Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01167

 

 “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00202 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 717 дугаар магадлалтай

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

С, Нт тус тус холбогдох

хөрөнгө оруулалтын зардал 19 957 890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуун, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгаланбаяр, өмгөөлөгч А.Нарантуяа, хариуцагч С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХК нь Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил болж байна. Тус компани нь 2012 он 4 дүгээр сарын 01-ний өдөр 001/12 тоот “Эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г Стай /дарга Этай/ 5 жилийн хугацаатай байгуулан ашиглалтгүй орхигдсон тус дүүргийн 7-р хорооны хуучин барилгыг Хүүхэд залуучуудын компьютерын сургалтын төвийн зориулалтаар ашиглахаар тохиролцсон. Тухайн үед хорооны хуучин барилга нь ашиглалтад орсноос хойших 10 гаруй жилийн хугацаанд ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй, шинэ цогцолбортоо шилжин орсны дараагаар харуул хамгаалалтгүй орхигдсоноос хуучин барилга тоногдож, эвдэрсэн байсныг ажилтнууд болон орчны иргэд сайн мэдэж байгаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай эд хөрөнгийн түрээсийн гэрээг нэгэнт байгуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад хорооны хуучин барилга ашиглах боломжгүй болсон байсан нь нийтэд илэрхий байсан. Хорооны барилгыг ашиглах хүсэлтийг Дүүргийн засаг захиргааны байгууллагад гаргаж байсны хувьд засварт шаардагдах хөрөнгийн хэмжээний талаар тухайн үеийн дүүргийн засаг даргад албан бичгээр мэдэгдэж байсны хувьд гэрээний дагуу хорооны хуучин барилгад 21 000 000 төгрөгийн засвар хийж,үйл ажиллагаа явуулан гэрээний дагуу түрээсийн төлбөрийг Тамгын газарт төлж байсан.

Гэтэл цэцэрлэгийн барилга барих Төр захиргааны байгууллагын шийдвэр гарснаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн уг барилгыг түрээслэгч компанид урьдчилан мэдэгдэхгүйгээр нурааж, түрээслэгчид хохирол учрууллаа. Анх гэрээ байгуулах үед Нтай гурвалсан гэрээ байгуулах талаар манай компанийн зүгээс Дүүргийн Тамгын газрын даргад мэдэгдэхэд хорооны барилга нь дүүргийн өмч, энд бүртгэлтэй нийслэлд хамааралгүй. Нтай гурвалсан гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн учраас манай компанийн хувьд Дүүргийн Засаг даргын Тамгын газартай эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул манай компанийн хувьд гурвалсан гэрээ байгуулаагүй гэдэгт гэм буруугүй гэж үзэж байна. Тус компани тухайн үед буюу 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 100 дугаар албан бичгээр түрээслэсэн эд хөрөнгөнд 13 628 278 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаар мэдэгдэж, зохих зөвшөөрөл авч өгөхийг хүсэж байсан болно. Их засвар хийхгүйгээр уг барилгыг ашиглах боломжгүй байсныг дүүрэг, хорооны удирдлагууд бүгд мэдэж байснаас гадна манай компаниас 7-р хорооны хуучин барилгын гадна талыг дулаалж тоосголж засвар хийсэн талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын танилцуулгад тусгагдсан байгаа юм.

Уг барилгын блансын үнэ 66 815 000 төгрөг болтлоо өссөн нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг оруулж тооцохгүйгээр ийм үнэлгээнд хүрэх учиргүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьд бодит байдлаар хөрөнгө оруулалтад 19 957890 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг 19 957 890 төгрөгийг С болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаартай шийдвэрээр “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны барилгад 32 600 000 төгрөгийн хөрөнгө оруулсан асуудлыг зохих дүрэм журмын дагуу баталгаажуулаагүй, баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр баталсан магадлал хүчин төгөлдөр байгаа болно. Иймд хөрөнгө оруулалтын асуудлыг дахин шүүхээр хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Г” ХК нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Стай дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн 001/12 тоот гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 3-р зүйлийн 3.3-д ...түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна.

Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй ...гэж заасан байна. “Г” ХК нь Нтай гэрээ байгуулаагүй. Тухайн барилгад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл Нийслэлийн өмчийн харилцааны газраас аваагүй. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан нөхцөлийг гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул нэхэмжилж буй хөрөнгө оруулалтыг буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр “Г” ХК-ийн нэхэмжилж буй 19 957 800 төгрөгийг Н хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХК нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Стай 001/12 тоот дүүргийн “Эд хөрөнгө түрээсийн гэрээ” байгуулан 7 дугаар хорооны хуучин барилгыг түрээслэсэн. Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30-р тогтоолоор түрээслэж байсан барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 тоот захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/383 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны өрхийн эмнэлгийн барилга байгууламжийг акталж, данс бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна. Түрээслэгч нь гэрээний 3.3-т заасны дагуу түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлуулан Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй. Мөн гэрээний 9.3.а-д түрээслэгч нь түрээслэж буй эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг түрээслэгчийн зөвшөөрөлгүй өөрчлөхийг хориглоно. Дээрх нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар зохицуулсан байна. Гэвч “Г” ХК нь гэрээний 3.3-т заасны дагуу бус өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалт хийсэн зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 100 тоот албан бичгээр мэдэгдсэн гэх боловч гэрээ байгуулснаас өмнө хүргүүлсэн юм билээ. Тэгэхээр бидэнд мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00202 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 12 983 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХКомпанид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 974 350 төгрөгийг болон Ст холбогдох “Хөрөнгө оруулалтын зардал 19 957 890 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 740 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас улсын тэмдэгтийн хураамжид 222 686.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 717 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С газраас 12 983 540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 974 350 төгрөгийг болон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас гэснийг хариуцагч С газраас” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй Н, Ст холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 717 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, мөн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Хоёр шатны шүүх хуулийг дараах байдлаар буруу хэрэглэж, тайлбарласан.

1. “Г” ХК болон С нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” № 001/12 байгуулсан. Уг гэрээний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар 7-р хорооны хуучин барилгыг түрээслэгчийн эзэмшилд, харин “Г” ХК түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид харилцан шилжүүлсэн буюу талууд үүргээ гэрээнд заасны дагуу, сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсэн. Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/383 дугаартай тушаалаар тус барилгыг акталж данс бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн тул талууд гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг буюу зохигч нарын хооронд байгуулсан гэрээг Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг зөрчиж сонгон шалгаруулаагүй гэх үндэслэлээр хууль зөрчиж байгуулсан гэрээ тул хүчин төгөлдөр бус гэх. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээтэй холбоотой тухайн байрыг хөрөнгө оруулалтын зарцуулсан зардлыг нэхэмжилж байхад нэхэмжлэгчийн гаргаагүй буюу маргаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх талаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлж түүнд холбогдох баримтыг өөрөө цуглуулах үүргийг хүлээдэг байтал шүүх санаачлагаараа түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хууль зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулсан гэрээтэй маргаагүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримталж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гэж нэхэмжлэлийг хангаж байгаа нь шүүхийн санаачлага байгаа гэдгийг илэрхийлж байна.

2. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх С түрээсийн гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 11, 37 дугаар зүйлд заасны дагуу түрээслэгч байгууллагыг сонгох үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу дээрх харилцааг тус хуулиар зохицуулахаар байна. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны актыг тухайн захиргааны акт гаргасан байгууллага, түүний дээд шатны байгууллага эсхүл Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгохоор заасан байна. Гэвч тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх С газрыг хууль зөрчиж хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгч талаас гэрээтэй холбоотой асуудлаар хөрөнгө оруулалтын зардал гэх мөнгийг нэхэмжлэх боловч хавтаст хэрэгт байгаа бараа материал худалдан авсан баримт нь тухайн объектод зарцуулсан гэх үйл баримтын талаарх нотлох баримт байхгүй, тухайн зарцуулсан гэх 12 983 540 төгрөг зарцуулсан нь тодорхойгүй. Учир нь тухайн байрын засварт хэдий хэмжээний барилгын материал орох боломжтой эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч талаас нотлоогүй, үүнийг нотлох шинжээчийн дүгнэлт, эсхүл бусад баримт байхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С газрын итэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

“Г” ХК нь С, Нт тус тус холбогдуулан түрээслэсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн зардлыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Н “...гэрээ байгуулаагүй тул зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагч С “...Гэрээний заалтыг зөрчиж, түрээслүүлэгчээс зөвшөөрөл авалгүй хөрөнгө оруулсан үндэслэлээр зардлыг хариуцахгүй...” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Г” ХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01,  2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Стай “Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулж, тус дүүргийн 7 дугаар хорооны байрыг компьютер сургалтын төвийн зориулалтаар, 5 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр , түрээсийн байранд 19 957 890 төгрөгийн хөрөнгөөр засвар, үйлчилгээ хийж, үйл ажиллагаагаа явуулж байхад нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 тоот тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/275 захирамжаар “7 дугаар хорооны барилгыг...” Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нт зөвшөөрч, ...батлагдсан төсөвт багтаан буулгахыг ...даалгаж”,  Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 олны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Барилга байгууламж бүртгэлээс хасах тухай” А/389 тоот тушаалаар “...данс бүртгэлээсээ хасахыг Ст зөвшөөрсөн...”  шийдвэр гарч, барилгыг нураасан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 12 983 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Ст холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, дээрх зардлыг С газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ

“Г” ХХК нь түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийсэн зардлыг нэхэмжилсэн бөгөөд шаардлагын үндэслэл нь С, Г ХХК-ийн хооронд 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 001/12 дугаартай “Дүүргийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийх, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхийг хянах учиртай.

Гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд шаардах эрх үүсэх тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Иймд “...хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэл гаргаагүй байхад  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Түрээсийн гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хуучин барилга нь Нийслэлийн өмчид бүртгэлтэй, төрийн өөрийн өмч байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг ...Засгийн газар тогтооно.”  гэж, Засгийн газрын 2001 оны 134 тоот тогтоолын 1.8.-д “...Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийн сонгон шалгаруулна” гэж зохицуулжээ.

С нь “Г” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзэн хэцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирлыг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй тул “Г” ХХК түрээслэсэн эд хөрөнгөд оруулсан зардлыг хохиролд тооцож, С газраар хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Н нь гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч С газрын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 717 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч С улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД