Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 172

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Т.Нансалмаа,                              

 шүүгдэгч Ч.Алтангэрэл,

 шүүгдэгч Д.Оргил, хохирогч Т.Цэцэгмаа, тэдгээрийн өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1695/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Чоймболын Алтангэрэл, Боржигон овогт Дашзэвэгийн Оргил нарт холбогдох эрүүгийн 1931001730105 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Чоймболын Алтангэрэл, Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “Түшиг” сумын “Ар нуга” 2 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/МН65040277/

Боржигон овогт Дашзэвэгийн Оргил, Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “Түшиг” сумын “Ар нуга” 2 дугаар багийн 6 дугаар хэсгийн 200 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багт амьдарч байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/МЭ68112713/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.Алтангэрэл нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн “Түшиг” сумын “Ар нуга” 2 дугаар баг, 6 дугаар хэсгийн 200 тоотод оршин суух Т.Цэцэгмааг гэрийнх нь хашааны гадна зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Оргил нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар баг, 6 дугаар хэсгийн 200 тоотод оршин суух гэрийнхээ хашаан дотор Ч.Алтангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нэг: Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Алтангэрэл нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн “Түшиг” сумын “Ар нуга” 2 дугаар баг, 6 дугаар хэсгийн 200 тоотод оршин суух Т.Цэцэгмааг гэрийнх нь хашаан дотор морин дээрээс толгойн тус газар суран цулбуураар 2 удаа цохиж, шалны модоор толгой руу нь 1 удаа цохиж, хохирогч Т.Цэцэгмаагийн биед толгойн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, тархи доргилт бүхий “Хөнгөн” гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Алтангэрэл гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Хохирогч Т.Цэцэгмаагийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Тэр өдөр Алтангэрэл цонхон дээр орилоод цонх нүдэхээр нь гарахад морьтой нилээд согтуу бололтой байсан. “Аагий минь согтчихоо юу даа, хэзээ ирсийн” гэж асуухад өөдөөс “хуц, та нарыг бүгдийг чинь буудаж алаад булчихна шүү, надад хууль үйлчилдэггүй” гэсэн. Тэгээд морины цулбуураар 2 удаа ороолгосон. Би гараараа толгойгоо хамгаалахад шууд мориноосоо бууж ирээд газар байсан шалны модыг авч дайрахад нь би зугатаасан. Тэгээд араас хөөж миний толгой руу цохьсон. Миний толгой өвдөж байна. Би одоо мэс заслын гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байна. Чих шуугиад байна” гэх мэдүүлэг[1],

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...Алтангэрэл нь суран цулбуураар миний толгойн тус газар 2 удаа ороолгосон. Шалны модоор нэг удаа цохьсон. Би гомдолтой байна...” гэж мэдүүлдэг.

2. Гэрч С.Бадарчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Оогий бид нар хашааны хаалган дээр ирэхэд Оргил эхнэр Цэцэгмаагийнхаа толгойг гараараа дарчихсан нилээд цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Д.Золжаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “Манай эгчийн хөрш Оргил ахын хашаан дотор Алтангэрэл морьтой орж ирээд орилоод байсан. Тэгээд Цэцэгмаа эгч гарч ирээд хэрэлдээд байсан. Алтангэрэл мориноосоо бууж ирээд Цэцэгмаа эгчийн толгой руу цохиход газар унасан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч П.Отгонбаярын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “Алтангэрэл Оргилын хашаанд морьтойгоо орилоод байсан. Оргил Сумьяаг гэрлүүгээ явуулснаа өөрөө араас нь явсан. Бадарч бид хоёр хойноос нь Оргилын хашааны хаалган дээр ирэхэд Цэцэгмаа толгойгоо гараараа дарчихсан машинд суугаад эмнэлэг рүү явсан. Цэцэгмаагийн толгой, нүүр нил цус болчихсон байсан” гэх мэдүүлэг[4],

5. Шинжээч эмч Т.Насанжаргалын “...Т.Цэцэгмаагийн биед учирсан толгойн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, тархи доргилт бүхий гэмтлүүд нь тус тусдаа байсан ч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Цэцэгмаагийн биед учирсан дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай “1. Т.Цэцэгмаагийн биед толгойн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцралт, хамрын таславчийн хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[6],

7. Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “Өвөлжөөний асуудлаас болж маргалдсан. Цэцэгмааг морины цулбуураар ороолгоод мориноосоо буугаад шалны модыг булааж автал цааш гүйхээр нь араас нь толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг[7] зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн гэмт хэргийн улмаас

учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Т.Цэцэгмаагийн зүгээс эмчилгээний зардалд 1,672,848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найман/ төгрөг, шатахууны зардал 996,798 /есөн зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найм/ төгрөг нийт 2,669,646 /хоёр сая зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Алтангэрэлээс гаргуулан, хохирогч Т.Цэцэгмаад олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин өмгөөлөгчийн зардал болох 800,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.

Гурав: Шүүгдэгч Ч.Алтангэрэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ч.Алтангэрэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтангэрэлийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Түүнд оногдуулсан дээрх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Алтангэрэлд анхааруулж байна.

Ялтан Ч.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заав.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 150см урттай нарс модон шалны мод 1 ширхэг, 167см урттай нарс модон иштэй хогны маажуур 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгахаар шийдвэрлэсэн.

Дөрөв: Шүүгдэгч Д.Оргилын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.Оргилыг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар баг, 6 дугаар хэсгийн 200 тоотод оршин суух гэрийнхээ хашаан дотор Ч.Алтангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Оргилын сонгон авсан өмгөөлөгч М.Гансүхээс “...Алтангэрэл нь архи ууж, ямар ч шалтгаангүйгээр айлд хууль бусаар нэвтэрч, орилж чарлан, агсам тавьсан байдаг. Оргилын хувьд гэр бүлээ бусдаас хамгаалах үйлдэл хийсэн. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан. Харин Алтангэрэл нь тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй, их хэмжээний согтуу байсан. Түүний яриад байгаа зүйл бол Золжаргал гэх энэ хүмүүстэй хамаарал бүхий хүний яриан дээр тулгуурлаж ярьж, мэдүүлэг өгч байна. Хэрэгт цагаатгах материал бараг байдаггүй. 5 гэрчийн мэдүүлэгтэй Золжаргал болон Алтангэрэлийн мэдүүлэг авцалддаггүй, зөрдөг. Хүн худлаа ярьж болно, гэтэл биеийн байдал нь худлаа хэлдэггүй юм. Маш олон тооны гэмтэл учирсан мэтээр тайлбарлаж байгаа боловч деталл эдээр цохилтыг үзвэл таардаг юм. Нүдний баруун зүүн дээр доор гэдэг боловч гарны диаметрээр ийм гэмтэл учрах боломжтой. 1 л цохьсон гэдэг боловч хамар хугарсан нь ямар учиртай вэ? Олон дахин цохьсон байдаг. Энэ суманд цагдаа байдаггүй юм. Энэ хүн агсам согтуу тавьж байгаад явсан болохыг 3 ажилчин хэлсэн. Оргил нь эхнэртэй биш хадам ээждээ санаа зовоод дүү Сумъяаг явуулсан боловч удаан алхаад байсан тул өөрөө араас нь явсан байдаг. Энэ хүн эхнэрийг нь цохиж байхад татаж болиулаад цохьсон. Оргилын хувьд сэтгэл санаа нь ямар байсныг бид тогтоож чадахгүй юм. Яагаад гэвэл энэ хүний эхнэр нь цохиулаад байна, тухайн үед юу гэж бодсоныг хэлж мэдэхгүй. Эрүүгийн хуулинд заасан байгаа, энэ хүний үйлдлийг зөвшөөрсөн. 100 залууг зогсоогоод эхнэрээ цохиж байхыг хараад яах вэ? гэвэл хэн ч цохино. Оргил түүний эхнэрийг нь зодоод дууссаны дараа араас нь очоод Алтангэрэлийг зодсон бол яахав хамаагүй. Гэтэл Оргил гэдэг хүний тухайн үеийн сэтгэл зүйг тогтоолгож чадахгүй шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад гарсан тогтоол нь бүр арай ч дээ гэмээр байсан. Би Цолмонгэрэл прокурорт хэлж л байсан. Улсын яллагчаас асуумаар байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг хэзээ хэрэглэж болохыг та нар тайлбарлаж өгнө үү? Зүгээр нэг үл ялиг зүйлээс болоод цохьсон бол яахав. Хэрэг бүр өөр өнгөтэй байж болно. 2 гэрчийн хэлснээр хохирогч Цэцэгмаагийн толгойн цусыг нь тогтоох гэж пудволкоороо боогоод барьж байсан гэж хэлсэн. Энэ яагаад хөнгөн хохирол учирсан болохыг ойлгохгүй байна. Толгой нь задарсан, артерын судас нь тасарсан байдаг. Улсын яллагчаас асууж байна, өөр ямар байдлаар яаж болиулахбайсан бэ?, тийм боломж байсан юм уу? Тиймээс Оргилыг цагаатгаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү”[8] гэж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Нансалмаагаас” “Өмгөөлөгч болсон үйл фактын авч үзэхэд 1 согтуу, 3 эрүүл хүн байсан. Тулгарсан, аюултай зүйл байсан гэж яриад байна. Гэтэл болж байгаа факт нь Алтангэрэл нь Цэцэгмааг цохиж байхад Сумъяа орж ирээд маргалдаж байхад нь Оргил орж ирээд цохьсон байгаа юм. Энэ нь үнэхээр тулгарсан асуудал байсан уу? Энэ хашаанд Цэцэгмаа, Алтангэрэл хоёроос өөр хүн байхгүй байсан бол яахав. Гэтэл эхлээд Сумъяа орж ирсэн болохыг Золжаргал гэрчлээд байна. Алтангэрэл хүртэл мэдүүлгэндээ хэлдэг. Золжаргал гэдэг хүн чинь харсан үзсэнээ үнэн зөв хэлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс энэ мэдүүлэг нь Алтангэрэлийн хэлж буйтай таарч байна.  Шүүгдэгч Оргил хүртэл өөрөө хэлж байсан, буруу харж байхад нь цохьсон гэж. Гэтэл өмгөөлөгчийн хэлж байгаа шиг тогтоолыг солиод байдаг талаар би лав мэдэхгүй юм байна. Нотлох баримтын хүрээнд шийдвэрлэе гэсэн саналтай байна. Оргил нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна” гэж талууд хуульд заасан дарааллын дагуу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр харилцан мэтгэлцсэн.[9]

Шүүгдэгч Ч.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хэнгэрэг цоорсон байгаа. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Гэхдээ харилцан зодоон болсон учир гомдол, санал байхгүй байна. Томографын зураг болон эмчилгээний зардал гэх нотлох баримтуудыг гаргаж өгье...” гэж мэдүүлдэг[10]

Шүүгдэгч Д.Оргил гэм буруугийн асуудал шийдвэрлэх хуралдаанд: “...Тухайн өдөр үдээш хойш би хөрөө раман дээр мод зүсч байсан юм. Тэгтэл энэ нөхөр морьтойгоо согтуу ирсэн. Тэгээд 20-30 минут над руу орилсон юм. “Ална, буудна” л гээд байсан. Би согтуу байсан болохоор нь очиж уулзаагүй юм. Тэгтэл орилж байгаад яваад өгсөн юм. Тэгээд би хөрөө раман дээрээс харахад манай хашааны тэнд очоод хаалга онгойлгож орсон. Би дүү Сумьяаг явуулсан юм. Тэгтэл дүү маань их удаан хөдөлгөөнтэй хүн л дээ. Тэгээд би бүтэхгүй нь гэж бодоод өөрөө явсан юм. Тэгээд хаалгаар орох хооронд л манай эхнэрийг шалны модоор цохиж байсан.  Би гараараа хэд цохьсон нь үнэн. Тэгтэл энэ нөхөр эргэж хараад хугархай шалны модоороо цохих гэж байсан, би буцаж ухраад гарт тааралдсан зүйлээрээ цохьсон нь тармуур болж таарсан. Тэгээд эхнэрээ аваад шууд эмнэлэг явсан. Харин хойгуур нь манай хөрөө раманд ажиллаж байсан 2 хүн Алтангэрэлийг моринд нь мордуулаад явуулсан байдаг юм. Тийм болохоор ганцаараа хашаанд байсан гэж яриад байгаа нь худлаа. Сумъяа бол миний араас ирсэн, эгчийнхээ толгойноос цус гарч байгааг хараад ганц хоёр цохьсон байх ... Би Ч.Алтангэрэлийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна....” гэж мэдүүлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан[11] ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл юм.

            Өөрийн болон бусад хүмүүсийн амьд явах эрх гэдэг нь: Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” [12] гэж заасан. Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяамал эрх юм.

Аргагүй хамгаалалт нь хуульд нийцсэн байх нь нэг талаас довтолгоонд (халдлага) хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс шууд хамаарна.

Халдлагад хамаарах нөхцлүүдэд:

а) Халдлага өөрийн обьектив шинжээрээ нийгэмд аюултай байх;

Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн гэмт үйлдэл нь “аргагүй хамгаалалт хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл хохирогч Т.Цэцэгмаагийн амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага хийж, түүний нөхөр буюу /хамгаалагч/ эхнэрийнх нь амь насыг хохироох, бие махбодид нь хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор тэдний хүсэл зоригийн эсрэг хийгдэж байгаа морин дэл дээрээс хүний амин газар толгойн тус газар суран цулбуураар 2 удаа цохиж, шалны модоор толгой руу нь 1 удаа цохиж, халдагч этгээд болох шүүгдэгч Ч.Алтангэрэлийн зүгээс явуулж буй нэн аюултай, хууль зөрчсөн, амь насанд аюултай халдлага” юм.

б) Довтолгоон бодитой, нэгэнт эхэлсэн, дуусаагүй байх;

Бусдын хууль бус халдлага нэгэнт эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ.

Хэрэг учрал болдог өдөр шүүгдэгч Ч.Алтангэрэл нь согтуугаар морь унан, хөрөө рамны хашааны гадна ирээд “...та нарыг ална, буудна, булж хаяна...” гэж нилээд орилж байгаад бусад хүмүүс тоохгүй болохоор Оргилын гэрийн зүг явахыг харсан талаар гэрчүүд гэрчилдэг. Тэр үед Оргил өөрийнх нь гэрийн хашаа руу орохыг хараад дүү Сумьяаг хойноос нь хурдан яваарай гэсэн боловч хөдөлгөөн удаантай байсан тул өөрөө хойноос нь гүйж ороход халдлага нэгэнт эхэлсэн, эхнэрийнх нь толгойноос цус гарч аюул занал бодитой байсан, тиймээс өөрийн ойр дотны хүн буюу эхнэрээ хамгаалах нь эр нөхрийн үүрэг бөгөөд хойшлуулж болохгүй (аргагүйдсэн) нөхцөл байдал бий болж, Д.Оргил аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна.

Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл Д.Оргилын үйлдэл нь:

            Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас ойр дотны хүний буюу эхнэрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл Д.Оргилын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн болон дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан хуулийн заалттай нийцнэ гэж шүүх дүгнэсэн.

            Иймд шүүгдэгч Д.Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Дашзэвэгийн Оргилыг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

            Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар[13] Д.Оргил нь хуулиар хамгаалагдсан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд шүүгдэгч Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй бөгөөд Шүүх, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.

            Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардлын 2 баримт гаргаж өгсөн боловч баримт дутуу байгаа гээд буцаан авч, энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрийн буруутай үйлдэл байсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүхийн өмнө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 61 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 66-67 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 111-112, 148  дугаар талуудад

 

[8] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[9] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[10] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[11] https://www.legalinfo.mn/law/details/367?lawid=367

[12] Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, УБ., 2000 он, 82 дахь тал

[13] https://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6, 3, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Дашзэвэгийн Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Дашзэвэгийн Оргилыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Чоймболын Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Хохирогч Т.Цэцэгмаагийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 1,672,848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найман/ төгрөг, шатахууны зардал 996,798 /есөн зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найм/ төгрөг нийт 2,669,646 /хоёр сая зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Алтангэрэлээс гаргуулан, хохирогч Т.Цэцэгмаад олгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтангэрэлийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Алтангэрэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

5. Ялтан Ч.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй.

6. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 150см урттай нарс модон шалны мод 1 ширхэг, 167см урттай нарс модон иштэй хогны маажуур 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

7. Ялтан Ч.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ