Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00934

 

ХБ ХХК-ийн О салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэртэй,

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалтай, 

ХБ ХХК-ийн О салбарын нэхэмжлэлтэй

Д.О-, Б.Д- нарт холбогдох, 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33.953.446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.О-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн О салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Д.О-, Б.Д- нар нь ХБны О салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21.999.800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөхөөр хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлийн барьцаанд Б.Д-гийн өмчлөлийн О аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгөтэй Hyundai sonata 6 маркийн 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй daewoo matiz маркийн 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 5.2.1-т зааснаар сар бүрийн 24-ний өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 664.000 төгрөгийг 5090459530 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 5.2.2-т зааснаар зээлийн төлбөр, бусад төрлийн харилцах дансны гүйлгээ, дотоод гадаадын төлбөр тооцоогоо ХБаар дамжуулан гүйцэтгэх 5.2.3-т зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн ашиглалтанд Банкнаас хяналт тавих бүхий л бололцоогоор хангах, 5.2.5-т зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/161 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 6.454.014 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.273.759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23.412 төгрөг, нийт 18.751.185 төгрөг төлсөн. Зээлдэгч Д.О-, Б.Д- нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зээл буцаан дуудах мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна.

Мөн зээлдэгч Д.О-, хамтран зээлдэгч Б.Д- нар нь ХБны О салбараас 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.О-/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, О аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.О-/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, О аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь ЗГ14/683 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үүнд үндсэн зээлд 7.251.451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.217.614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.614 төгрөг нийт 10.481.679 төгрөг төлсөн. Зээлдэгч Д.О-, Б.Д- нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 860 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд зээлдэгч Д.О-, Б.Д- нартай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15.545.786 төгрөг, хүү 8.608.379 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975.828 төгрөг, нийт 25.129.993 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс зээл 4.748.549 төгрөг, хүү 3.488.111 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586.793 төгрөг, нийт 8.823.453 төгрөг, бүгд 33.953.446 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамж 327.720 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22.500 төгрөгийн хамт гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О-, Б.Д- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21.999.800 төгрөгөөс нийтдээ 18.751.185 төгрөг төлсөн байгаа. Энэ төлсөн мөнгөний 12.273.75 төгрөгийг зээлийн хүүнд аваад 6.454.014 төгрөгийг үндсэн зээлд авсан байна. Энэ нь бидэнд маш их хохиролтой байсан. Банк өөрөө дансанд байгаа мөнгийг аваад ингэж хүүнд авчихдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энд ямар ч байсан нийт төлбөл зохих 39.895.467 төгрөгөөс өмнө төлсөн 18.751.185 төгрөг дээр нэмээд 5.000.000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8.823.453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8.823.453 төгрөг нэхсэнийг зөвшөөрөхгүй. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15.777.685 төгрөг төлөх ёстойгоос 10.481.679 төгрөг төлсөн. Одоо 5.296.006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14.000.000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн. Тийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-, Б.Д- нараас тус бүр 16.987.973 /арван зургаан сая есөн зуун наян долоон мянга есөн зуун далан гурав/ төгрөг гаргуулан ХБ ХХК-ийн О салбар төв тооцооны төвд олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.О-, Б.Д- нарт холбогдох ХБ ХХК, Д.О-, Б.Д- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Д-гийн өмчлөлийн О аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Анужингийн өмчлөлийн О аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.720 /гурван зуун хорин долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 163 860 /нэг зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-ийн О салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалаар О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч талаас шүүх хурал дээр гаргаж өгсөн 2 ш хэн бичсэн нь тодорхойгүй гар бичмэл, банкны ажилтны тодорхойлолт гэх тамга тэмдэггүй бичиг зэрэгтэй танилцаад нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргахад шүүгч үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан мөртлөө уг баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40, 10 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн шүүгч нэхэмжлэгч талд илтэд талтай хандаад байгаа байдлыг харагдаад байсан тул түүнийг татгалзахад шүүгч зөвлөлдөх тасалгаанд оролгүй шууд татгалзалыг хүлээж авахгүй гээд хурлаа үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх заалтыг зөрчсөн юм. Шүүх талуудыг эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэх талаар асуугаагүй. Үүгээрээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ыг зөрчсөн. Зээлдэгч Б.Д- нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ХБны эдийн засагч Д.Энхжаргалд барьцааны хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэл өгсөн. Түүнээс хойш бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрсөний дараа гэнэт зээл төлөх мэдэгдэлийг өгсөн. Зээлдүүлэгч банкны эдийн засагч зээлийг төлүүлэхийн тулд барьцаа хөрөнгийг худалдаж зээлийг төлөх үүргийг өөртөө шилжүүлж авсан тул зээлдэгч нарын банкны өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэстэй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу. Энэ нэг жилийн дотор зээл төлөхийг шаардаагүй. Барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийг хаахаар итгэмжлэл авсан банк хүү авах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нь яаж тооцоолж нэхэмжлэлийн үнийг дүнг тодорхойлж байгаагаа шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрх зүйн үндэслэл бүхий тооцоолол байдаггүй. Төлүүлэхээр шаардаад байгаа мөнгөний тооцоог гаргасан үндэслэлээ шүүхэд тайлбарлаж чадахгүй учраас шүүх бас тооцоолж чадаагүй. Манай банк хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ийм дүрэм журам байдаг, үүний дагуу тооцсон юм шүү гээд түүнийгээ шүүхэд ирүүлээгүй учраас хугацаа хэтэрсэн зээлийн хүү нэмэгдүүпсэн хүүгийн тооцоо үнэн зөв эсэхийг шүүх шалгаж үзэх боломжгүй байсан. Тийм учраас шүүх нэхэмжлэлийг шууд хангахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх учрыг нь олохыг хүсээгүй. Банк Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дараалпыг зөрчиж зээлдэгч нарын хугацаа хэтрүүлж төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар тусгай дансанд байршуулж байсан нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчсөн байхад шүүх үүнийг анхааралгүй орхисон. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хууль зүйн талаас нь үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Хариуцагч тал нь зөвхөн үндсэн зээлийг төлнө, харин хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, банк өөрөө барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлнө гээд бүтэн 1 жил болгож өөрсдөө хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа. Энэ нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗП161 дугаартай зээлийн гэрээгээр 21.999.800 төгрөг зээлж авсан. Тэд нийтдээ 18.751.135 төгрөг төлсөн. Банк энэ мөнгөний 12.273.759 төгрөгийг зээлийн хүүд, үндсэн зээлд 6.454.014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23.412 төгрөгийг тооцож авсан байна. Харин 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ14\683 дугаартай зээлийн гэрээгэзр 12.000.000 төгрөг зээлж 10.481.679 төгрөг төлжээ. Банк үүнээс үндсэн ззэлд 7.251.451 төгрөг, хүүд 3.217.614 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 12.614 төгрөг тооцож авсан байна. Хугацаа хэтэрсэн гээд л төлсөн бүх мөнгөний ихэнхийг нь хүүд авсаар зээлдэгч нарыг их хэмжээний өрөнд оруулсан байдаг. Зээлдэгч нарын тооцоогоор одоо төлөх зээлийн үлдэгдэл нь 24.975.948 төгрөг гэж тооцож байна. Ингэж тооцвол барьцаа херөнгийг худалдан борлуулж төлөхийг зөвшөөрч байгаа юм. Банк өөрөө нэхэмжлэлийн үндэслэл болох тооцоогоо тодорхойлж ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлүүлэх боломжтой юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь УДШ-ийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын заалтыг биелүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, үүрэг гүйцэтгэгчийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн зөрчлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг зохигчийн хооронд үүссэн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О-, Б.Д- нар ХБ ХХК-ийн О салбарын төв тооцооны төвөөс эхлээд 21.999.800 төгрөгийг 60 сарын хугацаатай, сард 2.2 хувийн хүүтэй, сард тогтмол 664.000 төгрөг төлж, төлбөрийг дуусгах нөхцөлтэй зээлж, үндсэн зээлд 6.454.014 төгрөг, зээлийн хүүд 12.273.759 төгрөг төлж бусад үүргээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биелүүлээгүй байна. Хоёрдох гэрээгээр 12.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сард 2.3 хувийн хүүтэй, сар бүр тогтмол 656.300 төгрөг төлөх нөхцөлтэй зээлж, үндсэн зээлд 7.251.451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.217.614 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.614 төгрөг, нийт 10.481.679 төгрөг төлж, бусад үүргээ 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш мөн гүйцэтгээгүй байна.

Иймд шүүх 2 удаагийн зээлийн гэрээний үүргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч тооцоолсны дагуу хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Б.Д- 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг худалдах, бэлэглэх, хөлслүүлэх, түрээслэх, арилжих, барьцаанд бариулах зэрэг эрхийг төвийн эрхлэгч Д.Энхжаргалд 1 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон боловч энэ итгэмжлэл олгосноор хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хэргийн баримтаас үзвэл дээрх итгэмжлэлийн дагуу банк зээлийн барьцааны зүйлийг худалдах санаачилга гаргасан хэдий ч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй, үүнийг хариуцагч нар мэдэж байсан, түүнчлэн хариуцагч нарт удаа дараа зээлийг эргэн төлөх, гэрээг цуцлах шаардлага хүргүүлж байсан нь тогтоогдсон тул барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хаагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарьт зааснаар зээлдэгч нарын сар бүр тогтмол төлөх төлбөрийн хэмжээ нь зээлийн хүү, үндсэн зээлээс бүрдэж байх бөгөөд хэрэв зээлдэгч нар төлбөрийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэсэн бол зээлийн хүү багасаж, үндсэн зээлийн төлөгдөх хэмжээ ихэснээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээл бүрэн төлөгдөж дуусахаар тохирчээ.

Хариуцагчийн төлсөн төлбөр нь дээрх хуваарийн дагуу төлөгдсөн байх тул банк, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчиж эхлээд үндсэн зээлийг төлүүлээгүй үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн тухай гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ