Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02559

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02559

 

 

 

Н.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот орон сууц нь Н.Ганцэцэг миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй С.Жамсранд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмч болох дээрх байрыг худалдан борлуулж, хариуцагч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс доогуур үндсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжаар С.Жамсрангаас 262 583 600 төгрөг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Ганцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот, 38м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15/40 дугаартай тогтоолоор хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн саналаа ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилоход 114 172 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 3/11037, 3/11038 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/13992 дугаар мэдэгдэл, 5/16 тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа тул Н.Ганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 ,177.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шийдвэрээр С.Жамсрангаас 262 583 600 төгрөгийг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай өмчлөгч Н.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот орон сууц нь Н.Ганцэцэг миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй С.Жамсранд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмч болох дээрх байрыг худалдан борлуулж, хариуцагч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Ганцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж маргажээ. / хх-ийн 1-3,12-р хуудас/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжаар М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.Жамсран нь зээлийн гэрээний гүйцэтгэлд 261 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Хишигжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / хх-ийн 14-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8510 дугаартай захирамж, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 714 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. / хх-ийн 13-17-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15/40 дугаар тогтоолоор хураасан. / хх-ийн 18-20, 22-24-р хуудас/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч С.Жамсранд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35273 дугаар албан бичгээр, өмчлөгч Н.Ганцэцэгт 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/10167 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35272 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3572 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. / хх-ийн 27-29,32-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч С.Жамсран нь иргэн Н.Ганцэцэгийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус ирүүлжээ. /хх-ийн 31,33-р хуудас/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг 114 172 000 төгрөгөөр үнэлсэн болно. /хх-ийн 35-41-р хуудас/

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038 тоот мэдэгдлээр С.Жамсранд, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11037 тоот мэдэгдлээр өмчлөгч Н.Ганцэцэгт тус тус мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 42-46 -р хуудас/

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн тогтоосон үнэ болох 114 172 000 төгрөгийн 70 хувиар тооцон 79 920 400 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч С.Жамсран, өмчлөгч Н.Ганцэцэг нарт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038, 3/11037 мэдэгдлүүдээр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдэгдсэн.

Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн / 2002 оны / 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсэгт заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.Ганцэцэг нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр байрыг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын маргаанд хамааралгүй буюу 1 дэх дуудлага худалдааны үнийн талаар дурдагдсан байхад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийг баримталсан нь алдаатай боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарахгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ