Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум, 0 дүгээр баг, Богдын гол цэнгэлдэх, 0 дугаар гудаэмжны 0 тоот хаягт оршин суух, Б /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Буянт-Ухаа өөрийн байранд байрлах, Ихолбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.                                   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Завхан аймгийн Доной нисэх буудлын даргаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/46 дугаартай тушаалаар ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр харилцан тохиролцсон гэсэн худал, хуурмаг үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцлан намайг ажлаас халсан юм. Энэхүү хууль бус тушаалаар ажил албан үүргээсээ халагдсан учир 2017 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 183/ШШ2017/01146 дугаар шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоосны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/321 тоот тушаалын дагуу Доной нисэх буудлын даргын албан тушаалд эргүүлэн томилогдсон. Ж.Б эмнэлэгт хэвтэж байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр комиссын хүмүүс ирж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/128 тоот тушаал гарч ажлаас чинь чөлөөлж, өөр ажилд шилжүүлж байгаа тухай мэдэгдэж, тушаалд гарын үсэг зур гэсэн. Тухайн үед Б.Б нь эмнэлэгт хэвтэж байгаа учир гарын үсгээ зураагүй. Мөн ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын доголдол, дутагдал гаргаагүй. Иймд Ж.Бг Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн томилуулж, ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн цалин хөлстэй тэнцэх хөлс нийт 17 464 188 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 110 өдрөөс 30 өдөр нь ажилдаа ирээгүй ба үүнээс сүүлийн 13 өдөр нь шууд удирдах нэгжийн даргад албан ёсоор хэлж чөлөөний хуудас болон тушаалаар чөлөө аваагүй ажил тасалсан, үүнээс үүдэн нисэх буудлын даргыг түр орлон гүйцэтгэх тухай тушаал шийдвэргүйгээр холбооны инженер Н. хууль бус тушаал гаргаж холбогдох хууль журам зөрчигдөж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа доголдсон. Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, мөн Захиргаа, удирдлагын газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/440 тоот албан бичгээр өгсөн Ж.Б нь орон сууцны үнийн хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд байгууллагын эзэмшлийн 2 өрөө орон сууцанд өөрөө амьдардаггүй, охин нь нөхрийн хамт хоёулаа амьдардаг тул орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Байгууллагын орон сууцанд түр амьдрах хүсэлт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2 ажилтан гаргасан байтал байгууллагын байранд амьдрах хүсэлт, өргөдөл гаргасан ажилтан байхгүй гэж байгууллагыг болон ажилтныг хуурч мэхлэх үйлдэл гаргасан. Нисэх буудлын аэродромын хамгаалагдсан бүсэд ургасан өвсийг хадахаар хамгаалагдсан бүсэд нэвтэрсэн автомашин, техник хэрэгсэл, хүн хүч хэзээ орж, хэдий хугацаагаар ажилласан талаар харуул талбайн журам сахиулагчид тэмдэглэж бүртгээгүй бөгөөд түр нэвтрэх үнэмлэхгүй нэвтрүүлсэн, хадсан 2000 орчим боодол өвсийг хамгаалагдсан бүсээс ачиж гаргасан хүн болон автомашин, техник хэрэгслийн бүртгэл байхгүй, мөн хураалттай үлдсэн байсан 200 орчим боодол өвсийг хэзээ хааш нь ачиж гаргасныг тэмдэглээгүй, бүртгээгүй байсан бөгөөд шалгалтын дараа нөхөж баримтууд бүрдүүлсэн. Дээрх зөрчил, алдаа дутагдлууд нь Ж.Бгийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдож, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байгаа, мөн нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан бөгөөд энэ нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын 2017-2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагчийн 2018 оны 180/18 дугаар дүгнэлтэд дурдсан шаардлага, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 5/199 тоот албан бичиг, шууд хариуцах удирдлагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, Завхан аймаг дахь Тосонцэнгэл нисэх буудлын мэдэлд шилжүүлсэн болно. Тушаал гаргаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан боловч өөрөө сайн дураар хийгээгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалын шатлалыг бууруулснаас бус ажлаас халаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ж.Б нь Ихолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 294 хоногийн цалинтай тэнцэх олговорт 17 464 188 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар анх 2011 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байх ба 2017 оны 02 сарын 13-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ний өдрийн 183/ШШ2017/01146 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосны үндсэн дээр 2017 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Доной нисэх буудлын даргаар эгүүлэн томилжээ. /хх-30-38/

 

Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар нисэх буудлын даргын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдсон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх зөрчил дутагдал үүссэн гэх үндэслэлээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5, 3.5.1.1, 3.8.2, 3.8.3.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, Завхан аймаг дахь Тосонцэнгэл нисэх буудлын мэдэлд шилжүүлэв гэжээ. 

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нэхэмжлэгчийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан албан тушаалын шатлал бууруулж, өөр ажилд шилжүүлэн томилсноос бус ажлаас халаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Ж.Бг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

 

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчиж, байгууллагын үйл ажиллагаа доголдсон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх зөрчил дутагдал гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулах байтал албан тушаалыг буруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэх ойлголтод хамаарах юм.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 05 сарын 07-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 110 өдрөөс 30 өдөр нь ажилдаа ирээгүй ба үүнээс 13 өдөр нь шууд удирдах нэгжийн даргад албан ёсоор хэлж чөлөөний хуудас болон тушаалаар чөлөө аваагүй ажил тасалсан, байгууллагын эзэмшлийн 2 өрөө орон сууцанд өөрөө амьдардаггүй, охин нь нөхрийн хамт хоёулаа амьдардаг тул орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, нисэх буудлын аэродромын хамгаалагдсан бүсэд ургасан өвсийг хадахаар хамгаалагдсан бүсэд нэвтэрсэн автомашин, техник хэрэгсэл, хүн хүч хэзээ орж, хэдий хугацаагаар ажилласан талаар харуул талбайн журам сахиулагчид тэмдэглэж бүртгээгүй бөгөөд түр нэвтрэх үнэмлэхгүй нэвтрүүлсэн, хураалттай үлдсэн байсан 200 орчим боодол өвсийг хэзээ хааш нь ачиж гаргасныг тэмдэглээгүй, бүртгээгүй...” гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлээр няцаагдаж байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тус тус өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болох нь Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч Б.А 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 180/18 дугаартай дүгнэлт, эмнэлгийн магадалгаа зэрэг баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч дээрх эмнэлгийн магадлалд хамаарахгүй 13 хоног ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлоогүй байна./1-р хх-ийн 241-245/

 

Түүнчлэн Ж.Б ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч гомдол гарган шийдвэрлүүлж байх явцад Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын үүргийг Д. гүйцэтгэж байсан, уг үүргээ гүйцэтгэх явцдаа Нисэх буудлын аэродромын хамгаалагдсан бүсэд ургасан өвсийг хадуулж, 2000 орчим боодол өвсийг хамгаалагдсан бүсээс ачиж гаргасан атал уг өвсийг хадах хүн, автомашин, техник хэрэгслийг оруулж, гаргахдаа бүртгэл хөтлөөгүй, хураалттай байсан 200 орчим боодол өвсийг хэн хэзээ хааш нь гаргасныг бүртгэж тэмдэглээгүй гэх зөрчлийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажиллах болсон нэхэмжлэгч Ж.Бд хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал дээрх үйл явдал нь нэхэмжлэгч Ж.Бг  ажлаа хүлээж авахаас өмнө цаг хугацаанд хамаарч байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-51, 136/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/482 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Бгийн орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан тул байгууллагын орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэж өгсөн үүрэг даалгаврыг шалтгаангүйгээр биелүүлэхгүй гэсэн зөрчилд сануулах арга хэмжээ авсан атлаа дахин 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөр ажилд шилжүүлэх үндэслэл болгосон нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж үзэхээр байна./1-р                   хх-ийн 47, 2-р хх-ийн 4/

 

            Түүнчлэн талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын Завхан аймаг дахь Доной нисэх буудлын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланд тусгагдсан аэродромын техникч Д.Аг байранд оруулахыг даалгасан үүрэг биелэгдсэн болох нь байгууллагын эзэмшлийн орон сууцыг Д. түр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар орон сууцыг түр эзэмшүүлэх гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /1-р хх-ийн 238-240/

 

            Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих бөгөөд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулах байтал хуульд заагаагүй албан тушаалыг буруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Бг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69  дүгээр зүйлийн 69.1-т ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба нэхэмжлэгч 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн 2019 оны 05 сарын 10-ний өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаа дэмжиж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд олговрыг тооцож олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Ж.Бгийн 2018 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингийн дундаж 1 277 162 төгрөг байх ба түүний ажилгүй байсан 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ний өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн дундаж цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцоход нэхэмжлэгчийн тодорхойлсон 17 464 188 төгрөгийн шаардлага үндэслэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 245 270 төгрөг, нийт 315 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч  Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 04 сарын        06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ний өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 464 188 төгрөгийг гаргуулж, Ж.Бд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 315 470 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ