Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2018/00678

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15ы өдрийн 184/ШШ2018/00168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Сүмбэрэй, З.Ганболор нарт холбогдох,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 51 391 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Түмэнжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Батбаатар

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинтөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд хариуцагч нарт 2 900 ам.доллар, 876 500 төгрөг, 2009 оны 05 дугаар сард ахуйн хэрэглээнд зарж болох 1 150 000 төгрөгийн бараа, тэр өдрөө 560 ам.доллар гэх мэтээр удаа дараа мөнгө зээлдүүлж байсан.

2012 онд Л.Сүмбэрэй, З.Ганболор нар мөнгө зээлдүүлэх хүн олж туслаач гэсэн гуйлтын дагуу би хүү Т.Ганбадрахын найз н.Болдоос 18 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлэхэд зуучилж өгсөн. Мөн тэдний хүсэлтээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 22 дугаар байрны 206 тоот 2 өрөө орон сууцыг захиалан өгч урьдчилгаа төлбөр болох 27 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр дахин н.Болдоос зээлж авч өгсөн.

н.Болд нь Л.Сүмбэрэй, З.Ганболор нарт зээлсэн мөнгийг хүү Т.Ганбадрахаас удаа дараа нэхэж, дарамталж байсан тул Т.Ганбадрах аргагүй эрхэнд өөрийн орон сууцаа худалдаж хариуцагч нарын өмнөөс н.Болдод 89 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн.

Л.Сүмбэрэй, З.Ганболор нарын хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлсэн мөнгөний барьцаанд Т.Ганбадрахын нэр дээр шилжүүлж өгнө гээд гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан.

Улмаар талууд 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, 88 100 000 төгрөгийг төлж барагдуулахаар гарын үсэг зурсан. Тооцоо нийлснээс хойш 6 хоногийн дараа орон сууцыг Т.Ганбадрах нь Л.Сүмбэрэйгээс 104 310 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тухайн орон сууц нь Транскапитал ББСБ-д зээлийн гэрээний барьцаанд байсан учир хожим энэхүү зээлийг төлж, барьцааг чөлөөлмөгц Т.Ганбадрахын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож баталгааны гэрээ байгуулсан.

Т.Ганбадрах орон сууцыг худалдан авч төлбөрийг төлөхдөө хариуцагч нарын зээлсэн 89 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг хасч тооцон, 15 000 000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсний дараа төлөхөөр аман хэлцэл хийсэн. Иймд 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоож өгнө үү. Мөн бэлэн мөнгө болон зээлдүүлсэн барааны үнэд нийт 35 339 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Ганболор, Л.Сүмбэрэй нар нь Д.Түмэнжаргалаас удаа дараа зээл авахдаа зээлийн гэрээ байгуулж, зээл авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үйлддэг. Зээлүүдийг нэгтгэн 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, 88 100 000 төгрөгийг төлж барагдуулахаар гарын үсэг зурсан.

Тооцоо нийлсний дараа дахин мөнгөний хэрэг гарлаа гэж дахин мөнгө зээлсэн ба өмнөх тооцоонд ороогүй төлбөрүүдийг төлөхийг шаардахад өөрсдөө тооцоолж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 27 000 000 төгрөг зээлж авлаа гэсэн баримтыг үйлдэж надад авчирж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь зээлүүлсэн гэх эдгээр эд зүйлийг аваагүй тул 35 339 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Т.Ганбадрах нь орон сууцыг авах эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Түмэнжаргал нь 2011 оны 02 дугаар сарын 10-нд 15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдүүлж, хүү 750 000 төгрөгийг урьдчилан суутгаж, 2013 оны 06 дугаар сарын 10-наас эхэлж нийт 36 000 000 төгрөг авсан бөгөөд үүний 21 000 000 төгрөгийг зөвхөн хүүнд авсан.

Мөн 2011 оны 09 дүгээр сарын 25-нд 30 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй хугацаагүйгээр зээлдүүлж 2013 оны 04 дүгээр сарын 25 хүртэл сар болгон хүүнд 600 000 төгрөгийг авч, 2013 оны 05 дугаар сарын 25-нд хүүгээ 3.5 хувь болгон нэмэгдүүлж 2014 оны 02 дугаар сарын 25 хүртэл сар бүр хүүнд 1 050 000 төгрөг авч 2014 оныг дуустал үндсэн зээлээс 15 000 000 төгрөг хасаж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 25-наас эхлэн 5 хувийн хүүтэй зээлдүүлж 2016 оны 01 дүгээр сарыг 25 хүртэл сар болгон 750 000 төгрөг, нийт 59 404 000 төгрөг авсан бөгөөд үүний 14 404 000 төгрөгийг хүүнд авсан.

Мөн 2013 оны 05 дугаар сарын 25-нд 7 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч 2016 оны 02 дугаар сарын 25 хүртэл зөвхөн хүүнд сар бүр 350 000 төгрөгийг 31 сарын турш авч нийт 10 850 000 төгрөгийг авсан. 2013 оны 05 дугаар сарын 30-нд 7 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй хугацаагүй зээлдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 30 хүртэл сар бүр хүүнд 490 000 төгрөгийг 29 сарын турш авч нийт 14 210 000 төгрөгийг авсан. 2013 оны 06 дугаар сарын 05-нд 3 500 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлж 2016 оны 02 дугаар сарын 05 хүртэл сар бүр 175 000 төгрөг, 29 сарын турш нийт 5 075 000 төгрөг авсан.

2013 оны 06 дугаар сарын 15-нд 4 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж 2016 оны 02 дугаар сарын 15 хүртэл сар бүр 120 000 төгрөгийг 31 сарын турш авч нийт 3 720 000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь энэ мэтээр хүү авах эрхгүй байж мөнгө зээлдүүлэх нэрийдлээр хууль бусаар мөнгө хүүлж, хариуцагч нараас 6 жилийн турш хүү авч хохироосон тул 100 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Сүмбэрэй, З.Ганболор нараас 33 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Түмэнжаргал олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 009 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын хариуцагч Л.Сүмбэрэйн өмчлөлийн Баянзүрх дүүргийн Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот хаягт байрлах 2 өрөө, 54.9 м.кв орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1,493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Сүмбэрэй, З.Ганболор нарын 100 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414 907 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Сүмбэрэй, З.Ганболор нараас улсын тэмдэгтийн хураамжид 324 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 658 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хүү Т.Ганбадрахаас итгэмжлэл авсан ба уг итгэмжлэлд нэхмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхийг олгосон байна. Тиймээс Д.Түмэнжаргал нь н.Ганбадрахыг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг тусад нь гаргах ёстой байсан гэж шүүх дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч Д.Түмэнжаргал, өмгөөлөгч Эрдэнэчимэг нар өөрийн шаардлагаа нотлоогүй. Ийм байхад анхан шатны шүүх хариуцагч нараас 7 830 000 төгрөгийг гаргуулж Д.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас бараа материал авч байгаагүй учраас үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй юм. Зарчмын хувьд нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотолж байж хариуцагч өөрийн татгалзлаа нотлох ёстой.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд зохицуулсан байхад анхан шатны шүүх зээлдэгчээс хүү төлөхийг татгалзаагүй, зөвшөөрч төлсөн тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хийж, бичгээр гэрээ байгуулаагүй хүү авах эрхгүй байж 6 жилийн турш хариуцагч нараас 144 000 000 төгрөг авсан үйлдлийг үйлдэлийг зөвтгөсөн байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл нь зээлийн гэрээний эрх зүйн харилцаа биш бөгөөд зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхэд хамаарахгүй. Ийм байхад анхан шатны шүүх гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж Д.Түмэнжаргалаас 4 170 000 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал, Т.Ганбадрах нар нь хариуцагч Л.Сүмбэрэй, З.Ганболор нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох, зээлийн төлбөр, барааны үнэд 35 339 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч үндэслэлгүйгээр төлсөн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Д.Түмэнжаргал нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн нэг шаардлагыг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгохоор тодорхойлсон. Тэрээр 2017 оны дүгээр сарын 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 184//ШЗ2017/11645 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч тал нь Т.Ганбадрах, Д.Түмэнжаргал нар юм.

Т.Ганбадрах нь өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д.Түмэнжаргалд итгэмжлэлээр олгосон. Д.Түмэнжаргал нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг итгэмжлэлийг өгөөгүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн, улмаар Т.Ганбадрах нь итгэмжлэлээсээ татгалзаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Д.Түмэнжаргал нь Т.Ганбадрахыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байхад эсрэгээр дүгнэсэн нь буруу болжээ. /хх 64, 65, 74-75/

Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг хариуцагч тал гуравдагч этгээдэд гүйцэтгэх үүрэгт барьцаалсан талаар тайлбар гаргаж, уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор урьдчилсан дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд болох нэхэмжэгч, нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тодорхойлсон гуравдагч этгээдийн оролцоог шүүхээс хязгаарлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг хэрэгжүүлээгүй алдаа гэж үзнэ. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 11, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодруулсан, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д.Түмэнжаргалаас хариуцагч нарт 27 000 000 төгрөгийг өгсөн талаарх баримтыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн байхад хариуцагч З.Ганболорт уг тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, нотлох баримт танилцуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эсрэг талын тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...З.Ганболорын гар утсанд үзлэг хийлгэх, Д.Түмэнжаргалын Голомт банк ХХК-ийн 1801114366 тоот дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15ы өдрийн 184/ШШ2018/00168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН