Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01617

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01617

 

 

 

 

Д.Г -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэрээр Б.Т , Б.Г нараас 14 528 925.27 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 20 байр 42 тоот, 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаарт бүртгэлтэй миний хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71 295 050 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг бөгөөд хуучны орон сууц тул ариун цэврийн өрөө, гал тогооны харанхуй өрөө, коридорын талбай нь өмчлөх эрхийн гэрчилгээнд ороогүй, орвол нийт 60 гаруй м.кв болно. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн баруун бүсэд байрлалтай уг үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй адил 2 өрөө орон сууцнууд 76 000 000-80 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71 295 050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаартай шийдвэрээр Б.Т , Б.Г нараас 145 528 925 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 955 795 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нараас төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Т , Д.Г нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205006011 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Б.Т , Б.Г нар үнийн санал ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 130 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулахад 71 295 050 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний тайлан мэдэгдлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 12-р хороо, 6-р бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй, хуучны орон сууц бөгөөд ариун цэвэр, гал тогоо, харанхуй өрөө, коридорын талбай нь эрхийн гэрчилгээнд ороогүй ба орвол нийт 60 гаруй м.кв болно. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн баруун бүсэд байрлалтай уг үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 2 өрөө орон сууцнууд 76 000 000- 80 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэтэл шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71 295 050 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгсөн боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал харагдахгүй байна. Учир нь үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар орон сууцны хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийсэн гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 569 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 822 дугаар гүйцэтгэх хуудас, 9120 дугаар захирамж зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Б.Т , иргэн Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 байр, 42 тоот, 29 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 38,42/ Энэ ажиллагаанд мөн дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтад маргаангүй. Харин дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээ бодитой хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нь шинжээчийг үл хөдлөх эд хөрөнгийн төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй зэрэг нөхцлийг тооцоолоогүй зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо нотолсон баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө болох төлбөр төлөгч Б.Т , иргэн Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 байр, 42 тоот, 29 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд 71 295 050 төгрөгийн үнэлгээ тогтоохдоо үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт, ойр байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журамд харшлаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүйн гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД