Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2018/00045

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Ж.Ганчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1980 онд *******т орж ажилласан. Эрдэнэт сувилал цогцолборт яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт ажилдаа явж, өглөөнийхөө урьдчилан сэргийлэх үзлэг үзэж /ойролцоогоор 130 гаруй хүн/ ажилд гарган 08 цаг 20 минутанд үзлэг дуусан өрөөндөө ирээд байтал 09 цагт РМЗ цех дээр дуудлага гарсан. Тэгээд дуудлагаар очиж яаралтай тусламж үзүүлэн 2 дахь шат ЭСА-ийн чих хамар хоолойн эмч Энхбатад өвчтөнийг хүлээлгэн өгсөн. Тэгээд ажилдаа эргээд явж байтал машинд /кабинд/ бие муудан зүрх судасны эм уусан арайхын ажилдаа очсон, ирээд байтал таныг согтуу, архи уусан байна гэж дуудлага өгсөн шалгая гэсэн. Тэгэхээр нь би юун архи зүрхний эм уугаад хэвтэж байна гэсэн. Би шалгуулаагүй. Тэгээд намайг төв цагдаагийн газар авчиран хүчээр үлээлгэсэн. Үлээлгэсэн цаасаа үзүүлээгүй, гарын үсэг зур ч гээгүй. Дараа нь шууд РМЗ-2 цагдаагийн 2-р постон дээр авчиран нэг хуудас дээр гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэсэн. Энэ чинь миний үлээлгэсэн хуудас биш гэсэн. Бие хямраад зүрх өвдөөд байхаар нь хурдан салъя гэж бодоод зурчихсан. Цагдаад нь хэлсэн. Миний цусыг аваад шууд шүүх эмнэлэгт өг гэсэн. Цагдаа дуугараагүй. Маргааш нь ерөнхий эмч Ж.Ганчимэгт үнэн учир байдлаа хэлсэн ч ойлгоогүй. Архи уусан гэж тайлбараа бичиж өг гэсэн. Намайг дарамтлан байж тайлбар бичүүлсэн. Би бие муутай даралт ихтэй. Зүрх судасны өвчтэй байнгын зүрхний эм ууж явдаг хүн. Зүрхний дусаалга уухаар /спиртлэг үнэртэй/ спирт үнэртээд байдаг тал бий. Миний бие ажилдаа эрүүл очсон бөгөөд бүх үзлэгээ хийсэн. ЭСА чих хамар хоолойн эмч Энхбатад хүргэсэн зэрэг манай бүх эмч, жолооч нар мэдэх бөгөөд батлаад өгнө. Сувилалын хяналтын камерт ч бичигдсэн байгаа байх. Намайг дарангуйлан ямар ч үндэслэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байна. Би үйлдвэртээ 30 гаруй жил ажилласан. Намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь ******* ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчээр (яаралтай тусламжийн их эмч) ажиллаж байсан бөгөөд тус түргэн тусламжийн хэсэг нь компанийн ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, гэнэтийн аваар осол, өвчин, бэртэл гэмтлийн үед ажилтанд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, амь насыг нь аврах чиг үүрэгтэй ажилладаг үйлдвэрийн онцгой объект юм. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмчийн орлогч Л.Машбат, тасгийн эрхлэгч Ц.Батаа нарыг тус хэсэг дээр очиход ******* эмч ажлын байран дээрээ согтуу унтаж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Гэрээт цагдаагийн хэсэгт мэдэгдэж, согтолтын зэрэг тогтоож, сорилт хийлгэхэд 1.11 хувийн согтолттой гарсан байна. Мөн ******* өөрөө согтуу байснаа хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгснөөс гадна энэ тухайгаа Эрдэнэт сувиллын цогцолборын удирдлагын багийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өргөтгөсөн хуралд оролцохдоо мэдүүлсэн байна. ******* нь хөдөлмөрийн гэрээний 4.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Б/756 дугаар тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* ХХК-ний Эрдэнэт сувилал цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Хүрэл-очир давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр худалдаа хөгжлийн банкны цаасыг драйгерийн багажинд хийж туршилт хийсэн. Уг туршилтын явцад цаасан дээр согтолтын хэмжээ тухайн өдрийн он сар гарч байсан. Гэтэл гол нотлох баримт болж байгаа драйгер худалдаа хөгжлийн банкны цаасан дээр яагаад он сар нь гарахгүй зөвхөн 1,11 хувь гэх тоо гарах болов? Үүнийг тэрөдрийн миний үлээлгэсэн багажнаас гарсан цаас гэж юугаар тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх хуудсан дээр цаг минут бичээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгтэл согтолын хувь тогтоосон акт дээр 1,11 хувь согтолттой байсан гэдгийг драйгер үлээлгэхээс өмнө мэдээд гарын үсэг зуруулсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тухайн өдөр миний жолоочоор ажиллаж байсан Ю.Отгонбаасай нь замдаа зогсоогүй, архи огт уугаагүй гэдгийг гэрчилсэн. Согтолтын хувь хэмжээ тогтоосон 26 тоот актанд миний гарын үсэг байхгүй зэрэг нотлох баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт Үйлдвэр ХХКийн Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн их эмчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/756 дугаар тушаалд тулгуурлан тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан ба 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлын цагаар ажлын байранд архи уусан согтуу байсан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/756 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.11 дүгээр заалт, Эрдэнэт сувилал цогцолборын Ерөнхий эмчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 42/113 тоот албан бичиг, *******ын бичгээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн тасгийн их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи уугаагүй, зүрхний спиртийн дусаалга уусан байсан гэж маргаж буй боловч түүний ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан болох нь тусгай багажны тусламжтайгаар согтолтын зэргийг тодорхойлсон акт, драйгерийн хуудас, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.11-д заасан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь архи уугаагүй, зүрх судасны эм хэрэглэсэн байсан гэсэн тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдах гомлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ