Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 209

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “В к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А м г т г К х дд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “В К” ХХК

Хариуцагч: А м г т г К х д

Нэхэмжлэлийн шаардлага: “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NЕ-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “В к” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл А м г т г К х д шийдвэр гаргахдаа аймгийн Засаг даргын ирүүлсэн саналыг үндэслэсэн боловч тухайн Засаг даргын шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан. Аймгийн Засаг даргын шийдвэрийг хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасан байдаг. Гэтэл А м г т г К х д-ын 2017 оны 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсэг нь дээрх Захиргааны ерөнхий хууль, Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж, үндэслэл бүхий бус, хуульд нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

“В к” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 39 минутад Ашигт малтмал, газрын тосны газын Кадастрын хэлтсээс өргөдлийн талбайд шүүлт хийж үзээд ямар нэгэн давхцалгүй болохыг тогтоосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоно” гэж зааснаар дээрх шүүлтийг хийсэн. Шүүлт хийж үзээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар орон нутгаас санал авахаар албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1/1886 дугаартай албан бичгээр “В к” ХХК-ийн эзэмшлийн талбай нь газар тариалангийн газартай давхцалтай байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан. Энэхүү заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “татгалзсан хариу өгч болно” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож татгалзана” гэж тайлбарласан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар анхан шатны шүүлт хийх үндэслэл нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасантай адил “...эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан” зэргийг хянадаг. Кадастрын хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүлт хийж үзээд ямар нэгэн давхцалгүй гэж тогтоосон боловч Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг үндэслэл бүхий байна гэж үзээд “В к” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс эрх зүйн шүүлт хийхэд Засаг даргын санал зөрж байгаа учраас нягтлах ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн дарга шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлан Засаг даргын саналыг зөв эсэхэд дүгнэлт хийж, шүүлт хийж үзэх ёстой байсан.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-т “аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүйгээр дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан. Мөн тус зааврын 4.3-т “Засаг даргаас үндэслэлтэй дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн бол хэрхэн шийдвэрлэхийг” заасан. Тэгэхээр Засаг даргын саналыг үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд шүүлт хийх ёстой гэдэг нь харагдаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс шийдвэр гаргахдаа дотоод хяналтын хуудас хөтөлсөн байдаг ба энэ хуудасны 9-т “аймгийн Засаг даргын саналыг үндэслэн шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулах”, 10-т “Засаг даргын саналыг хүлээн авч, Кадастрын хэлтсийн дарга шүүлт хийнэ” гэсэн байдаг. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Эрх зүйн хэлтэс “В к” ХХК-ийн хайгуулын талбай давхцалтай байгааг тодруулахаар анхан шатны шүүлт хийсэн. Гэтэл Засаг даргаас үндэслэлгүй санал ирүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал татгалзаж шийдвэрлэсэн байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байдаг. Хэрэв аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргах гэж байгаа бол холбогдох нотлох баримтыг цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох эрх үүрэг нь хариуцагч байгууллагад олгогдсон байгаа. Гэтэл уг ажиллагааг хийгээгүй байна.

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Кадастрын хэлтэс дахин зураг зүйн шүүлт хийж үзэхэд давхцалгүй гэж тогтоосон. Үүнээс өмнө 2015 онд шүүлт хийж давхцалгүй гэдгийг ч тогтоосон байдаг. Иймд дээрх нөхцөл байдал тогтоогдож байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрх байгаагүй.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 1884 дугаартай саналыг эс зөвшөөрч “В к” ХХК-ийн зүгээс Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хууль бус, хууль зөрчсөн гэдгийг тогтоож, хүчингүй болгосон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрээр Засаг даргын саналыг хууль бус гэдгийг тогтоосон. Тэгэхээр Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй татгалзсан санал ирүүлсэн учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “В к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой байсан.

Шүүхээс А м г т г К х д-ын 2017 оны 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд манай компанийн өргөдөл шийдвэрлэгдээгүй гэсэн статуст шилжих ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэрлэх үүрэг нь хариуцагчид үлдэх болно. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн” гэж заасан. Маргаан бүхий 443 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Засаг даргын санал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Тэгэхээр манай компанийн хувьд хожим эерэгээр өөрчлөгдсөн, захиргааны актыг шинээр гаргах нөхцөл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн өргөдлийн талбайг тогтоосон байдаг.

“В к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Ш нэртэй 1416.57 гектар газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2015 онд гаргаж 2620 дугаартай өргөдлийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8, 19.3-т зааснаар холбогдох ажиллагааг хийж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7762 дугаартай албан бичгээр мэдэгдэл явуулсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1886 дугаартай албан бичгээр “В к” ХХК-ийн эзэмшлийн NЕ-02******* дугаартай өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох боломжгүй, дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу “В к” ХХК-д А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг татгалзсан. Мөн сонсох ажиллагааг хийж Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 дугаарт олон нийтэд мэдээлсэн. Үүний дагуу “В к” ХХК-иас тайлбар, санал, хүсэлт ямар нэгэн албан бичгийг манайд ирүүлээгүй. Ашигт малтмал, газрын тосны газар хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхээс Засаг даргын саналыг хууль бус гэж үзсэн боловч Засаг дарга дэмжсэн санал өгсөн гэж үзэх боломжгүй. “В к” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдөл гэдэг ойлголт байхгүй болж шинээр хууль батлагдсан учраас өргөдлийг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болсон.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “В к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйлдэл биш, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “В к” ХХК-иас А м г т г К х дд холбогдуулан “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NЕ-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“В к” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст хандаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ш нэртэй газарт 1416.57 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл[1] гаргасан байх бөгөөд хариуцагчаас уг өргөдөлд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зураг зүйн шүүлт хийж өргөдөлд дурьдсан талбай нь өргөдлөөр олгох талбай хамаарч байгаа талаарх дүгнэлт гаргасан байна.

Үүний дараа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “Засаг даргаас “Дэмжихгүй” санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр “В к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж[2] шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг А м г т г К х д 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5166 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...А м г т г К х д шийдвэрээ гаргахдаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг баримтлан ёстой бөгөөд шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахын тул Засаг даргын дэмжээгүй санал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр уг саналыг үндэслэл бүхий гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Маргаан бүхий актын үндэслэл болсон аймгийн Засаг даргын саналыг шүүх хүчингүй болгосон хэдий ч энэ нь аймгийн Засаг дарга уг асуудлыг дэмжсэн гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлаас ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон тул өргөдөл хэмээх ойлголтыг шийдвэрлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

1/ “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.4-т зааснаар “Засаг дарга хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр, 19.6-д “дэмжсэн санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “Аймгийн Засаг дарга нь ... татгалзсан хариу өгч болно” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласнаас үзвэл аймгийн Засаг даргаас ирүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд ирүүлсэн санал нь хуульд нийцсэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр хариуцагч байгууллагаас өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэхийг асуудлыг шийдвэрлэхээр байх ба хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэхээр байжээ.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “В к” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухайд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг баримтлалгүйгээр хуульд заасан үндэслэлд хамаарахгүй “тариалан, хадлангийн талбайтай давхацсан” гэсэн саналыг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан нь нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Захиргааны  байгууллага нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, Захиргааны ерөнхий хуульд заасан “шийдвэр хуульд үндэслэх” зарчмыг баримтлаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонсох ажиллагаанд тайлбар ирүүлээгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй “Өдрийн сонинд нийтлэгдсэн сонсох ажиллагаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Учир нь Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 дугаарт нийт 200 гаруй ажил ахуйн нэгж, байгууллагад хандаж сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд тухайн байгууллагуудын хүсэлт гаргасан талбайн байршил бүгд өөр өөр байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Дархан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “В к” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг “санал гаргах талаарх хуульд заасан журмыг баримтлаагүй” гэсэн үндэслэлээр бүхэлд нь хангаж, Дархан-уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 тоот саналыг хүчингүй болгосон[3] байх тул нэхэмжлэлийн шаардлагын “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох...” хэсгийг хангах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““Дэмжээгүй” саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дэмжсэн гэсэн агуулгыг илэрхийлэхгүй” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй юм. 

2/ “... тус компанийн NЕ-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн батлан гаргаснаар тус хуулийн 19 дүгээр зүйл буюу “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн зүйлийг хүчингүй болгосноор өргөдлөөр олгогдох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай гэсэн ойлголт байхгүй болсон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэхүү шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийг буцаан хэрэглэх” замаар хангах боломжтой хэмээн тайлбарлаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал нь хууль буцаан хэрэглэх ойлголтод хамаархааргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй “байхгүй” буюу  “хүчингүй болсон ” хуулийн заалт/Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6/-ын дагуу өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Харин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” хэсгийг хангаж шийдвэрлэсээр “В к” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан NЕ-02******* дугаартай өргөдөл нь шийдвэрлэгдээгүй төлөвт шилжих бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь эрх зүйн харилцааны субьект болохынхоо хувьд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах үндсэн эрхтэй ба уг өргөдлийг хүлээж авсан төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй.

Хэрхэн шийдвэрлэж хариуц өгөх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “В к” ХХК-ийн “А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NЕ-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасны дагуу хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А м г т г К х д-ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “В к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан “В к” ХХК-ийн NЕ-02******* дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг А м г т г К х дд даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “В к”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтэст хэргийн 49 дэх талд

[2] Хавтаст хэргийн 109 дэх талд

[3] Хавтаст хэргийн 69 дэх талд