Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00469

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00469

 

 

ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн ажлын байранд заагдсан үүрэгт ажлаа хийгээд явж байтал тус байгууллагын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/20 тоот тушаал гарч, аж ахуйн няравын орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлаж намайг ажлаас чөлөөлсөн.

Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тоог батлах тухай тогтоолыг 2018 оны 2 сард гаргасан байхад нэхэмжлэгчид 2018 оны 3 сард мэдэгдсэн нь тогтоол гарсны дараа мэдэгдсэн. Мөн орон тоо өөрчилсөн, багасгасан захирлын тушаал байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа.

 

Иймд хууль зөрчин гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот захирлын тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж тогтоол гаргасан. Уг тогтоолоор "Аж ахуйн нярав" албан тушаал нь бүтэц орон тооноос хасагдсан тул 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/20 тоот тушаал гаргаж, ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мэдэгдэх хуудсыг хуульд заасан хугацаанд гардуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ц-гийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т холбогдох аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 5-1 зааснаар нэхэмжлэгч ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ц-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ц-гийн ажил олгогч нь ТУЗ биш бөгөөд нэхэмжлэгч нь хэнтэй хөдөлморийн гэрээ байгуулсан, хэн ажил олгогч вэ гэдгийг хууль зүйн талаасаа үнэн зөв бодиттойгоор хуулийг тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна.

Хан уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ газар орон тoo бүтэц зохион байгуулалтаа хэрхэн яаж хийсэн энэ талаар нотлох баримт байхгүй, хариуцагч нь орон тоо хасагдсан гэхээс өөр тайлбар хийж чадахгүй байхад 2018 оны 0З дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлаж ажлаас чөлөөлөөх үндэслэл болсон байна. Манай байгууллагад ямар ч орон тооны цомхтгол хийгдээгүй гэдгийг албан ёсоор тайлбар гаргаж байна. Манай байгууллага татан буугдаагүй орон тоо нь цөөрөөгүй харин ч орон тоогоо нэмэгдүүлэн ирсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ц- нь хариуцагч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ц- нь Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар тус байгууллагад аж ахуйн няраваар томилогдож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/20 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр тогтоол, байгууллагын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр аж ахуйн нярав албан тушаал, бүтэц орон тооноос хасагдсан тул ц-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь аж ахуйн няравын орон тоо хасагдсан шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу гэж, хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлын байр бүтэц, орон тоо хасагдсан нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж маргажээ.

 

Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 тоот байгууллагын зохион байгуулалтын бүцэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг өөрчлөн батлах тухай тогтоолоор кассын нярав 1, аж ахуйн нярав 1 орон тоотой баталсныг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолоор орон тоог шинэчлэн батлахдаа аж ахуйн няравын орон тоо хасагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Ажил олгогч ажилтанд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүхэд гаргасан байна.

 

Мэдэгдлийг ажилтанд өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны Б/20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч ц-гийн Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээд 2019 оны 01 дүгээр сарын 08, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА