Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00133

 

  2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2018/00133

                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Э” ХХК-д холбогдох

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж , Ж.Ганчимэг, гэрч Ю.О  , Ө.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1980 онд Эт орж ажилласан. Эрдэнэт сувилал цогцолборт яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт ажилдаа явж, өглөөнийхөө урьдчилан сэргийлэх үзлэг үзэж /ойролцоогоор 130 гаруй хүн/ ажилд гарган 08 цаг 20 минутанд үзлэг дуусан өрөөндөө ирээд байтал 09 цагт РМЗ цех дээр дуудлага гарсан. Тэгээд дуудлагаар очиж яаралтай тусламж үзүүлэн 2 дахь шат ЭСА-ийн чих хамар хоолойн эмч Э-д өвчтөнийг хүлээлгэн өгсөн. Тэгээд ажилдаа эргээд явж байтал машинд /кабинд/ бие муудан зүрх судасны эм уусан арайхын ажилдаа очсон, ирээд байтал таныг согтуу, архи уусан байна гэж дуудлага өгсөн шалгая гэсэн. Тэгэхээр нь би юун архи зүрхний эм уугаад хэвтэж байна гэсэн. Би шалгуулаагүй. Тэгээд намайг төв цагдаагийн газар авчиран хүчээр үлээлгэсэн. Үлээлгэсэн цаасаа үзүүлээгүй, гарын үсэг зур ч гээгүй. Дараа нь шууд РМЗ-2 цагдаагийн 2-р постон дээр авчиран нэг хуудас дээр гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэсэн. Энэ чинь миний үлээлгэсэн хуудас биш гэсэн. Бие хямраад зүрх өвдөөд байхаар нь хурдан салъя гэж бодоод зурчихсан. Цагдаад нь хэлсэн. Миний цусыг аваад шууд шүүх эмнэлэгт өг гэсэн. Цагдаа дуугараагүй. Маргааш нь ерөнхий эмч Ж.Ганчимэгт үнэн учир байдлаа хэлсэн ч ойлгоогүй. Архи уусан гэж тайлбараа бичиж өг гэсэн. Намайг дарамтлан байж тайлбар бичүүлсэн. Би бие муутай даралт ихтэй. Зүрх судасны өвчтэй байнгын зүрхний эм ууж явдаг хүн. Зүрхний дусаалга уухаар /спиртлэг үнэртэй/ спирт үнэртээд байдаг тал бий. Миний бие ажилдаа эрүүл очсон бөгөөд бүх үзлэгээ хийсэн. ЭСА чих хамар хоолойн эмч Э-д хүргэсэн зэрэг манай бүх эмч, жолооч нар мэдэх бөгөөд батлаад өгнө. Сувилалын хяналтын камерт ч бичигдсэн байгаа байх. Намайг дарангуйлан ямар ч үндэслэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байна. Би үйлдвэртээ 30 гаруй жил ажилласан. Намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж , Ж.Г нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Хын гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Д.Х нь Э ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчээр (яаралтай тусламжийн их эмч) ажиллаж байсан бөгөөд тус түргэн тусламжийн хэсэг нь компанийн ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, гэнэтийн аваар осол, өвчин, бэртэл гэмтлийн үед ажилтанд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, амь насыг нь аврах чиг үүрэгтэй ажилладаг үйлдвэрийн онцгой объект юм. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмчийн орлогч Л.Машбат, тасгийн эрхлэгч Ц.Б  нарыг тус хэсэг дээр очиход Д.Х эмч ажлын байран дээрээ согтуу унтаж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Гэрээт цагдаагийн хэсэгт мэдэгдэж, согтолтын зэрэг тогтоож, сорилт хийлгэхэд 1.11 хувийн согтолттой гарсан байна. Мөн Д.Х өөрөө согтуу байснаа хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгснөөс гадна энэ тухайгаа Эрдэнэт сувиллын цогцолборын удирдлагын багийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өргөтгөсөн хуралд оролцохдоо мэдүүлсэн байна. Д.Х нь хөдөлмөрийн гэрээний 4.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Б/756 дугаар тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Д.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Х нь “Э” ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмч /яаралтай тусламжийн их эмч/-ийн  албан тушаалд ажиллаж байсан бөгөөд “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/756 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, "Э" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 5.1, 6.1, согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн 26 дугаар акт, Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмчийн албан бичиг, ажилтны бичгээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн ажилтан Д.Хтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх-5/

Нэхэмжлэгч Д.Х нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө ажилдаа ирж албан ажлын үүргээ гүйцэтгэж байгаад РМЗ-с ирсэн дуудлагын дагуу өвчтөнг нарийн мэргэжлийн эмчид хүргэж өгөн буцаад ажилдаа ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тусгай багажны тусламжтайгаар согтолтын зэргийг тодорхойлсон акт, драйгерийн хуудас, гэрч Л.Машбат, Ц.Батаа, О.Эрдэнэням, Б.Баттайван, Ж.Орхон, А.Сугарсүрэн, Я.Батзориг нарын “... Д.Х согтуу байсан” гэсэн мэдүүлэг, өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, удирдлагын хурлын тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Ажлын ачаалал, зүрх судасны өвчнөөс болж зүрхний эм уусан, архи хэрэглээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302 тоот дүгнэлтээр “... 1.11 гэж уншигдах хэвлэмэл үсэг, тоо тодорч байна”, “...бие өвдсөн талаар Д.Х огт хэлээгүй” гэсэн дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, эмнэлгийн байгууллагад хандаагүй зэрэг үйлдлээр няцаагдаж байна.  Бусад гэрчүүд болох Ө.Буяндэлгэр, Л.Түмэнжаргал, Ц.Нацагдорж нар нэхэмжлэгчтэй /9 цагаас хойш/ биечлэн уулзаагүй тул түүний архи хэрэглэсэн эсэхийг тодорхойлж чадахгүй гэж дүгнэв.

Гэрч Ю.О   нь өвчтөнг тээвэрлэх жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Хыг архи хэрэглээгүй гэсэн бөгөөд зүрхний эм уусан биеийн эрүүл мэндийн байдал муу байсан талаар нотолж чадаагүй, “...мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна.

“Э” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тус компаний ажилчин албан хаагчдад ажилдаа ирэхийн өмнө, ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эмчийн үзлэгээр оруулж, согтолтын хэмжээг багажийн үзүүлэлтээр илрүүлж тогтоодог, энэ нь тухайн компаний хэвшсэн үйл ажиллаагаа болсон байх бөгөөд энэ талаар акт үйлдэгдэн баталгааждаг байна.

Энэ үйл явцыг сайн мэдэх багажийг ажиллуулдаг эрх бүхий албан тушаалтан болох нэхэмжлэгч Д.Х нь сорил өгөхөөс татгалзсан тул Орхон аймгийн Цагдаагийн газарт хандаж, драйгерийн багаж үлээлгэн түүний согтуурлын зэргийг тодорхойлсон бөгөөд аймгийн Цагдаагийн газрын согтуурлын зэргийг тодорхойлох багажны цаасны хүрэлцээ дутмагаас Худалдаа хөгжлийн банкны лого бүхий хэвлэмэл цаасыг ашигласныг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Тусгай багажинд банкны лого бүхий цаас уншигдах боломжтой эсэх талаар туршилтыг талуудыг байлцуулан явуулсан бөгөөд огноо, согтолтын хувь хэмжээ хэвлэгдэж гарч байсан болно.    

Цагдаагийн газраас ирүүлсэн тусгай багажнаас хэвлэгдэн гарсан баримтыг үндэслэн  “Э” ХХК-ний ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож, сорил хийсэн 26 тоот актыг үйлдсэн гэж хариуцагчийн төлөөлөгчид тайлбарлаж байх ба драйгераар үлээлгэсэн цаг хугацаа актанд бичигдсэнтэй эрс зөрүүтэй талаар нэхэмжлэгч тал маргаж байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон согтууруулах ундаа хэрэглэснийг нотлож байгаа баримт эргэлзээтэй байгаа нь тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Хын Эрдэнэт сувилал цогцолборын ерөнхий эмчид хандаж гаргаж байсан  тайлбар няцааж байна. Уг тайлбарыг бичихдээ Д.Х нь хүчинд автсан, ерөнхий эмчийн зүгээс дарангуйлсан гэж байгаа боловч энэ үйлдэл нотлогдохгүй байна.   

“Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд 8.9.11-д заасан зөрчлийг ажилтан Д.Х гаргасан гэж үзнэ.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Э” ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг  зөрчөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч нь хуульд зааснаар чөлөөлөгдөг болохыг дурах нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                     ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын “Э” ХХК-ний Эрдэнэт сувилал цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Х нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц анхны тусламжийн журналийг “Э” ХХК-ний Эрдэнэт сувилал цогцолборт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ