Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0371

 

2018 оны 06 сарын 21 өдөр   

  Дугаар 221/МА2018/0371

Улаанбаатар хот

 

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

                       захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч П.А, Ц.Н нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 115/ШШ2018/0009 дүгээр шийдвэртэй, Ч.Б-гийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 115/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын  газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Б-г урьд эрхэлж байсан тус аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гийн ажилгүй байсан ажлын нийт 103 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.731.356 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж Ч.Б-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Ч.Б-гийн зөрчлийн талаар захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулсан нь хурлын тэмдэглэл, түүний ажлын байранд гаргасан зөрчлийг мэдэгдэж, тайлбар гаргах эрхтэй дурдаж байсан боловч нэхэмжлэгч нь тайлбар гаргах боломжит хугацаан дотор тайлбар гаргаж өгөөгүй. Учир зөвлөлийн хуралд нэхэмжлэгчийг өөрийг нь биечлэн байлцуулан санал, хүсэлтийг тэмдэглэн хурлаар түүний гаргасан зөрчлийг хэлэлцсэн бөгөөд энэ байдал нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байхад шүүхээс энэ нотлох баримтыг илтэд үл харгалзан зөвхөн нэхэмжлэгчийн үгэнд хэт хөтлөгдөн шийдвэрлэсэн болно.

Ч.Б нь үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан нь гаргасан зөрчил дутагдлаас нь харагддаг. Сум дундын прокурорын газрын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай албан бичиг нь тус Тамгын газарт ирснээр гаргасан зөрчлийг мэдэж эхэлсэн гэдгийг дүгнэлгүйгээр нэг удаагийн зөрчилд нэг удаагийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа мэт хандсан. Сумын Засаг даргын Тамгын газарт Э.Ууганцэцэг болон Д.Хатантуул нар Ч.Б-д холбогдуулан гомдол гаргасан нь түүний ажилд дахин шинэ зөрчил үүсэж байгааг олж мэдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон байх боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 401.4, 40.1.5-д заасан үндэслэл байвал хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох хууль зүйн зохицуулалттай юм. Өөрийн буруутай үйлдэлтэй нь холбоотой үүссэн сахилгын зөрчилтэй нь тохирч байгаа бөгөөд эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан болон удаа дараагийн сахилгын зөрчил гаргасан нь дээрх хуулийн үндэслэлийг бүрэн хангаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төр хохирсоор байгааг таслан зогсоож, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж  шийдвэрлэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Мал, үржлийн тасгийн дарга Ч.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шалтгаалж “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн байгаа нь сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцэгдсэн асуудлаар тогтоогдож байна гэж үзэн Ч.Б-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шалтгаалж “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн гэх зөрчлийг Ч.Б- гаргасан гэдгийг шалгаж тогтоогоогүй, хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн Ч.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3, 3.3.2-т Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах чиг үүргийг зохицуулж өгсөн бөгөөд уг журмыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн гэх зөрчлийг дан ганц нэхэмжлэгч Ч.Б гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Мөн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.2, 5.3.2, 5.3.3, 5.7-д зааснаар сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлтэй холбоотой зөрчлийг шалган тогтоох эрх бүхий этгээд нь орон тооны бус зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж, хөндлөнгийн аудитын байгууллага байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцэн тогтоосон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл тус хурлаар ерөнхий асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд ямар алдаа зөрчлийг хэдий хугацаанд хэрхэн Ч.Б гаргасан, аль зээлдэгчийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч, нийт хэдэн төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй болон зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй үйлдэл зэрэг нь Ч.Б ажил үүргээ биелүүлээгүй зөрчилд хамаарах эсэх талаар нарийвчлан тогтоогоогүй, тодорхой бус байхад хариуцлага тооцсон нь хууль бус болжээ.       

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Сум дундын прокурорын газрын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай албан бичиг нь тус тамгын газарт ирснээр гаргасан зөрчлийг мэдэж эхэлсэн гэдгийг дүгнэлгүйгээр нэг удаагийн зөрчилд нэг удаагийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа мэт хандсан” гэж дурдсан бөгөөд “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн талаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24/01-01 дүгээр албан шаардлага, Ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  илтгэх хуудас зэргээс мэдсэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчжээ.

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “агуулгаараа нэг зөрчил боловч өөр өөр цаг хугацаанд илэрсэн бөгөөд цаг хугацаагаар нь хариуцлага хүлээлгэсэн” гэж тайлбарлах боловч Дорноговь аймаг Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/41 дүгээр мэдэгдэл, Э.Ууганцэцэг, Д.Хатантуул нарын гаргасан гомдол зэрэг нь цаг хугацааны хувьд ялгаатай боловч Ч.Б-гийн гаргасан гэх зөрчил нь агуулгаараа нэг, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх өнгөрсөн байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар “Сум хөгжүүлэх сан”-гаас олгох зээлийн гэрээ, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах тайлагнах, хяналт тавих журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй нь Прокурорын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэн Ч.Б-д үндсэн цалинг 2 сарын хугацаатай 19 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

“Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн шалтгаан нь Ч.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шалтгаалсан гэж хариуцагч тайлбарлах боловч “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр хариуцагч 2017 оны Б/54 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн хэрнээ уг зөрчилд дахин сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулахгүй байх зарчимтай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заажээ.

Ч.Б-гийн хувьд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалтад хамаарах зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч маргаан бүхий Б/67 дугаар тушаалыг гаргах үед нэхэмжлэгч жирэмсэн байсан тул хариуцагчийн “эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан болон удаа дараагийн сахилгын зөрчил гаргасан нь дээрх хуулийн үндэслэлийг бүрэн хангаж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 115/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА