Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0327

 

2018 оны 06 сарын 07 өдөр   

  Дугаар 221/МА2018/0327

Улаанбаатар хот

 

 

“В к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                    захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэртэй, “В к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан “В к” ХХК-ийн NE-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Засаг даргаас “Дэмжээгүй” хариу ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгохоор хуулиар зохицуулаагүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл “дэмжихгүй” саналыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосноор “Дэмжсэн” гэдэг санал бий болохгүй бөгөөд өргөдлийн NE-026420 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонтой холбоотойгоор цаашид өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалт үгүй болсон. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу өргөдөл шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “В к” ХХК-ийн NE-026420 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “В к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Шаргалт” нэртэй 1416.57 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7762 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “газар тариалан, хадлангийн талбайтай давхацсан тул зөвшөөрлийг дэмжих боломжгүй” гэж үзэн  1-1884 дугаартай дэмжихгүй саналыг ирүүлсэн тул хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “В к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэгчийн 2015 онд гаргасан өргөдлийг 2017 онд шийдвэрлэсэн ч аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсний дараа буюу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд уг саналын хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах, үнэлж, дүгнэх эрхгүй бөгөөд хариуцагч нэгэнт аймгийн Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, уг хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, тухайн тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зохицуулалт үйлчилсэн тул 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэгч компанийн өргөдлийг үндэслэн хуульд заасны дагуу /тусгай зөвшөөрөл олгож/ шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэх журмыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус болох нь тогтоогдоогүй тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

Иймд нэхэмжлэгчийн эрх сэргээхийг шаардаж буй эрх нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтаар хамгаалагдах үндэслэлгүй учир хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “В к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг баримтлан “В к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NE-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА