Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2016/0424

 

З.Нүрзэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, З.Нүрзэдийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З.Нүрзэд нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хөх морьт сумын Байгаль орчны байцаагчаар 3 жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2014 оны 03 сарын 17-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан ба 2014 оны 11 сарын 17-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2015 оны 01 сард Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилдаа тогтоолгож, 2015 оны 06 сарын 08-ны өдөр ажилд аваад 2015 оны 06 сарын 17-ны өдөр мөн л үндэслэлгүйгээр ажлаас халсан. Дахин захиргааны хэргийн шүүхэд хандаж ажилд тогтоох тухай шийдвэр гарч 2015 оны 12 сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн тогтоож 2016 оны 01 сард бас дахин ажлаас үндэслэлгүйгээр халсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас халсан тушаалдаа бүтэц орон тооны цомхотголоор чөлөөлж байна гэж дурдан ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Иймд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөхморьт сумын Байгаль орчны байцаагч З.Нүрзэд нь 2014 оноос хойш ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандсан. 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүх цалинг шүүхийн шийдвэрийн дагуу олгож байна. Одоогийн байдлаар З.Нүрзэдийн 2 сарын цалин дутуу. Үүнийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тодотгосон. Тодотголын зөвшөөрөл ирэхээр З.Нүрзэдийн дансанд орно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 2000-с дээш хүн амтай сумын Тамгын газрын дотоод орон тоог тогтоож өгсөн. Үүний дагуу сумын Засаг даргатай зөвшилцөөд Байгаль орчны байцаагчийн ажил хийгдээгүй, мөн Монгол Улсын Элсний тусгай хамгаалалтын захиргаа гэж байдаг тэнд улсын байцаагч нэг, хоёр байгаль хамгаалагчтай тул Засаг даргын Тамгын газар дахиад Байгаль хамгаалагч шаардлага байхгүй гэж үзээд З.Нүрзэдийн орон тоог цомхотгосон. Бусад сумуудыг судалж үзэхэд Халиун, Цогт сумдууд Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны байцаагч байх шаардлага байхгүй гэж үзээд цомхотгосон байсан. Олон удаагийн шийдвэр гарсан. Тэгэхэд З.Нүрзэд ажилдаа огт очиж ажиллаагүй, утсаар ярьдаг. Ажил хийхгүй цалин авч болдог гэдэг ойлголттой явдаг. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ.

 

Говь-Алтай айамаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Нүрзэдийн нэхэмжлэлтэй тус аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батбаатарт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, З.Нүрзэдийн ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 1.544.790 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 тоот Сумын засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог өөрчлөх тухай захирамжаар Хөхморьт сумын Тамгын газрыг 14 орон тоотойгоор баталж, улмаар үүнийг үндэслэн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 тоот захирамжаар Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хасч Тамгын газрын орон тоог 14 орон тоотойгоор баталсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргатайгаа зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж чөлөөлнө гэсний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газар нь 15 орон тоотой ажиллаж байсныг Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тушаалаар Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хасч нэг хүний цомхотгол хийснийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Байгаль орчны улсын байцаагчийн орон тоог хассан гэж буруу үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн авах боломжгүй учир давж заалдах гомдол гаргаж байна. Тус сумын нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтанд, үлдсэн 70 хувь нь орчны бүсийн зэрэглэлээр Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хамгаалалтанд байдаг. Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо давхардаж байгаа тул уг орон тоог цомхотгосон. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тус сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 14 орон тоотойгоор баталсаныг хүлээн зөвшөөрсөн хэдий ч Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог цомхотгосон нь буруу гэж үзсэн байна. Тэгсэн хэрнээ Засгийн газрын 425 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын А/404 тоот захирамжинд ямар нэгэн орон тоог цомхотго гэж нэр зааж ирээгүй учраас Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийг цомхотгох нь буруу гэж шүүх үзлээ. Иймд доорхи Засаг даргын Тамгын газрын Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын дарга, Санхүүгийн албаны дарга, Дотоод ажил хариуцсан түшмэл, Нийгмийн ажилтан, Газрын даамал, Санхүүгийн албаны нягтлан бодогч, төрийн сангийн мэргэжилтэн, МЭҮТ-ийн дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, жолооч, Байгаль орчны бодлого хариуцсан түшмэл нараас цомхотговол зохих албан тушаалтны нэрийг тодруулж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

З.Нүрзэд нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг өөрчлөн тогтоосны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог 14 орон тоотойгоор баталсан байна.

          Дээрх эрхийн актуудыг үндэслэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар тус сумын Тамгын газрын бүтэц, орон тоо, ажил үүргийн хуваарийг өөрчлөн батлахдаа Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хассан байх ба уг захирамжийг үндэслэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгч З.Нүрзэдийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч  нь дээрх Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжтай маргаагүй байхад анхан шатны шүүх уг захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгсөн, Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо хасагдсан байхад ямар ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсч байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчийг ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь ойлгомжгүйгээр “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна.” гэж заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжтай маргахгүй, албан тушаалын орон тоо нь хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй гэж маргаж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болох бөгөөд шүүх хариуцагч захиргааны байгууллагад түүнийг мэргэжил, мэргэшлийнх нь дагуу ажиллуулах тухайн албан тушаалын сул орон тоо байгаа эсэх талаар шалгаж, холбогдох баримтыг цуглуулан хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

Харин маргаж байгаа тохиолдолд сумын Засаг даргын Тамгын Газрын орон тоог 14 болгон өөрчлөхдөө Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хассан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ олговрын хэмжээг хэрхэн тооцож гаргаснаа тодорхойлоогүй, хуулийн зохих зүйл заалтыг баримлаагүй алдаа гаргасан байх ба дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүх  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧ                                     Э.ЗОРИГТБААТАР  

                  ШҮҮГЧ                                     О.НОМУУЛИН