Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00609

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11ий өдрийн 102/ШШ2018/00168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Пүрэвжалд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Пүрэвжалын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Д.Баттулга

Хариуцагч: Д.Пүрэвжал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баттулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Пүрэвжал нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр махгүй болчихлоо, 50 000 зээлээч, ирэх 7 хоногт өгье гэхээр нь би Зоригоо ахтай хамт очиж 50 000 өгсөн, хэд хоногийн дараа мөнгөө нэхсэн чинь цагдаад танилтай бас янз бүрийн муу хүмүүс байна шүү гэх зэрэг янз бүрийн шалтаг хэлээгүй өгөхгүй байсан. Иймд хариуцагчаас 50 000 төгрөг гаргуулж өгнө үү. 10 000 төгрөгөө буцааж авсан нь үнэн гэжээ

Хариуцагч Д.Пүрэвжалын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Би Топаз рестораны үүдэнд Энхтайвантай таараад хамт баар руу орсон. Тэнд Камелла гэж хүн байсан, тухайн үед бид нилээд уусан байсан. Камелла гэдэг хүн нь цагдаагийн хурандаа гэж хэлсэн, бид танилцсан. Тэр өдөр миний цүнхэнд байсан мөнгө, зүүж байсан ээмэг бөгж алга болсон. Би тэр өдөртөө цагдаагийн байгууллагад хандсан. Би Баттулгад танай найзаас авах ёстой мөнгө байгаа, тэрийг аваад мөнгөө өгье гэж хэлсэн. Надад ч адилхан хохирол учирсан, би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн, гэхдээ Баттулга нь 50 000 төгрөг өгчихөөд буцаагаад 10 000 төгрөгөө авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвжалаас 40 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвжалаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Пүрэвжал давж заалдах гомдолдоо: ...Миний бие Д.Баттулгаас 50 000 төгрөгийг авсан бөгөөд тэр даруйдаа 10 000 төгрөгийг буцаан өгсөн. Одоогоор ажил хийх боломжгүй байгаа тул Д.Баттулгын найзаас мөнгөө авчихвал нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлөхөд бэлэн байна... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Баттулга нь хариуцагч Д.Пүрэвжалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 50 000 төгрөгөөс нэхэмжлэгч 10 000 төгрөгийг буцааж авсан, Д.Баттулгын найз миний эд хөрөнгийг хулгайлсан тул төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Баттулга нь хариуцагч Д.Пүрэвжалтай 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 50 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлж, мөнгөө өгсөн даруйдаа 10 000 төгрөгийг буцаан авсан талаар хэн алин нь маргаагүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Д.Баттулгын найз Камелла гэх хүн миний эд хөрөнгийг хулгайлсан тул зээлсэн мөнгийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 40 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Д.Пүрэвжалын эд хөрөнгөө хулгайд алдсан гэх асуудал нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөө буцаан өгөхгүй байх үндэслэл болохгүй боловч зохих этгээдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11ий өдрийн 102/ШШ2018/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Пүрэвжалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ЦОГТСАЙХАН