Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00971

 

Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00961 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1597 дугаар магадлалтай,

Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрээр Хармагтайн гол ХХК-аас 756,800,852 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээлийг Г.Алтанцэцэг аваагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оноос явагдсан байгааг хариуцагч байгууллагаас мэдэгдэхэд мэдсэн. Төлбөр төлөх мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан боловч нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй. Г.Алтанцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн оролцогч биш. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр явагдах бөгөөд Капитал банк ХХК-д 756,800,852 төгрөг төлөх үүрэг бүхий этгээд биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Г.Алтанцэцэгт холбогдуулан гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. 2019.11.12-ны өдөр 94495250 дугаарын утаснаас мэдэгдэл хүргүүлнэ гэж ярьж, мөн сарын 14-ний өдөр дуудлага худалдааны мэдэгдэл өгсөнд гомдолтой байна. Г.Алтанцэцэг нь 2009.10.01-ний өдөр Мантууш ХХК-тай захиалгын гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ба өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч байгууллагаас хууль зөрчсөн үйлдлийг явуулж, үндэслэлгүйгээр төлбөр төлөх шаардлагыг тавьж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 7414 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.03.29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолоор Хармагтайн гол ХХК-аас 756,800,852 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн XI хороо, Грийн Вилла Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 24,25 тоот авто зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, орон сууцны үнэлгээг 880,000,000 төгрөг, авто зогсоол тус бүрийн үнийг 25,000,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017.09.22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2017.09.22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг. Гэтэл төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК нь хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс хянаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.02-ны өдрийн 001/ХТ2019/00632 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2019.10.21-ний өдрийн 6/3935 дугаар албан бичээр тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үндэслэлгүй, энэ хэргийг шүүгчийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн талаар хариуг тус албанд ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөнд ажиллагаа явуулж анхны албадан дуудлага худалдааны 2019 оны 11/06, 11/07, 11/08, 3/15370 дугаар тогтоол мэдэгдлийг хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2019.11.14-ний өдөр гардуулахад хүлээн авсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гарын үсэг зурахаас татгалзсан, мөн дээрх тогтоол, мэдэгдлийг мөн сарын 13-ны өдөр оршин суух хаягаар баталгаат шуудангаар төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод, барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэг нарт хүргүүлсэн. Ингээд 2019.11.20-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй санал ирээгүй байна. Иймд барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгийн гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00961 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.Алтанцэцэг дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1597 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1597 дугаар магадлалыг гардан авч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүхэд хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн байхад нэхэмжлэгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангалгүй хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасныг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх "нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж байсан" талаар магадлалд дурдсан байна. Шүүх гаргасан хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсанд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй ба шүүх үндэслэл бүхий хүсэлт байсан учраас хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Энэ ажиллагаа шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгддэг зүйл. Анхан шатны шүүх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авсныг "нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна" гэж буруутгах ёсгүй бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг биднийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байхад шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг Итали улсаас шүүхийн ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж төлөөлөгч оролцуулах хүсэлтээ шүүхэд гаргасан байдаг. Д.Цэндсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэлийг шүүхэд өгснийг шүүх хүлээн аваагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа "Хармагтайн гол" ХХК-д холбогдуулан явагдаж байгаа болохоос иргэн Г.Алтанцэцэгт холбогдон явагдаагүй. Төлбөр төлөх мэдэгдлийг иргэн Г.Алтанцэцэгт хүргүүлсэн баримт шийдвэр гүйцэтгэлийн материалд байгаа боловч бодит байдал дээр Г.Алтанцэцэгт мэдэгдсэн зүйл байдаггүй. Дуудлага худалдаа болох талаар хугацааг нь дөхсөн үед утсаар хэлсэн байдаг. Эдгээрээр шийдвэр гүйцэтгэлийн газар хууль зөрчсөн ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, эрх ашгаа хамгаалах боломжоор шүүх хангаагүйгээс Г.Алтанцэцэгийн эрх зөрчигдсөн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Алтанцэцэг нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь ...төлбөр төлөх үүрэг бүхий этгээд биш ... гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлажээ.

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаар тогтоолоор Хармагтайн гол ХХК-аас 756,800,852 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,799,628.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Хармагтайн гол ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, XI хороо, Роял грийн вилла Зайсангийн тойруу 62/6 дугаар байр, А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот зогсоолыг худалдан борлуулж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсний дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууц болон зоорийн давхрын 2 зогсоолын өмчлөгч Г.Алтанцэцэг болох нь тогтоогдож байна. Иймээс төлбөр төлөгч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул үүрэг гүйцэтгэгч биш гэсэн Г.Алтанцэцэгийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2019.11.20-ны өдөр явуулах тухай 2019.11.12-ны өдрийн 3/15369, 3/15370 мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч Г.Алтанцэцэг нарт хариуцагч байгууллагаас хүргүүлсэн нь нотлогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байх тул нэхэмжлэгчийн гүйцэтгэх баримт бичиггүйгээр ажиллагаа явуулсан, анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй гэсэн тайлбар болон гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, эрх ашгаа хамгаалах боломжоор шүүх хангаагүйгээс Г.Алтанцэцэгийн эрх зөрчигдсөн, ...дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй. Учир нь, давж заалдах шатны шүүхээс энэ гомдлыг хангах үндэслэлгүй тухай дүгнэсэн нь зөв, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1597 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД