Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00468

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00468

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Бат-Амгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тамир, Д.Эрдэнэцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- миний бие Завхан аймгийн Доной нисэх буудлын даргаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/46 дугаартай тушаалаар ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. Энэхүү хууль бус тушаалаар ажил албан үүргээсээ халагдсан учир би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 183/ШШ2017/01146 дугаар шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоосны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/321 тоот тушаалын дагуу Доной нисэх буудлын даргын албан тушаалд эргүүлэн томилогдсон.

Б- намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр комиссын хүмүүс ирж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/128 тоот тушаал гарч ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж байгаа тухай мэдэгдэж, тушаалд гарын үсэг зур гэсэн. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байгаа учир гарын үсгээ зураагүй. Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын доголдол, дутагдал гаргаагүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн тушаалын үндэслэл нь ямар ч хууль зүйн үндэслэл бүхий тодорхой нотлох баримтгүй байна. Ийм байдлаар үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлж, намайг дахин энэ ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна.

Иймд намайг Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 17 499 488 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 110 өдрөөс 30 өдөр нь ажилдаа ирээгүй ба үүнээс сүүлийн 13 өдөр нь шууд удирдах нэгжийн даргад албан ёсоор хэлж чөлөөний хуудас болон тушаалаар чөлөө аваагүй ажил тасалсан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа доголдсон.

Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, мөн Захиргаа, удирдлагын газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/440 тоот албан бичгээр өгсөн Б- нь орон сууцны үнийн хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд байгууллагын эзэмшлийн 2 өрөө орон сууцанд өөрөө амьдардаггүй, охин нь нөхрийн хамт хоёулаа амьдардаг тул орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Байгууллагын орон сууцанд түр амьдрах хүсэлт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2 ажилтан гаргасан байтал байгууллагын байранд амьдрах хүсэлт, өргөдөл гаргасан ажилтан байхгүй гэж байгууллагыг болон ажилтныг хуурч мэхлэх үйлдэл гаргасан.

Нисэх буудлын хамгаалагдсан бүсэд ургасан өвсийг хадахаар хамгаалагдсан бүсэд нэвтэрч ажилласан талаар харуул талбайн журам сахиулагчид тэмдэглэж бүртгээгүй бөгөөд хадсан 2000 орчим боодол өвсийг хамгаалагдсан бүсээс ачиж гаргасан хүн, автомашин, техник хэрэгслийн бүртгэл байхгүй, мөн хураалттай үлдсэн байсан 200 орчим боодол өвсийг хэзээ хааш нь ачиж гаргасныг тэмдэглээгүй, бүртгээгүй байсан бөгөөд шалгалтын дараа нөхөж баримтууд бүрдүүлсэн.

Дээрх зөрчил, алдаа дутагдалууд нь Б-гийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдож, мөн нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан бөгөөд энэ нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын 2017-2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагчийн 2018 оны 180/18 дугаар дүгнэлт, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 5/199 тоот албан бичиг, шууд хариуцах удирдлагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, Завхан аймаг дахь Тосонцэнгэл нисэх буудлын мэдэлд шилжүүлсэн болно. Тушаал гаргаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан боловч өөрөө сайн дураар хийгээгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалын шатлалыг бууруулснаас бус ажлаас халаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Жадамбын Бяхаржалбууг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны олговорт 9 801 330 төгрөг гаргуулан Б-д олгож, үлдсэн 7 698 158 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 171 771 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрэзс нь бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайлбал дээр дурдсан хугацаанд Б- өвчний улмаас чөлөөтэй байсан гэх эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас баримтуудад "Завхан аймаг дахь нисэх буудал"-ын тэмдэг дарагдсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгчдөөс нэхэмжлэгчид холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Журам зөрчин олгосон орон сууцны хөнгөлөлтийг гаргуулах" тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14121 дугаар захирамжийг гаргасан байдаг. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу улсын төсвөөс санхүүждэг байгууллага болохын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд энэ талаар ч сөрөг нэхэмжлэлд дурдсан байтал хүлээн авахаас татгалзсан нь хууль бус юм.

Мөн дээрх захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар "...гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй" байх боловч дээрх захирамж гарснаас хойш даруй 6 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг зарлан хуралдуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлан, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

дын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 㺺 濿 мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу 俿뿿 . Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч талаас Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа Завхан аймгийн Доной нисэх буудлаас нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2018/10187 дугаар захирамжаар хүлээн авч шийдвэрлэжээ.

 

Уг захирамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлаас ирүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/484 тоот Түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, эмнэлэгийн магадлагаа, эмнэлгийн хуудас, Завхан аймгийн Доной нисэх буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг түр эзэмшүүлэх гэрээ гэх баримтуудад Завхан аймаг дахь нисэх буудал гэсэн тэмдэг дарагдаж, хуулбар үнэн гэсэн бичилт хийгджээ. Эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтууд нь эх хувиар, хэрэв эх хувиар биш бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүйгээс гадна мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хуулбар үнэн гэж тодорхойлж буй байгууллагын өөрийн гаргасан баримтад хамаарахгүй юм. /хх 122-132 дахь тал/

 

Хуулийн шаардлага хангаагүй уг баримтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/14121 дүгээр захирамж гарснаас хойш 6 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг явуулсан нь хариуцагчаас уг захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй боловч шүүх хуралдаан дээр хариуцагч талаас уг захирамжид гомдол гаргах эсэх талаар маргаагүй, хүсэлт гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах хугацаа олгоогүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА