Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01614

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01614

 

 

 

У.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Б ХХК-ийн хариуцагч М.А ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А ХХК, У.Б ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж У.Б ХХК нь услалтын системийн 9 ширхэг ашиглалтын худаг шинээр гаргах, "М.А " ХХК нь нийт 189 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Манай компани нь услалтын системийн 9 ширхэг гүний өрөмдмөл худаг гаргах ажлыг гүйцэтгэж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн актаар ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 2017 оны 11 дүгээр сард ажлын хөлс болох 189 000 000 төгрөгийг "М.А " ХХК бүрэн төлж дуусгах байтал 155 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 34 000 000 төгрөгийг төлөөгүй. М.А " ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлөх ёстой үлдэгдэл төлбөр 34 000 000 төгрөгийг энэ жилийн ургацын борлуулалтын орлогоос төлж барагдуулна. Бидэнд ургацын орлогоос өөрөөр танай төлбөрийг төлөх санхүүгийн боломж байхгүй байгаа тул төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлнө гэсэн байдаг.

Гэрээний 5.1-д үүргээ гүйцэтгэж чадаагүй тал нь нөгөө талдаа хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Тооцоо нийлсэн өдрөөс хойш 240 хоногийн хугацааг хэтрүүлсэн ба хуульд зааснаар алдангийг 50 хувиар хязгаарлаж гэрээний үлдэгдэл төлбөр 34 000 000 төгрөг, алданги 17 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: У.Б ХХК болон М.А ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багын Тавна гэдэг газар Услалтын системийн 9 ш ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид уг гэрээгээр 189 000 000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон ба 155 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт хүнд жил болж хур бороо багатай ган гачиг ихтэй байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдээс болоод ургац алдсан он жил болж өнгөрсөн ба манай компанийн хувьд ч мөн адил ургац алдаж эдийн засгийн хүндрэлд орсон. У.Б ХХК болон М.А ХХК-ийн хооронд байгуулсан 26/2017 тоот гэрээний 4.5-д зааснаар захиалагч нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгсрүүлж өгнө гэж заасан ба өнөөдрийг хүртэл зүгшрүүлж өгөөгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй, усан сангийн хоолой холбох ажил хийгдээгүй мөн худаг ашиглалтанд өгсөн актад заагдсан худгийн чанар үзэмжийн байдал дээр комиссоос өгсөн дүгнэлт дээр заагдсан насос угсарч зүгшрүүлснээс хойш гэж заасан ба өнөөдрийг хүртэл бүрэн зүгшрүүлсэн насос байхгүй байна. Мөн бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн гүйцэд биелүүлсэн гэж үзэхэд хүндрэлтэй байна.

Иймд У.Б ХХК-нь уг гэрээний 5.1-д зааснаар алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.А ХХК-аас /РД:5817145/ ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 000 000 төгрөг гаргуулан, У.Б ХХК-д /РД:2544954/ олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 412 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа талаараа тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон талаар шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн. Гэсэн ч ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан үндэслэлийг анхаарсангүй.

Гэрээний 4 дүгээр зүйлд гүйцэтгэгчийн үүргийг заасан бөгөөд 4.5-д Захиалагчаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгшрүүлж өгнө гэх үүргээ У.Б ХХК нь огт гүйцэтгээгүй, өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийг цооногт угсраагүй, зүгшрүүлээгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй, усан сангийн хоолой холбох ажил хийгдээгүй байсан. Мөн бүх худаг бүрэн бус ажиллагаатай байна. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлдсэн байсан ч шүүх хуралдаанд оролцож чадаагүйн улмаас шүүхэд нотлох баримтаар өгч чадсангүй. Ажлаа бүрэн хүлээлцсэний дараа төлбөр төлөх ёстой, гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр, нэмээд алдангийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч У.Б ХХК нь төлөөлөгч Т.Сайнбаярт олгосон итгэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгожээ. Гэтэл төлөөлөгч нь өөрт олгосон эрхийг хэтрүүлэн эрх олгогдоогүй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлжээ.

Мөн дээрхээс гадна нэхэмжлэл дээр зурагдсан Т.Сайнбаяр гэх гарын үсэг нь хэргийн стандарт баримтууд дээрх гарын үсэг, гарын үсгийн тайллаас ялгаатай байна. Шүүх төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх, нэхэмжлэл дээрх гарын үсгийн зөрүүтэй байдлыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү байдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр өөрөө нэхэмжлэлээ гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаа болон компанийн захирал Д.Мөнхбат нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахтай утсаар холбогдож очиж байгаагаа хэлсээр байхад шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж, шийдвэр гаргасан. Улмаар шүүх хуралдаанд оролцуулаагүйн улмаас нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэл, гарын үсгийн талаарх тайлбараа хэлж, мэтгэлцэж чадаагүйд ихээхэн гомдолтой байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

У.Б ХХК нь М.А ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн гүйцэд биелүүлээгүй тул алданги төлөхгүй гэж маргажээ.

У.Б ХХК нь М.А ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багын Тавна гэдэг газар Услалтын системийн 9 ширхэг ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч У.Б ХХК нь өрөмдмөл худаг 9 ширхэгийн шинээр гаргах, захиалагч М.А ХХК нь ажлын хөлс болгож 189 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх6-7/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

У.Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-1, 1-2, 1-3, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2-1, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2-2, 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2-3, 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3-1, 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3-2, 11 дүгээр сарын 09-ны өдрийн 3-3 тоот худаг ашиглалтанд өгсөн акт гэх баримтуудаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч байгууллагыг зохих журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ. /хх 8-16/

Харин М.А ХХК гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагч компаниас нэхэмжлэгч компанид 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/93 тоот албан бичгээр гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 34 000 000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлт зэргээр нотлогдох тул Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ. /хх18, 19/

Анхан шатны шүүх талууд гэрээний 5.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн, хариуцагчийн үүрэг гүйцэтгээгүй хоногт ногдох алданги 102 000 /34 000 000 х 0,3 хувь/ төгрөг, тооцоо нийлсэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцоход 240 хоног буюу нийт төлөх алданги 24 480 000 /102 000 төгрөг х 240 хоног/ төгрөг гэж зөв тооцоолжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар хязгаарлаж алдангид 17 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-д гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын чанар нь баталгаат хугацаандаа ашиглалтын буруугаас бус доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр үнэ төлбөргүй засварлах бөгөөд хийсэн ажлын чанарт 1 жилийн баталгаа гаргана гэж,

4.5-д захиалагчаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгшрүүлж өгнө гэж тус тус заасан байх бөгөөд захиалагч тал худаг ашиглалтад өгсөн актаар 9 ширхэг худагийг хүлээн авсан буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш гүйцэтгэгчид ажлын доголдлын талаар мэдэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн олгосон итгэмжлэл хуульд нийцээгүй, түүнчлэн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх үндэслэл зааж давж заалдах гомдол гаргажээ.

У.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Авирмэд нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Т.Сайнбаярт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Хэдийгээр итгэмжлэлд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж дурдсан байх боловч уг шүүхийн нэрийг буруу бичсэн байдал нь төлөөлөх эрхийг олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна. /хх 32/

Хариуцагч тал шүүх хуралдааныг товлосон цагт ирэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчиж, шүүх хуралдаанд хоцорч ирснийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэл биш болно. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД