Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00465

 

Б.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2500 дугаар магадлалтай,

Б.Пгийн нэхэмжлэлтэй

О.Гд холбогдох

5 275 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г, Б.П нар 2012 онд хамтран бизнес хийж, хуучин машин авч үнийг өсгөн зарж ашиг олохоор ярилцан тохиролцож, мөнгө хэрэгтэй байсан тул Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан нартай зөвшилцөж, тэдний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Гүн түншлэл ББСБ-аас 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээнд Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.П нар гарын үсэг зурсан бөгөөд О.Г зээлийн гэрээ байгуулах үед бичиг баримт байхгүй байна гээд гарын үсэг зураагүй байдаг. Б.П зээлээр олгосон мөнгийг Хас банк ХХК-иас авч тэр даруйд нь О.Гд өгсөн, О.Г мөнгө надад байж байг гэж хэлсэн байдаг. О.Г, Б.П 2 байраа барьцаалж мөнгө зээлж тусалсны хариуд шагнал болгож өгөхөөр амласан 1 500 000 төгрөгийг О.Г нь Ж.Буяннэмэхэд тоолж өгсөн. Дараа нь Б.П хямд үнэтэй машин оллоо, хоёулаа худалдаж авъя мөнгөө яасан бэ гэхэд О.Г төв дэлгүүрийн тэнд газар авсан, гэрчилгээг нь гарахаар банкинд барьцаанд тавиад мөнгө авья гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө яасан гэж асуухад худал үнэн зүйл ярьж булзааруулан зээл гарах гэж байгаа гэх мэтээр ярьдаг байсан. О.Г, Б.П 2 авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Эхний 2 сарын зээлийн төлөлтийг Б.П н.Өлзий гэдэг хүнээс мөнгө зээлж хийсэн. Үүнээс хойшхи төлөлтийг хийж чадаагүй байхад Гүн түншлэл ББСБ ХХК шүүхэд Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.П нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан, Б.П нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг З.Амарбаясгалан нь биелүүлж төлбөрийг төлж, төлсөн мөнгөө Б.Пгээс буцаан шүүхээр нэхэмжилсэн. Б.П энэ шаардлагыг нь зөвшөөрч 10 550 284 төгрөгийг З.Амарбаясгаланд төлөхөөр эвлэрэн хэлэлцэж талуудын эвлэрлийг Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар баталгаажуулсан. Б.П 10 550 284 төгрөгийг төлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сар бүр Б.Пгийн цалингаас суутгал хийдэг. Б.П энэ төлбөрийг ганцаараа хариуцах нь зүйлд нийцэхгүй. Учир нь дээр дурдсан зээлсэн 10 000 000 төгрөгийг О.Г авч хэрэглэсэн. О.Г нь ...Б.П бид 2 энэ мөнгийг хувааж авсан. Мөнгийг төлнө гэж тайлбар өгсөн байгаа. Иймд Б.П, О.Г нар нь хамтран бизнес хийх зорилгоор зээл авсан тул О.Г нь 10 550 284 төгрөгийн төлбөрийг хувааж хариуцах нь зөв гэж бодож байна. Иймд О.Гас 5 275 142 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Багануур дүүрэгт З.Амарбаясгалан, Ж.Буяннэмэх гэж хүмүүсийн өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу тэдний байрыг 10 000 000 төгрөгийн барьцаанд Б.П бид 2 тавьсан. Мөн 1 500 000 төгрөгийг байрны эзэн болох З.Амарбаясгалан, Ж.Буяннэмэх нарт байраа барьцаанд тавиулсан учраас шагнал болгож бид хоёр дундаасаа өгсөн. 4 250 000 төгрөгийг Б.П бид 2 хувааж авсан. Тус байрыг Гүн түншлэл ББСБ ХХК-д барьцаанд тавьсан учраас сарын эхний төлөлт болоход Б.П бид хоёр тус бүр 310 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш Б.П нь тус мөнгөнөөс нэг ч удаа өгөөгүй, ажлаасаа гарч өөр орон нутаг руу явсан бөгөөд өөртэй нь холбоо барих утасны дугаараа сольж алга болсон. Шүүхийн байгууллагад хаяг тогтоолгохоор байрны эзэн болох З.Амарбаясгалан эгч бид 2 удаа дараа хөөцөлдөж хаягийг нь тогтоолгож Б.Пг олсон. Б.П нь шүүхийн тайлбартаа тухайн үед би мөнгө зээлж авсан гэдгээ бичгээр илэрхийлж өгсөн байдаг. Байраа барьцаанд тавиулсан З.Амарбаясгалан эгчээр би зээлсэн мөнгө болох 4 250 000 төгрөгийг Гүн түншлэл ББСБ ХХК-д төлүүлсэн. Харин Б.П зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй, би 3 000 000 орчим төгрөг өгсөн. Миний мөнгө төлсөн байдлыг З.Амарбаясгалан эгч гэрчлэх болно. Б.П зээлсэн мөнгөө өгөөгүй учраас өдийг хүртэл хүү алданги нь өссөөр ирсэн. Б.Пг алга болсноос хойш би З.Амарбаясгалан эгчтэй байнга түүнийг хайж байсан. Харин одоо Б.П надаас 5 000 000 гаруй төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн өгөх мөнгөө тухайн үед төлж барагдуулсан бөгөөд өөрийнхөө өгөх ёстой мөнгөнөөс илүүг төлсөн юм. Б.Пгийн нэхэмжилж байгаа мөнгө нь өөрийнх нь авсан мөнгөний өдийг хүртлэх төлөөгүй мөнгөний хүү, алданги нь ороод ийм болсон байх. Би Б.Пд ямар нэгэн өр төлбөргүй болно. О.Г хэнээс, хэзээ, ямар мөнгө авсан нь тодорхойгүй байна. Гүн түншлэл ББСБ ХХК-ийн холбогдолтой бичиг баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримт гаргуулж танилцсан. Нэхэмжлэгч Б.П, н.Амарбаясгалан, н.Буяннэмэх нар Гүн түншлэл ББСБ ХХК-иас зээл авсан байдаг. О.Г гэж хүний нэр нэг ч байдаггүй. О.Г гэж хүн зээлийн үүрэг, зээлийн харилцаан орсон зүйл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч О.Гас 5 275 142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2500 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.11-ний өдрийн 2500 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Б.П нь О.Гд холбогдуулж 5 сая гаруй төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Шүүх Гантулгыг Б.Пд ямарваа нэгэн өр төлбөргүй гэсээр байхад, нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор О.Г бусдын өмнө үүрэг хүлээж, гарын үсэг зурсан нэг ч зүйл алга. Түүнчлэн ИХШХШ тухай хуулийн 492.2-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх анхааралдаа авсангүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.27ны өдрийн 183/ШШ2017/02022. дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.11-ний өдрийн 2500 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч О.Гас үндэслэлгүйгээр авсан гэх 5 275 142 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Зохигч талууд хамтран бизнес хийх зорилгоор зээл авахдаа, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ж.Буяннэмэх, З.Амарбаясгалан нарын өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан, тэдгээрийн Гүн түншлэл ББСБ-иас авсан 10 000 000 төгрөгөөс 4 250 000 төгрөгийг О.Г, 4 250 000 төгрөгийг Б.П авсан боловч талууд хамтын үйл ажиллагаа явуулаагүй үйл баримтыг  маргаагүй байна.

Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй бөгөөд зохигч нь тус тусын авсан зээлийг буцааж төлсөн эсэх асуудал маргааны зүйл болжээ. Зохигч нь авсан мөнгийг зээлийн гэрээний нөхцлөөр буцааж өгөх учиртайг хэн аль нь тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Б.П нь зээл 10 550 284 төгрөгийг З.Амарбаясгаланд төлөхөөр эвлэрснийг  Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар /хх-21/ шийдвэрлэсэн, уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна. Шүүхийн уг шийдвэрээр Б.П нь зээлийг хариуцаж төлөх болсон тул энэ үеэс эрх нь зөрчигдсөн, шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Хариуцагч нь 4 250 000 төгрөгийг авснаас буцааж төлсөн талаарх баримт, нотолгоог шүүхэд өгөөгүйгээс гадна шүүх хариуцагчийн хүсэлтээр Гүн Түншлэл ББСБ-аас зээлийн эргэн төлөлтийн баримтыг гаргуулж, гэрчээр З.Амарбаясгаланг асуулгаж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн боловч уг баримтаар хариуцагч О.Г 3 000 000 төгрөгийн төлөлт хийсэн, авсан мөнгийг буцааж төлсөн гэх байдал нотлогдоогүй байна.

Зохигч нь хамтран ажиллах зорилгоор бусдын эд хөрөнгийг барьцаанд тавиулж зээлийг хувааж авсан, хамтын үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ хэрэгжээгүй тул хариуцагч нь авсан мөнгийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд зохигчийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон тул уг мөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “...3 000 000 төгрөгийг Гүн түншлэл ББСБ-д байгууллагад төлсөн, ...Б.Пд ямар нэгэн өр төлбөр төлөх үүрэггүй, нотлох баримтгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу, ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02022 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2500 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 99 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА