуу түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах,хөрөнхгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлуулан Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсаны дараа буцаан авах эрхгүй. Мөн гэрээний 9.3.а-д түрээслэгч нь түрээслэж буй эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг түрээслэгчийн зөвшөөрөлгүй өөрчлөхийг хориглон дээрх нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнөцуцлахаар зохицуулсан байна . Гэвч Ган хийц ХК-ийн гэрээний 3.3-т заасны дагуу бус өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалт хийсэн,тухайн хөрөнгө оруулалт хийсэн зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 100 тоот албан бичгээр мэдэгдсэн гэх боловч гэрээ байгуулснаас өмнө хүргүүлсэн юм билээ. Тэгэхээр бидэнд мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 12 983 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ган хийц ХКомпанид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 974 350 төгрөгийг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох Хөрөнгө оруулалтын зардал 19 957 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ган хийц ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 740 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас улсын тэмдэгтийн хураамжид 222 686 64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөгч Ч.Однасан давж заалдах гомдолдоо: Шүүх Ган хийц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, зохигчид хоорондоо маргалдаагүй түрээсийн гэрээ байгуулсан асуудалд дүгнэлт хийж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ган хийц ХХК-тай байгуулсан 2011, 2012 оны Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үндсэн нэхэмжлэлд хамааралгүй асуудлыг шүүх санаачилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр боллоо.

Дээрх түрээсийн гэрээ нь цаг хугацааны хувьд 7 жилийн өмнөх тухайн үед биелэгдээд хугацаа нь дууссан гэрээ тул ач холбогдлоо алдсан байна. Мөн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар шийдвэрт уг хохирлын асуудлыг Ган хийц ХХК-нь Нийнслэлийн Засаг даргаас бус Сонгинохайрхан дүүргээс шаардах боломжтой гэж эрхийг нь нээж өгсөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгааг шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай.

Дээр дурдсан захиргааны шүүхийн 587 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны барилгыг НИТХ-ын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор акталж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн А/275 дугаар захирамжаар данс бүртгэлээс хасч шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах тухай Ган хийц ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр үйлчилж байх бөгөөд уг шийдвэрт Ган хийц ХХК-нь хөрөнгө оруулалтаа баталгаажуулаагүй болон 11.8 сая төгрөгийн хөрөнгөө буцаан авч явсан зэрэг хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад шүүх уг хөрөнгө оруулалтын асуудлыг дахин авч хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзнэ.

Нийслэлийн Засаг даргын -ын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг журамд зааснаар хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авч хянаж баталгаажуулах бүртгэх ажиллагааг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлж гүйцэтгэх журамтай мөн Ган хийц ХХК -нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт уг хөрөнгө оруулалтын талаар огт хандаагүй, улмаар уг хөрөнгө оруулалт нь баталгаажаагүй болно.

Энэ үндэслэлээр Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Ган хийц ХХК-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцах, гэрээний тал биш учир үүнээс үүдэн гарсан хохирлыг тус тус хариуцах эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ган хийц ХХК хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдуулан хөрөнгө оруулалтын зардалд зарцуулсан 19 957 890 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ган хийц ХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 10-15/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүргийнхээ 7-р хорооны барилгыг Ган хийц ХХК-д 2011, 2012 онуудад түрээслэн Дүүргийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэсэн, Засгийн газрын 2001 оны 134 тоот Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээслэгчийг сонгон шалгаруулна гэсэн заалтуудыг зөрчсөн, түрээслэгчийг сонгон шалгаруулсан гэх баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хүчин төгөлдөр бус хэлцэл, түүний үр дагавартай холбоотой харилцаанд хариуцлага хүлээлгэх этгээдийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв. Уг түрээсийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байсны улмаас тухайн түрээслэж байсан үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийж зардал гарч байсан гэж үзнэ. Энэ нь хэрэгт авагдсан СХД-ийн 7-р хорооны хуучин барилга хүлээлцсэн тухай акт-д Цаашид ашиглахын тулд бүрэн засвар хийх шаардлагатай гэж бичигдсэн, мөн нэхэмжлэгч компанийн 2011 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж 13 628 278 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай талаарх албан бичиг хүргүүлж байсанд хариуцагч маргаагүй байхын зэрэгцээ, хэргийн 121-136 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Ган хийц ХХК нь түрээсийн байранд нийт 19 957 890 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх санхүүгийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гэрээний дагуу түрээсийн төлбөр болон ажилчдын ажлын хөлс, бусад зардлуудыг хасч, 12 983 540 төгрөгийн хэмжээнд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас нэхэмжлэгчид 12 983 540 төгрөгийн хохирол бодитойгоор учирсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Ган хийц ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Дүүргийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-нүүдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг арилгах хүрээг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар хариуцах үндэслэлтэй байжээ. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 тоот тогтоолоор түрээслэж байсан 7-р хорооны хуучин барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар, Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 тоот Хөрөнгө бүртгэлээс хасах тухай захирамж гарч Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны хуучин барилгыг буулгах шийдвэр гарсан ба уг барилга нь тус дүүргийн Засаг даргын тамгын газрын балансад бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 103-105/

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч Ган хийц ХХК-ийн хувьд түрээслэж байсан барилгад зардал гаргасан гэх үйл баримт тогтоогдсон боловч уг зардлын улмаас Нийслэлийн өмчийн харилцааны газрын эд хөрөнгийн байдал сайжирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12 983 540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ган хийц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 974 350 төгрөгийг болон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас гэснийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Д.ЦОГТСАЙХАН