Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/006

 

Б.А нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Б.Ботакөз, шүүгдэгч Б.А, Н.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С, Т.К, хохирогчийн өмгөөлөгч С.Н, орчуулагч А.Е, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Б.А, Н.С  нарт холбогдох эрүүгийн 201604000050 дугаартай хэргийг шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Бн А, 
Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 51 настай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, С овогт Нашаны С  нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын  5 дугаар багийн иргэн Ж.Бын 1 үхрийг бэлчээрээс хулгайлж,  450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.А, Н.С  нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Аы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Сыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6  сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ад ногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Сы цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж  шийдвэрлэжээ.

Шүүгчдэгч Н.С, түүний өмгөөлөгч Я.Сьззд нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сд холбогдох эрүүгийн 201604000050 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 
Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ботакөзын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 19 дүгээр яллах дүгнэлтийг тэр чигээр нь шийтгэх тогтоолд хуулбарлан бичиж, шүүгдэгч Н.Сыг гэм буруутайд тооцсон мөртлөө түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байдлыг шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасныг ноцтой зөрчиж байна. 
Шийтгэх тогтоолд “шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр, хулгайн гэмт хэргийг хамт бүлэглэж
 үйлдсэн Б.А нарын мэдүүлгээр хөтлөгдөшгүй нотлогдож байх тул Н.Сыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэх боломжгүй байна” гэж ганцхан өгүүлбэрээр буруутган, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын баривчлах ял ногдуулж байгаа нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэл муутай байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аы өгсөн мэдүүлгийг хөтлөгдөшгүй нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар эргэлзээтэй болж байна. Үүнд: 
Хэргийн 18 дугаар талд авагдсан шүүгдэгч Б.Аы эхнэр Жадик овогт Машайн Бахытгүлийн мэдүүлэг, хэргийн 22 дугаар талд авагдсан гэрч Жадик овогт Т.Сексенбекийн мэдүүлэг, хэргийн 24 дүгээр талд авагдсан гэрч Харахас овогт Хасений Алданышийн гэрчийн мэдүүлэг, хэргийн 27,28 дугаар талд авагдсан гэрч Х.Нуртугайн мэдүүлэг, хэргийн 36 дугаар тал гэрч Нямсүрэнгийн Юмсүрэнгийн мэдүүлэг, хэргийн 74, 77-78, 80 дугаар талд авагдсан сэжигтэн, яллагдагч Н.Сы мэдүүлэг тус тус авагдсан байна.
Улсын яллагч шүүгдэгч Н.Сы гэмт хэрэг үйлдсэнийг нотлох эд мөрийн баримтаар хурааж авсан гэх ташуур хяналтын прокурорын яллах дүгнэлтэд дурдагддаг боловч анхан шатны шүүгч шүүгдэгч Н.Сыг буруутгахад эд мөрийн баримтаар хурааж авсан ташуурыг яллах талын нотлох баримтад тооцон шийтгэх тогтоолд дурдаагүй буюу үнэлээгүй байна. Гэвч эд мөрийн баримт гэх ташуур нь эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна. Учир нь хэргийн 6 дугаар талд эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд ташуурыг “2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Аы гэрт үзлэг хийж, хураан авсан модон иштэй ташуурыг М.Бахытгүлд үзүүлж, танай гэрт энэ ташуур хэзээнээс бий болсон бэ гэхэд М.Бахытгүл энэ ташуур манай ташуур биш, харин Б.А энэ ташуурыг нэг өдөр нилээн орой харанхуй болсон 20-21 цагийн үед гартаа барьсан согтуу ирсэн. Чи энэ ташуурыг хаанаас авсан юм бэ гэхэд олж авсан ташуур гэж хагас дутуу хариулт өгөөд шууд унтсан” гэж мэдүүлжээ. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд өөрийн үйлдсэн гэх хулгайн хэргийг илчилсэн Б.А нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө яагаад Н.Сы ташуурыг хүлээлгэн өгөөгүй, мөрдөн байцаагч Б.Аы эхнэрээс энэ ташуурын талаар асуухад тэр “олж авсан ташуур” гэж хэлсэн зэрэг нь ташуурыг гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байна. 
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-т Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед ашигласан 950000 төгрөгийн үнэтэй хээр зүсмийн 1 морийг хурааж улсын орлого болгох тухай дурджээ. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч Н.С нь хээр зүсмийн морийг гэмт хэрэг үйлдэхэд ямар замаар, хэзээ, хэрхэн ашигласан тухай дурдаагүй, улсын яллагч “Н.С нь хээр зүсмийн морийг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан нь тогтоогдоогүй, Б.А, Н.С нар явганаар Ж.Бын үхрийг хулгайлсан ба гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа морийг ашигласан учраас хээр зүсмийн морийг улсын орлого болгох шаардлагагүй” гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймээс анхан шатны шүүх ямар ч дүгнэлт өгөхгүй шүүгдэгч Н.Сы өмчлөлийн хээр зүсмийн морийг улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт  шүүгдэгч Б.А, Н.С нар бүлэглэн шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын  5 дугаар багийн иргэн Жетибайн Бын 1 үхрийг бэлчээрээс хулгайлж,  450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ гэжээ. Хэргийн 10,12 дугаар талд хохирогч Ж.Бын мэдүүлэг, хэргийн 42, 163 дугаар талд хохирогчийн эхнэр Е.Ахеркегийн мэдүүлэг тус тус авагдсан бөгөөд уг мэдүүлгээр хүрэн халзан үхэр нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр бэлчээрээс хотонд ирсэн, харин 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өглөө хотноос гарч бага үдийн үед хотонд ирэхэд алга болсон зэрэг нөхцөл байдлууд нь Ж.Бын 1 тооны үхэр нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хулгайд алдагдсан эсэх нь эргэлзээтэй байна. 
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч Б.Ад холбогдох хэргээс  Н.Сы үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2.-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 
Шүүгдэгч Н.Сы өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Уг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Н.Сыг буруутгасан ганцхан өгүүлбэр байдаг. Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагч морийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй гэж, шийтгэх тогтоолд мөн адил эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан мөртлөө Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 950000 төгрөгийн морийг хурааж улсын орлого болгосон. Иймд энэ хэргийн Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:
           Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал зэрэг шалтгааныг тодорхойлно”, 296.2 дахь хэсэгт “ хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно” гэж заажээ.
          Гэтэл  Б.А, Н.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоол хуулийн дээрхи шаардлагатай нийцээгүй байна.Тухайлбал:
            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  яллах дүгнэлтийг хуулбарлан бичсэн байх бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй,шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан шалтгаан, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл, шалтгааныг шүүгдэгч тус бүрээр  тодорхойлоогүй байна.
            Мөн  шүүгдэгч Н.С нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэж байхад ямар нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй, мөн түүний мэдүүлэгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурьдаагүй байна.
             Анхан шатны шүүхийн тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
          Энэ талаар давж заалдсан шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч Я.С нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.
       Түүнчилэн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж ялыг тэнссэж хянан харгалзахдаа хуулийн зүйл заалтыг буруу баримтлах, хохирол гаргуулахдаа иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй.
        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Армен, Н.С нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй. 

    3. Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 


                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ӨМИРБЕК


        ШҮҮГЧИД                    Н.МӨНХЖАРГАЛ    


                                Д.КӨБЕШ