Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131

 

Ч.А-, Д.О-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар магадлалтай, Ч.А-, Д.О-нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт, 

2. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, овогт Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Оргилыг цагаатгаж,

Шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-ийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Хохирогч Т.Ц-ийн эмчилгээний зардал 1 672 848 төгрөг, шатахууны зардал 996 798 төгрөг, нийт 2 669 646 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.А-ээс гаргуулан хохирогч Т.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна.

Ч.А- нь ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр айлд хууль бусаар нэвтрэн орж, орилж, агсам тавьж, Т.Ц-г гэрийнх нь үүдэнд зодож, толгойг нь хагалж, ухаан алдсан хойно нь үргэлжлүүлэн зодож байхад түүний нөхөр Д.О- эхнэрийгээ хамгаалж Ч.А-ийн эрх чөлөөнд халдсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.А-ийн үйлдэл нь Д.О-г аргагүй хамгаалалт хийхийг шаардсан, эхнэр Т.Ц-ийн амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага хийгдэж байсан буюу хууль зүйн хувьд довтолгоон бодитой байсан. Т.Ц-ийн амь насыг хохироох, бие махбодид нь хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор түүний хүсэл зоригийн эсрэг морин дээрээс хүний амин газар, толгойн тус газар суран цулбуураар 2 удаа цохиж, шалны модоор толгой руу нь 1 удаа цохиж ухаан алдуулан үргэлжлүүлэн зодсон байдаг. Халдлага нэгэнт эхэлсэн, эхнэрийнх нь толгойноос цус гарч аюул занал бодитой байсан тухайн агшинд Д.О-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн.

Давж заалдах шатны шүүх зөвхөн Д.З-ын мэдүүлгийг сонгон авч гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Ч.А-ийн толгойн тус газар учирсан гэмтэл нь Д.О-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, Ч.А- нь Т.Ц-г зодож байсан хугархай шалны модоор Д.О-г цохих үед Д.О-нь А-ийг газарт байсан тармуураар цохисон болохыг Д.О-өөрөө хүлээн мэдүүлдэгээс гадна гэрч, хохирогч нарын мэдүүлгээр ч тогтоогдоно. Ийм байхад Д.З-ын мэдүүлэг нь шинжээчийн мэдүүлгээс зөрүүтэй байна гэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах үндэслэл буюу хэргийг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй нотлох баримт болохгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцүүлж Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул ...магадлалыг хүчингүй болгож, ...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос Ч.А-, Д.О-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Д.О-ын үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй байна гэж үзээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Т.С гэх хүнийг энэ хэрэгт оролцсон байж болзошгүй, мөн яллагдагчаар татах мөрдөгчийн тогтоолыг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.О-өөрийнх нь эхнэрийг Ч.А- зодож байхад нь тармуураар цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад давж заалдах шатны шүүх “Сумъяа тармуураар цохисон асуудал байгаа эсэхийг шалгуулахаар буцааж” байгаа нь үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Д.О-нь эхнэрээ хамгаалж, Ч.А-ийн үйлдлийг таслан зогсоосон байх тул Д.О-ын үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.А-, Д.О-нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хяналаа.

Прокуророос Ч.А-ийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...сум, .... тоотод оршин суух Т.Ц-г гэрийнх нь хашааны гадна зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.О-г дээрх үйл явдлын үед Ч.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан тогтоож Д.О-ын Ч.А-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Ч.А- эхнэр Т.Ц-г нь зодож байх үед эхнэрээ хамгаалахын тулд хийсэн үйлдэл гэж дүгнэн Д.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Ч.А-ийн Т.Ц-г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Гэмт хэрэгт холбогдсон этгээд, эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн хууль бус халдлагыг “хохирогч гэмтэл авсан” гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар хүн бүрт зөвшөөрсөн байдаг тул Д.О-д холбогдох хэргийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд “...Яллагдагчаар татах мөрдөгчийн тогтоолд тусгагдсан Т.С-д холбогдох саналыг орхигдуулсан, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байх тул үүнийг шалгах шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ч.А-, Д.О- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдолтой, хамаарал бүхий байдлыг дүгнэж, гэрч, хохирогч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ч.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг нотолсон байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хууль тогтоогчоос тогтоосон бөгөөд энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...эрхгүй” хэмээн тодорхой заасан байдгийг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Ч.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод зөв чиглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан “...Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч М.Гансүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

                                          ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН