Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01597

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01597

 

 

 

Г.А -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00961 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А ийн хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрээр Хармагтайн гол ХХК-иас 756 800 852 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээлийг Г.А аваагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оноос явагдсан байгааг хариуцагч байгууллагаас мэдэгдэхэд мэдсэн. Төлбөр төлөх мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан боловч нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй. Г.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн оролцогч биш. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр явагдах бөгөөд Капитал банк ХХК-д 756 800 852 төгрөг төлөх үүрэг бүхий этгээд биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Г.А т холбогдуулан гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 94495250 дугаарын утаснаас мэдэгдэл хүргүүлнэ гэж ярьж, мөн сарын 14-ний өдөр дуудлага худалдааны мэдэгдэл өгсөнд гомдолтой байна. Г.А нь 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мантууш ХХК-тай захиалгын гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ба өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч байгууллагаас хууль зөрчсөн үйлдлийг явуулж, үндэслэлгүйгээр төлбөр төлөх шаардлагыг тавьж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолоор Хармагтайн гол ХХК-аас 756 800 852 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн Вилла Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 24,25 тоот авто зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, орон сууцны үнэлгээг 880 000 000 төгрөг, авто зогсоол тус бүрийн үнийг 25 000 000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.А т 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг. Гэтэл төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК нь хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс хянаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00632 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/3935 дугаар албан бичээр тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үндэслэлгүй, энэ хэргийг шүүгчийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн талаар хариуг тус албанд ирүүлсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөнд ажиллагаа явуулж анхны албадан дуудлага худалдааны 2019 оны 11/06, 11/07, 11/08, 3/15370 дугаар тогтоол мэдэгдлийг хөрөнгийн өмчлөгч Г.А т 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулахад хүлээн авсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гарын үсэг зурахаас татгалзсан, мөн дээрх тогтоол, мэдэгдлийг мөн сарын 13-ны өдөр оршин суух хаягаар баталгаат шуудангаар төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод, барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.А нарт хүргүүлсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй санал ирээгүй байна. Иймд барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.А ийн гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.А дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Итали улс руу явсан ба мөн оны 5 сарын 02-ны өдөр буцаж ирэхээр онгоцны тиийз авсан байдаг. Баримтаа анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай болон өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг Итали Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүй шийдвэр гаргасан. Дэлхийн олон улс Ковид-19 гэх өвчний улмаас хилийн хорио тогтоосноос нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан давхцсан шалтгаанаа дурдаж холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласнаас гадна өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцож мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжоор хангаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, өмгөөлөгч биечлэн оролцох хүсэлт гаргасаар байхад оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаар тогтоолоор Хармагтайн гол ХХК-аас 756 800 852 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21 799 628.32 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Хармагтайн гол ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла Зайсангийн тойруу 62/6 дугаар байр, А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24,25 тоот зогсоолыг худалдан борлуулж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэжээ. /хх30-44/ Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх 8/

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Цагааншарт ХХК нь татан буугдаж хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар төлбөр төлөгч Цагааншарт ХХК-ийг санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцагч байгууллагадаа тушаагаагүй гэх үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлээс хассан болон БЖЭМ ХХК нь Цагааншарт ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааг 100 хувь эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тушаал, талуудын зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх83-84, 104/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, гүйцэтгэх баримт бичигт заасан эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуульд заасан шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Ж.Мишигбаатар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13985 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасныг шүүхийн харъяалал зөрчсөн гэх үндэслэлээр 181/ШЗ2019/14064 дугаар захирамж гарган хүлээн авахаас татгалзжээ. /хх15-16/ Улмаар нэхэмжлэгч нь уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШТ2020/00001 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн боловч нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах, мөн иргэний хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхэд энэ тогтоол саад болохгүй гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн заалтад нийцжээ. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн харъяаллын талаар маргаж хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргаагүй, 181/ШТ2020/00001 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх137/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД