Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 630

 

Б.Наранбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэгийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид,

ялтны өмгөөлөгч Н.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн 201625011506 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Халх овогт Баасандамбын Наранбаатар, 1981 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 8 дугаар гудамжны 185 тоотод оршин суух,

- 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан /РД:ЦД81040373/,

            Б.Наранбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн жанжины 13 дугаар гудамжны 258 тоот хашааны орчим хохирогч Д.Баднагаравыг зогсож байхад, чулууг зэвсгийн чанартай ашиглан шидэж түүний биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Наранбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Наранбаатарыг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 320.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Баднагарав нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 6x7x4 см хэмжээтэй байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Наранбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.  

            Ялтан Б.Наранбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “…2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр эхнэр Бүдхандын хамтаар гэртээ харьж явах замд хохирогч Д.Баднагарав намайг араас дуудсан. Намайг эргээд харахад над руу хараагүй хол байсан учир би түүнийг дуудах зорилгоор жижиг чулуу аваад цаад талын блокон хашаа руу шидсэн. Бид өмнө ч ийм байдлаар нэгнээ дуудах тохиолдол гардаг байсан. Надад Д.Баднагаравыг онох санаа зорилго байгаагүй. Тэгээд ч бид найз нөхдийн сайн харилцаатай байдаг. Би дээрх санамсар болгоомжгүй үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид биеэ зөв авч явах болно. Хохирогч Д.Баднагарав болон түүний эгч Б.Алтанцэцэг нар намайг гудамжинд орилж хашхираад явж байсан гэж мэдүүлснийг би ойлгохгүй байна. Бидний хооронд өмнө нь ямар нэгэн маргаан байгаагүй. Мөн уг хэргийн гол гэрч болох миний эхнэр Бүдхандаас ямар ч мэдүүлэг тайлбар аваагүй ба хохирогч Баднагаравын биед учирсан гэмтлийн зэргийг үнэн зөв тогтоогоогүй. Хэт нэг талыг баримтлан хэргийг шалгаж, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний гэр бүлийн амжиргааны түвшин доогуур бөгөөд би ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг. Иймд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…ялтан Б.Наранбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлан хохирогчийн эмчилгээний зардал болох 320.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцахаа илэрхийлсэн. Мөн ялтан Б.Наранбаатар нь 02-12 насны 2 хүүхэдтэй, ар гэрээ ганцаараа тэжээн тэжээдэг. Ийм байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулалгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулж, хэтэрхий хүнд ял шийтгэл оногдуулсан. Түүнчлэн Б.Наранбаатар нь шүүх хуралдаанд хохирогчтой нэг гудамжинд олон жил хөрш зэргэлдээ амьдарсан, зарим тохиолдолд хохирогч Д.Баднагарав ч чулуу шидэн дохио өгч мэндэлдэг байсан талаараа мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд түүний үйлдэлд сэдэлтийн хувьд шууд санаатай бус хувийн сэдэлттэй байж болзошгүйг харуулж байна. Мөн гэрч Б.Атарцэцэгийн “...эмнэлэг дээр очиж үзүүлэхэд оёдол хийж өгөөд тархины зураг авахуулаад эмнэлгийн байгууллагаар явсан. Удахгүй хагалгаанд орно…” гэх мэдүүлэг /хх-12-13/ ямар нэгэн баримтгүй, харин хамрын муруй засуулсан баримт байгааг харьцуулж үзэхэд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад “Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэнтэй тохирохгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэгийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Баднагаравын ар гэрээс ялтан Б.Наранбаатарт гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн. Тэрээр одоо эмчилгээ хийлгүүлээд явж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тусгайлан гаргах саналгүй байна...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхээс ялтан Б.Наранбаатарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

            Б.Наранбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн жанжины 13 дугаар гудамжны 258 тоот хашааны орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайрч хохирогч Д.Баднагаравыг зогсож байхад, чулууг зэвсгийн чанартай ашиглан түүн рүү шидэж бие махбодид нь баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Баднагаравын “...хашааныхаа гадаа Чулуунхүүтэй хамт зогсож байхад Наранбаатар эхнэртэйгээ хамт миний урдуур явж байсан. Тэгээд миний нүүрийг атгасан гар шиг хэмжээтэй чулуу нисэж ирээд оносон. Миний хамарнаас нэлээн цус гарсан. Би эгчтэйгээ хамт эмнэлэг рүү явсан. Чулуунхүү хэлэхдээ “Наранбаатар чам руу чулуу шидсэн” гэсэн. Би Чулуунхүү рүү хараад юм яриад зогсож байсан. Наранбаатар гудамжаар согтуу орилоод явж байсан. Би Чулуунхүүтэй юм ярьж байгаад Наранбаатар руу эргээд харахад чулуу намайг оносон. Би Наранбаатартай маргалдаагүй...” /хх-10-11/,

            гэрч Б.Атарцэцэгийн “...Шим хүнсний дэлгүүрийн үүдэнд Баднагаравын хамарнаас цус гарчихсан доошоо тонгойсон сууж байсан. Би юу болсныг асуухад Наранбаатар “Би чулуугаар цохисон” гэж хэлсэн. Харин Баднагарав намайг зогсож байхад “Наранбаатар хажуугаар явж өнгөрөөд эргэж хараад чулуу аваад шидсэн” гэж хэлсэн. Тэгээд би 102, 103 дугаарын утас руу залгаж тус тус дуудлага өгсөн. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд оёдол хийж өгөөд тархины зураг авахуулаад эмнэлгийн байгууллагаар явсан. Одоогийн байдлаар 300.000 төгрөгийн зардал гарсан. Удахгүй хагалгаанд орно тэгэхэд зардал мөнгө гарна. Эдгээр зардлаа гаргуулж авмаар байна...” /хх-12-13/,

            гэрч Б.Алтанцэцэгийн “...Наранбаатар согтуу, эхнэртэйгээ хамт явж байснаа Баднагаравыг цаашаа Наранбаатар руу харахад чулуу аваад шидэхэд нүүр лүү нь оносон. Би эгч Атарцэцэгийг дуудсан...” /хх-14-15/,

            гэрч Б.Чулуунхүүгийн “...Д.Баднагарав бид хоёрыг “Шим” дэлгүүрийн гадна юм яриад, зогсож байхад гудамжинд согтуу явж байсан Нараа чулуу шидэж хамрыг нь гэмтээсэн.  Д.Баднагарав юм хэлээгүй зүгээр л надтай яриад зогсож байсан...” /хх-7/,

            ялтан Б.Наранбаатарын “...Шим дэлгүүрийн үүдэнд Баднагарав зогсож байсан дэлгүүр өнгөрөөд явж байхад араас намайг дуудах шиг болсон. Би эргэж хараад газраас том чулуу аваад Баднагарав руу шидсэн. Баднагарав над руу хараагүй байсан байх миний шидсэн чулуунд оногдоод доошоо тонгойсон. Би сандраад очиход хамар дээр нь шалбарсан хамраас нь цус гарч байсан...” /хх-47/, “... би хохирогчийг дуудах санаатай блокон хашаа руу чулуу шидсэн. Тэгтэл Баднагаравыг оносон. Би гэм буруугаа ойлгож байна...” /хх-51, 99, 102/ гэх мэдүүлгүүд,

            ялтан Б.Наранбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн болон хохирогч Д.Баднагаравын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28, 31-34/, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 6х7х4 см хэмжээтэй байгалийн чулууг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-25-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4968 тоот “...Д.Баднагаравын биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-23/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн  шалгасан, хэргийг шалгах явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан “...бичиг мэддэггүй хохирогчийг … өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах” заалтыг, мөн хохирогч Д.Баднагаравыг оюуны хүндэвтэр хомсдолтой болохыг тогтоосон комиссийн шийдвэрийг үндэслэн түүнийг хохирогчоор байцаахдаа эгч Б.Атарцэцэг, өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нарыг оролцуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлсэн байна. 

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн ноцтой зөрчилгүй гэж үзлээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ нотлох баримтуудыг үндэслэн хэргийн байдлыг дүгнэхэд ялтан Б.Наранбаатар нь согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж танхайрсан болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн   хэргийн зүйлчлэл зөв байна.  

Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 Хэдийгээр хохирогч Д.Баднагарав, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэг нар нь тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...гомдолгүй...” гэдгээ илэрхийлсэн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсэг нь мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Баднагарав нь цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа, ялтан Б.Наранбаатараас хохирогчид учирсан гэм хорыг арилгасан байдал бүрэн тогтоогдоогүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй юм.

Иймээс ялтан Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл нарын гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, ял шийтгэлийн талаар маргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

           ШҮҮГЧИД                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                               Д.ОЮУНЧУЛУУН