Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00040

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

хариуцагч *******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33.953.446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Ц.Буянхишиг, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь ХААН Банкны Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21 999 800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр 10 айлын нийтийн орон сууц барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, иргэн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 сард Монголд орж ирсэн мөнгөлөг өнгөтэй Hyundai sonata 6 маркын 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 07 сард Монголд орж ирсэн, улаан өнгөтэй daewoo matiz маркын 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 5.2.1-т зааснаар сар бүрийн 24-ний өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 664.000 төгрөгийг 5090459530 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 5.2.2-т зааснаар зээлийн төлбөр, бусад төрлийн харилцах дансны гүйлгээ, дотоод гадаадын төлбөр тооцоогоо Хаан банкаар дамжуулан гүйцэтгэх 5.2.3-т зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн ашиглалтанд Банкнаас хяналт тавих бүхий л бололцоогоор хангах, 5.2.5-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/161 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 6 454 014 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 273 759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23 412 төгрөг, нийт 18 751 185 төгрөг төлсөн байна. Зээлдэгч *******, ******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь ХААН банкны Орхон салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх *******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх *******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 4.2.2-т зааснаар сар бүрийн 08-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 656 300 төгрөгийг 5094070200 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.4-т зааснаар зээлийн төлбөр, бусад төлбөр тооцоогоо Банкаар дамжуулан гүйцэтгэх, 4.2.11-д зааснаар Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолодолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр байгуулсан ЗГ14/683 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 7 251 451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 217 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 614 төгрөг нийт 10 481 679 төгрөг төлсөн байна. Зээлдэгч *******, ******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 860 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: Зээлдэгч *******, ******* нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах. 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 545 786 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 975 828 төгрөг нийт хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн төлбөр 25 129 993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 748 549 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 586 793 төгрөг нийт өрхийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 8 823 453 төгрөг гаргуулах, нийт 2 зээлийн зээл, хүүгийн төлбөр 33 953 446 төгрөг гаргуулах,

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 327 720 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжийн хөлс 22 500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м.кв хувийн сууц, Г-2101003155 тоот улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247,4 м.кв хувийн сууц, Г-2101013276 тоот улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21 999 800 төгрөгөөс нийтдээ 18 751 185 төгрөг төлсөн байгаа. Энэ төлсөн мөнгөний 12 273 75 төгрөгийг зээлийн хүүнд аваад 6 454 014 төгрөгийг үндсэн зээлд авсан байна. Энэ нь бидэнд маш их хохиролтой байсан. Банк өөрөө дансанд байгаа мөнгийг аваад ингэж хүүнд авчихдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энд ямарч байсан нийт төлвөл зохих 39 895 467 төгрөгөөс өмнө төлсөн 18 751 185 төгрөг дээр нэмээд 5 000 000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8 823 453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8 823 453 төгрөг нэхсэн байна, үүнийг зөвшөөрөхгүй. Ийм их мөнгө үлдсэн байх ёсгүй. Дахин тооцоо хийж үлдэгдэл мөнгийг төлнө. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15 777 685 төгрөг төлөх ёстойгоос 10 481 679 төгрөг төлсөн. Одоо 5 296 006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14 000 000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн. Тийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны *******, ******* нартай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас тус бүр 16 987 973 төгрөг гаргуулан ******* Төв тооцооны төвд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот 46.75 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 163.860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх хурал болдог өдөр хариуцагч ******* би нялх хүүхдээ айлд орхиод хоцроод ирэхэд шүүх хурал эхэлсэн байсан. Шүүх намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийхээр хэтэрхий яарсан гэж бодож байна. Хаан банк 2017 оны 12 сарын 21-нд шүүхэд нэхэмжлэл өгөөд 2018 оны 01 сарын 31-нд шүүх хурал хийсэн.Бид өмгөөлөгч авч баримт бүрдүүлж шүүх хуралд орно гэж байтал гэнэт хурал зарлаад бидэнд өөрсдийгөө хамгаалах ямар боломж олдоогүй. Бид ийм их мөнгө төлөх ёсгүй. Хаан банк хэтэрхий давуу байдал гаргаж бидний төлсөн мөнгийг дандаа хүүд тооцон авдаг байснаас болж ийм их өрөнд орсон. Биднээс барьцаа хөрөнгийг минь зарж борлуулах итгэмжлэл аваад гэрээ зогссон гэсэн мөртлөө хүү тооцоод байсан байна лээ.

Шүүхийг үнэнийг олдог газар шударгаар асуудлыг шийддэг гэж бодсон. Гэтэл банкны талд үйлчиллээ. Бид бол амьдрах гэж зүтгэж яваа залуу хүмүүс. Олсон орлогоо дансандаа хийчихээр банк хүү гэж аваад л нөгөө зээл нь тэр хэвээрээ байгаад л байдаг хүү нэмж тооцоод л байдаг, ийм хууль байдаг юм уу. Бидний төлсөн мөнгийг хүү гэж тооцож авчихаад барьцаа хөрөнгийг чинь зарж өрийг чинь төлнө гэж итгэмжпэл хийлгэж авчихаад яаж ингэж хүний амьдралыг сүйрүүлж чаддаг байнаа. Бүх хөрөнгийг минь авах юм бол бид яаж амьдрах юм бэ. Үхэхээс өөр арга зам байхгүй болно ш дээ. Хэрэв барьцаа хөрөнгийг чинь зараад өрийг чинь дарна, зээлийн хүүг зогсоолоо гээгүй бол бид өөрсдөө хашаа байшингаа авч үлдээд бусдыг нь зараад өрнөөс гарах л байсан.Энэ асуудлыг банк шүүхээс нуусан байна. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. Бид шүүхэд баримт гаргаж өгч өр төлбөрөө шударгаар шийдүүлэхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 33.953.446 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.

Хариуцагч *******, ******* нар нь *******ын тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 21.999.800 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийг *******гийн өмчлөлийг V-2101011878 дугаарын бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг 33 дугаар гудамж 22 тоот 46,75 м2 бүхий хувийн сууц, 500 м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалан, мөн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай барьцаанд Д.Анужингийн өмчлөлийн V-2101097192 дугаарын улсын бүртгэлтэй Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8-б гудамж 24 тоотын 247.4 м2 бүхий хувийн сууц, 370 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалан өрхийн хэрэглээний зээл зэргийг авсан байх ба хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 18.751.185 төгрөг төлсөн, өрхийн хэрэглээний зээлд 10.481.679 төгрөг төлсөн, зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй банк гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдлүүд хүргүүлж байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр Хаан банкны хариуцагч *******, ******* нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж *******, ******* нар нь бидний төлсөн мөнгийг хүүнд тооцож авдгаас ийм их өртэй болсон гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзал тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн байх тул шүүх хуралдаанд оролцуулаагүй өөрсдийгөө хамгаалах боломж олгоогүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ