Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00701

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1617 дугаар магадлалтай,          

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох         

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэрээр Б.Түмэнжаргал, Б.Гансүрэн нараас 145,528,925.27 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 байр 42 тоот, 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаарт бүртгэлтэй миний хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг бөгөөд хуучны орон сууц тул ариун цэврийн өрөө, гал тогооны харанхуй өрөө, коридорын талбай нь өмчлөх эрхийн гэрчилгээнд ороогүй, орвол нийт 60 гаруй м.кв болно. 2020.03.27-ны өдөр Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн баруун бүсэд байрлалтай уг үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй адил 2 өрөө орон сууцнууд 76,000,000-80,000,000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаартай шийдвэрээр Б.Түмэнжаргал, Б.Гансүрэн нараас 145,528,925 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 955,795 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нараас төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Түмэнжаргал, Д.Г нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205006011 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Б.Түмэнжаргал, Б.Гансүрэн нар үнийн санал ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул 2020.02.28-ны өдөр 130 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулахад 71,295,050 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.03.05-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний тайлан мэдэгдлийг 2020.03.06-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020.03.05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1617 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, харанхуй өрөө, коридорын м.кв нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ороогүй ба орвол нийт 60 гаруй м.кв болох юм. 2020.03.27-ны өдрийн Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн баруун бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 2 өрөө орон сууцнууд 76-80 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Сэлэнгэ эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006011 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгсөн боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал харагдахгүй байгаа юм. Учир нь үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар орон сууцны хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийсэн гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Д.Г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.28-ны өдрийн 569 дүгээр магадлалаар Б.Түмэнжаргал, Б.Гансүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 145,528,925.27 төгрөг гаргуулан “Голомт банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Намъяжугийн гудамж, 171г байр, 37 тоот хаягт байрлах 76,91 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204020972 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө,  Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2205006011 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцуудаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 42 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг /цаашид орон сууц гэх/ битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус заасан үндэслэл, журмын дагуу явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дүгээр зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай  хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 Д.Г, “Голомт банк” ХХК-д хураагдсан орон сууцны талаарх үнийн санал өгсөн хэдий ч төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Түмэнжаргал үнийн санал гаргаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.02.28-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцны үнэлгээг 71,295,050 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2020.02.28-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн харьцуулалтын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, өрөөний хувьд ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болох бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1617 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА 

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ              

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД