Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00168

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00168

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Боржигин овогт Д.Б /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Боржигин овогт Д.П /РД: ..../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Пнь 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр махгүй болчлоо, 50,000 зээлээч, ирэх 7 хоногт өгье гэхээр нь би Зоригоо ахтай хамт очиж 50,000 өгсөн, хэд хоногийн дараа мөнгөө нэхсэн чинь цагдаад танилтай бас янз бүрийн муу хүмүүс байна шүү гэх зэрэг янз бүрийн шалтаг хэлээгүй өгөхгүй байсан. Иймд хариуцагчаас 50,000 төгрөг гаргуулж өгнө үү. 10,000 төгрөгөө буцааж авсан нь үнэн гэв.

 

 Хариуцагч Д.Пын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Би Топаз рестораны үүдэнд Энхтайвантай таараад хамт баар руу орсон. Тэнд Камелла гэж хүн байсан, тухайн үед бид нилээд уусан байсан. Камелла гэдэг хүн нь цагдаагийн хурандаа гэж хэлсэн, бид танилцсан. Тэр өдөр миний цүнхэнд байсан мөнгө, зүүж байсан ээмэг бөгж алга болсон. Би тэр өдөртөө цагдаагийн байгууллагад хандсан. Би Баттулгад хэлсэн танай найзаас авах ёстой мөнгө байгаа гэхэд үгүй миний сайн хүн гэсэн. Надад ч адилхан хохирол учирсан, би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн, гэхдээ Баттулга нь 50,000 төгрөг өгчихөөд буцаагаад 10,000 төгрөгөө авсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Б.Паас 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 50,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 10,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө буцааж авсан, Д.Бын найз нь миний эд хөрөнгийг хулгайлсан тул төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Д.Птай 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулж, 50,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., мөн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. гэжээ. Зохигчид зээлийн гэрээгээр хүү төлөх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч хүү шаардаагүй бөгөөд харин хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр мөнгө зээлэхдээ дараа 7 хоногт буцааж төлье гэсэн тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.Бнь хариуцагчид 50,000 төгрөгийг өгсөн даруйдаа 10,000 төгрөгийг буцаан авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 40,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн хариуцагч Д.Пнь ... Баттулгын найз Камелла миний эд хөрөнгийг хулгайлсан тул би энэ мөнгийг хариуцахгүй гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 40,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргадаггүй. Нэхэмжлэгчийн танил нь хариуцагчийн эд хөрөнгийг авсан нь түүнийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Паас нийт 40,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Паас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.