Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02552

 

 

 

 

 

 

 

 

    2020        10         14  

     181/ШШ2020/02552

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: байрлах, “Н” ХК /РД:5999693/-ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: тоотод оршин суух, М /РД:ПП90061113/-д холбогдох,        

 

Орон сууцны хөлс, ашиглалтын зардалд 2,505,718 төгрөг гаргуулах, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь орон сууцны энгийн түрээсийн гэрээг иргэн Б.М байгуулж, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 1 сарын 244,260 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, ашиглалтын зардлаа түрээслэгч хариуцан төлөх нөхцөлөөр түрээслүүлэхээр тохиролцсон.

Б.М нь орон сууцыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл түрээсэлж амьдарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байх хугацаандаа түрээс, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийг тухай бүр төлөөгүйгээс нийт 2,505,718 төгрөгийн өртэй болсон бөгөөд түрээсийн байрыг чөлөөлж өгөх мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байна.

Түрээслэгч Б.М нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, цахилгааны төлбөрөө төлөөгүй тул түүнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харин төлж барагдуулсан байна.

Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг шаардахгүй, харин орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

Орон сууцанд амьдрах иргэдийн эрэлт их байдаг учир “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь гэрээний хугацаа дууссан, эсхүл цуцлагдсан тохиолдолд тухайн орон сууцыг чөлөөлж, дараагийн иргэдийг оруулах буюу түрээсийн гэрээг дараагийн иргэдтэй байгуулж ажилладаг. Энэ нь Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа бөгөөд боломж муу аль болох олон иргэдийг орон сууцанд амьдруулах, тэгш боломжийг илүү олон иргэнд хүргэх зорилготой нь шууд холбоотой юм. Угтаа бол гэрээг 7 сараар Б.Мтой байгуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр амьдарч ирсэн. Тиймээс орон сууцны хөлс болон ашиглалтын зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлсөн эсэхээс үл хамаараад түүнээс орон сууцыг чөлөөлөх шаардлага гарч байгаа тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

Цаана нь өргөдөл өгсөн олон иргэд байгаа тул тэдгээр хүмүүст болон өрхүүдэд боломж олгох ёстой юм гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.М нь Сэлбэ байрны 8 тоотод оршин суудаг бөгөөд энэ хаягт 2016 оноос хойш амьдарч байгаа. 2,500,000 төгрөгийн төлбөрийн өртэй бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн ба үлдэгдэл төлбөрөө 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаа мэдэгдэж байна гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар, нэхэмжлэгчээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь хариуцагч Б.М холбогдуулан орон сууцны хөлс болон ашиглалтын зардалд нийт 2,505,718 төгрөг гаргуулах, түүний эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах, Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоот, 41 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлээр шаардсан 2,505,718 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тухай болоод үлдэх төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан.

 

Шүүх энэ шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны хөлс болон ашиглалтын зардал 2,505,718 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр энд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул шүүх энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай” 17/17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоолын 2-т заасан үүргийн хүрээнд мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ын дагуу энгийн түрээсийн хэлбэрээр Б.М Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, өөрийн эзэмшлийн Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоотын 41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 7 сараар түрээслүүлэх 08/18 тоот гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан байна.

 

Энэ гэрээг талууд орон сууц түрээслүүлэх гэрээ гэж нэрлэсэн байх боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байна.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Энэ гэрээний дагуу хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч Б.М нь орон сууцыг ашигласаар байгааг “Н” ХК татгалзаагүй тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч уг мэдэгдэлтэй мөн өдрийн 19:53 цагт танилцсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т “гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно”, мөн зүйлийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.” гэж тус тус заасан.

 

 Манай тохиолдолд нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн /2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дууссан/ байх тул зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.” зааснаар орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй.

 

Энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний дээр дурдсан зохицуулалтыг үндэслэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан Б.Мын эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Н” ХК-ийн эзэмшлийн Сэлбэ дэд төв байрны 3 давхрын 8 тоотын 41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.                             

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.М орон сууцны хөлс болон ашиглалтын зардал 2,505,718 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр “Н” ХК нь энд хамаарах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,242 төгрөгөөс 97,721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,521 төгрөгийг, хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА