Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02500

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02500

 

 

 

 

Б.Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтангалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Гантулгад холбогдох

5 275 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Гантулга, Б.Пүрэвхүү нар 2012 онд хамтран бизнес хийж, хуучин машин авч үнийг өсгөн зарж ашиг олохоор ярилцан тохиролцож, мөнгө хэрэгтэй байсан тул Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан нартай зөвшилцөж, тэдний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Гүн түншлэл ББСБ-аас 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээнд Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.Пүрэвхүү нар гарын үсэг зурсан бөгөөд О.Гантулга зээлийн гэрээ байгуулах үед бичиг баримт байхгүй байна гээд гарын үсэг зураагүй байдаг. Б.Пүрэвхүү зээлээр олгосон мөнгийг Хас банк ХХК-иас авч тэр даруйд нь О.Гантулгад өгсөн, О.Гантулга мөнгө надад байж байг гэж хэлсэн байдаг. О.Гантулга, Б.Пүрэвхүү 2 байраа барьцаалж мөнгө зээлж тусалсны хариуд шагнал болгож өгөхөөр амалсан 1 500 000 төгрөгийг О.Гантулга нь Ж.Буяннэмэхэд тоолж өгсөн. Дараа нь Б.Пүрэвхүү хямд үнэтэй машин оллоо, хоёулаа худалдаж авья мөнгөө яасан бэ гэхэд О.Гантулга төв дэлгүүрийн тэнд газар авсан, гэрчилгээг нь гарахаар банкинд барьцаанд тавиад мөнгө авья гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө яасан гэж асуухад худал үнэн зүйл ярьж булзааруулан зээл гарах гэж байгаа гэх мэтээр ярьдаг байсан. О.Гантулга, Б.Пүрэвхүү 2 авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Эхний 2 сарын зээлийн төлөлтийг Б.Пүрэвхүү н.Өлзий гэдэг хүнээс мөнгө зээлж хийсэн. Үүнээс хойшхи төлөлтийг хийж чадаагүй байхад Гүн түншлэл ББСБ ХХК шүүхэд Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.Пүрэвхүү нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.Пүрэвхүү нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг З.Амарбаясгалан нь биелүүлж төлбөрийг төлж, төлсөн мөнгөө Б.Пүрэвхүүгээс буцаан шүүхээр нэхэмжилсэн. Б.Пүрэвхүү энэ шаардлагыг нь зөвшөөрч 10 550 284 төгрөгийг З.Амарбаясгаланд төлөхөөр эвлэрэн хэлэлцэж талуудын эвлэрлийг Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар баталгаажуулсан. Б.Пүрэвхүү 10 550 284 төгрөгийг төлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сар бүр Б.Пүрэвхүүгийн цалингаас суутгал хийдэг. Б.Пүрэвхүү энэ төлбөрийг ганцаараа хариуцах нь зүйлд нийцэхгүй. Учир нь дээр дурдсан зээлсэн 10 000 000 төгрөгийг О.Гантулга авч хэрэглэсэн. О.Гантулга нь ...Б.Пүрэвхүү бид 2 энэ мөнгийг хувааж авсан. Мөнгийг төлнө гэж тайлбар өгсөн байгаа. Иймд Б.Пүрэвхүү, О.Гантулга нар нь хамтран бизнес хийх зорилгоор зээл авсан тул О.Гантулга нь 10 550 284 төгрөгийн төлбөрийг хувааж хариуцах нь зөв гэж бодож байна. Иймд О.Гантулгаас 5 275 142 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Гантулга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Багануур дүүрэгт З.Амарбаясгалан, Ж.Буяннэмэх гэж хүмүүсийн өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу тэдний байрыг 10 000 000 төгрөгийн барьцаанд Б.Пүрэвхүү бид 2 тавьсан. Мөн 1 500 000 төгрөгийг байрны эзэн болох З.Амарбаясгалан, Ж.Буяннэмэх нарт байраа барьцаанд тавиулсан учраас шагнал болгож бид хоёр дундаасаа өгсөн. 4 250 000 төгрөгийг Б.Пүрэвхүү бид 2 хувааж авсан. Тус байрыг Гүн түншлэл ББСБ ХХК-д барьцаанд тавьсан учраас сарын эхний төлөлт болоход Б.Пүрэвхүү бид хоёр тус бүр 310 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш Б.Пүрэвхүү нь тус мөнгөнөөс нэг ч удаа өгөөгүй, ажлаасаа гарч өөр орон нутаг руу явсан бөгөөд өөртэй нь холбоо барих утасны дугаараа сольж алга болсон. Шүүхийн байгууллагад хаяг тогтоолгохоор байрны эзэн болох З.Амарбаясгалан эгч бид 2 удаа дараа хөөцөлдөж хаягийг нь тогтоолгож Б.Пүрэвхүүг олсон. Б.Пүрэвхүү нь шүүхийн тайлбартаа тухайн үед би мөнгө зээлж авсан гэдгээ бичгээр илэрхийлж өгсөн байдаг. Байраа барьцаанд тавиулсан З.Амарбаясгалан эгчээр би зээлсэн мөнгө болох 4 250 000 төгрөгийг Гүн түншлэл ББСБ ХХК-д төлүүлсэн. Харин Б.Пүрэвхүү зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй, би 3 000 000 орчим төгрөг өгсөн. Миний мөнгө төлсөн байдлыг З.Амарбаясгалан эгч гэрчлэх болно. Б.Пүрэвхүү зээлсэн мөнгөө өгөөгүй учраас өдийг хүртэл хүү алданги нь өссөөр ирсэн. Б.Пүрэвхүүг алга болсноос хойш би З.Амарбаясгалан эгчтэй байнга түүнийг хайж байсан. Харин одоо Б.Пүрэвхүү надаас 5 000 000 гаруй төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн өгөх мөнгөө тухайн үед төлж барагдуулсан бөгөөд өөрийнхөө өгөх ёстой мөнгөнөөс илүүг төлсөн юм. Б.Пүрэвхүүгийн нэхэмжилж байгаа мөнгө нь өөрийнх нь авсан мөнгөний өдийг хүртлэх төлөөгүй мөнгөний хүү, алданги нь ороод ийм болсон байх. Би Б.Пүрэвхүүд ямар нэгэн өр төлбөргүй болно. О.Гантулга хэнээс, хэзээ, ямар мөнгө авсан нь тодорхойгүй байна. Гүн түншлэл ББСБ ХХК-ийн холбогдолтой бичиг баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримт гаргуулж танилцсан. Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү, н.Амарбаясгалан, н.Буяннэмэх нар Гүн түншлэл ББСБ ХХК-иас зээл авсан байдаг. О.Гантулга гэж хүний нэр нэг ч байдаггүй. О.Гантулга гэж хүн зээлийн үүрэг, зээлийн харилцаан орсон зүйл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч О.Гантулгаас 5 275 142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвхүүд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: О.Гантулгыг Б.Пүрэвхүүд ямар нэгэн өр төлбөргүй гэж тайлбарлаж байхад шүүх нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор О.Гантулга бусдын өмнө үүрэг хүлээж, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг анхааралдаа авч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь хариуцагч О.Гантулгад холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан гэж 5 275 142 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч би өөрийн авсан мөнгөө төлсөн гэж маргажээ.

Зохигчид хамтран бизнес хийх зорилгоор Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан нартай харилцан тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тэдний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Гүн түншлэл ББСБ ХХК-иас 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, дээрх 10 000 000 төгрөгөөс 4 250 000 төгрөгийг О.Гантулга, 4 250 000 төгрөгийг Б.Пүрэвхүү хүлээн авсан болох нь хэргийн 52-55 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсоноос гадна энэ нь талуудын маргааны зүйл биш байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Гүн түншлэн ББСБ ХХК нь Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.Пүрэвхүү нараас 10 550 284 төгрөгийг гаргуулахаар Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамж /хх-4/, Б.Пүрэвхүү, З.Амарбаясгалан нараас 10 550 284 төгрөг гаргуулахаар Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар /хх-21/ тус тус шийдвэрлэж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, Б.Пүрэвхүү нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөрөө төлж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 4 250 000 төгрөгийг төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан гэх нөхцөл байдал буюу өөрийн татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, түүний өмнөөс нэхэмжлэгч үүргийг гүйцэтгэж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг анхан шатны шүүх анхааралдаа авсангүй гэж гомдлыг хангах боломжгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дах хэсэгт үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхийг үгүйсгэх тохиолдлуудыг заасан. Нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид төлөх ёстой байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн үүрэгт-т төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлэх аливаа үүрэг өөрт нь байхгүй байхад өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ

 

.