Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0203

 

2018 оны 03 сарын 29 өдөр   

  Дугаар 221/МА2018/0203

Улаанбаатар хот

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

                      захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэртэй, С.Б-гийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д давж заалдах гомдолдоо: “...энэхүү маргааны гол үндэслэл нь хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тухай маргаан бөгөөд төрийн албан хаагчийн ангилалд байхгүй гэх үндэслэлээр гомдол гаргах эрхийг шүүх хязгаарласан юм. С.Б нь 2016 оны 9 дүгээр сард иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхийн 790 дүгээр тогтоол гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гол үндэслэл нь захиргааны албан тушаалтантай маргаж буй тул гэсэн үндэслэл зааж, энэхүү шийдвэр нь захиргааны хэргийн шүүхэд хандахад саад болохгүй гэсэн. Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн дунд бөмбөг шиг өнхөрч, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 14-т заасан эрх нь зөрчигдөж байна.

С.Б нь төрийн албан хаагч биш, Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтад тус тус хамаарахгүй гэж үзсэн юм бол хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байсан атал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 310 дугаар тушаалаар С.Б-г тус яамыг төлөөлж Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад суух төлөөлөгчөөр томилж, 2016  оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлөөлөгчөөр ажиллуулах 02 дугаартай гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан ба мөн сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг уг төлөөлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага нь Олон Улсын байгууллага ба Монгол Улс нь гишүүнийхээ хувьд өөрийн улсыг төлөөлөх төлөөлөгчийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд уг төлөөлөгчийг томилох, чөлөөлөх эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад олгожээ.

Хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

С.Б нь Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 759 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ2017/00790 дүгээр тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдсон иргэний гомдол, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэх үндэслэлээр дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч С.Б нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул хариуцагч нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрх, нэмэгдэл баталгааг хангасан эсэх талаар дүгнэх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч төрийн албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтад хамаарахгүй гэж дүгнэсэн бол анхан шатны шүүх хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байсан...” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасны дагуу хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүн уг албан тушаалд ажиллах боломжтой бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан /С.Б-г төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөс өмнө/ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод Төмөр замын тээврийн зохион байгуулалт, Төмөр замын тээврийн эдийн засагч мэргэжилтэй байх шаардлагыг тавьсан байтал нэхэмжлэгч С.Б нь уг шаардлагыг хангахгүй буюу физикч, сэтгүүлч мэргэжилтэй байна.

Мөн Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дүрмийн III дугаар зүйлд “Хорооны бусад гишүүдийг Сайд нарын чуулганы гишүүд Хорооны удирдлагатай санал солилцож, шинээр томилогдох гишүүний талаарх мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгсөн тохиолдолд өөрчилнө” гэж заасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/217 дугаар албан бичгээр төлөөлөгчийг С.Б-гаар солих талаар мэдээлэл өгсөн боловч тус байгууллагын хорооны дарга Тадеуш Шозда одоогоор солих боломжгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн байхад хариуцагч нэхэмжлэгчийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус яамыг төлөөлж Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад суух төлөөлөгчөөр томилохдоо дахин санал, мэдээлэл гаргалгүйгээр шууд томилжээ.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан Төлөөлөгчөөр ажиллуулах 2016 оны 02 дугаар гэрээний 3.2.2-д “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан гүйцэтгэх үндсэн ажил үүргийн төлөвлөгөө гаргаж хагас жил тутам үр дүнг тайлагнах” үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдийн итгэх хуудас зэргээс үзвэл хариуцагч маргаан бүхий акт гаргах болсон нэг үндэслэлээ Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 5.1-д зааснаар цуцалсан гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн 2015 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.А-ийг чөлөөлж, С.Б нь тухайн албан тушаалд томилогдож байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар С.Б-г чөлөөлж ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг илүү хангаж байгаа Ц.А-ийг томилсон байх тул тушаалыг хууль бус гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй.    

Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй тохиолдолд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч С.Б-гийн тухайд Зам, тээврийн сайд түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА