Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02317

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02317

 

 

НОСК- ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 181/ШШ2020/02552 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч НОСК- ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхцоозод холбогдох

 

Орон сууцны хөлс, ашиглалтын зардалд 2 505 718 төгрөг гаргуулах, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НОСК- ХК нь орон сууцны энгийн түрээсийн гэрээг иргэн Б.Мөнхцоозтой байгуулж, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 1 сарын 244 260 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, ашиглалтын зардлаа түрээслэгч хариуцан төлөх нөхцөлөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Б.Мөнхцооз нь орон сууцыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл түрээсэлж амьдарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байх хугацаандаа түрээс, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийг тухай бүр төлөөгүйгээс нийт 2 505 718 төгрөгийн өртэй болсон бөгөөд түрээсийн байрыг чөлөөлж өгөх мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байна. Түрээслэгч Б.Мөнхцооз нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрөө төлөөгүй тул түүнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харин төлж барагдуулсан байна. Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг шаардахгүй, харин орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

Орон сууцанд амьдрах иргэдийн эрэлт их байдаг учир НОСК- ХК нь гэрээний хугацаа дууссан, эсхүл цуцлагдсан тохиолдолд тухайн орон сууцыг чөлөөлж, дараагийн иргэдийг оруулах буюу түрээсийн гэрээг дараагийн иргэдтэй байгуулж ажилладаг. Энэ нь Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа бөгөөд боломж муу аль болох олон иргэдийг орон сууцанд амьдруулах, тэгш боломжийг илүү олон иргэнд хүргэх зорилготой нь шууд холбоотой юм. Угтаа бол гэрээг 7 сараар Б.Мөнхцоозтой байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр амьдарч ирсэн. Тиймээс орон сууцны хөлс болон ашиглалтын зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлсөн эсэхээс үл хамаараад түүнээс орон сууцыг чөлөөлөх шаардлага гарч байгаа тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна. Цаана нь өргөдөл өгсөн олон иргэд байгаа тул тэдгээр хүмүүст болон өрхүүдэд боломж олгох ёстой юм гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мөнхцооз нь Сэлбэ байрны 8 тоотод оршин суудаг бөгөөд энэ хаягт 2016 оноос хойш амьдарч байгаа. 2 500 000 төгрөгийн төлбөрийн өртэй бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн ба үлдэгдэл төлбөрөө 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаа мэдэгдэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан Б.Мөнхцоозын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, НОСК- ХК-ийн эзэмшлийн Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоотын 41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Мөнхцооз орон сууцны хөлс болон ашиглалтын зардал 2 505 718 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр НОСК- ХК нь энд хамаарах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 242 төгрөгөөс 97 721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27 521 төгрөгийг, хариуцагчаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь хариуцагч миний биеийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шаардлагыг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Миний бие нь Нийслэлийн хот тохижилтын газар ажилладаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум руу 14 хоногийн хугацаатайгаар ажлын томилолтоор явж байсан. Шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх эд томилолтоор явж байгаа тухайгаа болон шүүх хурлыг хойшлуулах хүсэлттэй байгааг мэдэгдсэн. Гэтэл хариуцагч миний биеийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хуралдуусан байдаг. Мөн харилцагч миний бие нь анхан шатны шүүх хурлаас өмнө нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 505 718 төгрөгийг төлж барагдуулсан ба нэхэмжлэгч НОСК- ХК-тай шүүх хуралдаанаас өмнө уулзаж, ...төлбөрөө төлсөн, цаашид төлбөрөө цаг хугацаанд нь төлнө, байраа үргэлжлүүлэн хөлслөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж нааштайгаар шийдвэрлэхээр ярилцаж байсан боловч томилолтоор явсан. Миний бие нь нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байсан бөгөөд шүүх уг эрхээр хангаагүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Хариуцагч Б.Мөнхцоозыг Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах, Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот, 41 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр талууд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 08/18 дугаартай орон сууц түрээслэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр цуцлах, хариуцагч Б.Мөнхцооз нь Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах, Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот, 41 м.кв талбай бүхий түрээсийн орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэж өгөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 181/ШШ2020/02552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, талууд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 08/18 дугаартай орон сууц түрээслэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр цуцлах, хариуцагч Б.Мөнхцооз нь Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах, Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот түрээсийн орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэж өгөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ