Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1851

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01851                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.09.10-ны өдөр зохигчийн хооронд Услалтын системийн 9 ширхэг ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр "М" ХХК нь нийт 189,0 сая төгрөгийг “У” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Манай компани нь услалтын системийн 9 ширхэг гүний өрөмдмөл худаг гаргах ажлыг гүйцэтгэж 2017.11.09-ний өдрийн актаар ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 2017 оны 11 сард ажлын хөлс болох 189,0 сая төгрөгийг бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч үүнээс 155,0 сая төгрөгийг төлж үлдэгдэл 34,0 сая төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Манай 2 байгууллагын хооронд 2017.09.10-ны өдрөөс 2019.06.12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч нь 34,0 сая төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан. 2019.08.07-ны өдөр “М" ХХК нь манайд гаргасан хүсэлтдээ “манай компани танайд төлөх ёстой үлдэгдэл төлбөр 34,0 сая төгрөгийг энэ жилийн ургацын борлуулалтын орлогоос төлж барагдуулна. Бидэнд ургацын орлогоос өөрөөр танай төлбөрийг төлөх санхүүгийн боломж байхгүй байгаа тул төлбөрийг 2019.12.01-ний дотор бүрэн төлнө” гэсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Гэрээний 5.1-д үүргээ гүйцэтгэж чадаагүй тал нь нөгөө талдаа хоног тутамд 0,3% алданги төлөхөөр тохиролцсон. Тооцоо нийлсэн өдрөөс хойш 240 хоногийн хугацааг хэтрүүлсэн. 34,0 сая*0,3%*240=24,480,000 төгрөг болж байгааг хуульд ззаснаар 34,0 сая төгрөгийн 50% нь 17,0 сая төгрөг болж байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 34,0 сая төгрөг, алданги 17,0 сая төгрөг, нийт 51,0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У” ХХК болон “М” ХХК нь 2017.09.10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багын Тавна гэдэг газар Услалтын системийн 9 ш ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид уг гэрээгээр 189,0 сая төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Бид гэрээг тохиролцсоноос 155,0 сая төгрөгийг төлж барагдуулаад байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт хүнд жил болж хур бороо багатай ган гачиг ихтэй байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдээс болоод ургац алдсан он жил болж өнгөрсөн ба манай компанийн хувьд ч мөн адил ургац алдаж эдийн засгийн хүндрэлд орсон. “У” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 26/2017 тоот гэрээний 4.5-д зааснаар Захиалагч нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгсрүүлж өгнө гэж заасан ба өнөөдрийг хүртэл зүгшрүүлж өгөөгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй, усан сангийн хоолой холбох ажил хийгдээгүй мөн худаг ашиглалтанд өгсөн актад заагдсан худгийн чанар үзэмжийн байдал дээр комиссоос өгсөн дүгнэлт дээр заагдсан насос угсарч зүгшрүүлснээс хойш гэж заасан ба өнөөдрийг хүртэл бүрэн зүгшрүүлсэн насос байхгүй байна. Мөн бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн гүйцэд биелүүлсэн гэж үзэхэд хүндрэлтэй байна. Иймд “У” ХХК-нь уг гэрээний 5.1-д зааснаар алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

У” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн гүйцэд биелүүлээгүй тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

У” ХХК нь “М” ХХК-тай 2017.09.10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багын Тавна гэдэг газар Услалтын системийн 9 ширхэг ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэж, 189,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч буюу “У” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, захиалагч буюу “М” ХХК нь 155,000,000 төгрөг төлж, 34,000,000 төгрөг төлөөгүй, энэ талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2017.10.15-ны өдөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан, 34,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай, энэ талаар маргахгүй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас гаргууллаа.

Талуудын байгуулсан гэрээний 5.1 дэх заалтаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0,3 хувийн алдангийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6-д нийцэж байх тул хэтрүүлсэн хугацаагаар алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хоногт ногдох алдангийг /34,000,000х0,3хувь/ тооцоход 102,000 төгрөг байх бөгөөд үүрэг гүйцэтгэх байсан тооцоо нийлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцоход /102,000х240хоног/ 24,480,000 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох 34,000,000 төгрөгийн тал хувь болох 17,000,000 сая төгрөгийг алдангид тооцлоо.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд /34,000,000+17,000,000/ нийт 51,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 412,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаад энэ өдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 80007796 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа талаараа бие даан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөг гаргуулан, “У" ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 412,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа талаараа тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ