Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02469

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02469

 

 

 

Б.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Болдод холбогдох

720 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Болд, Б.Энхбаяр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Энхбаярын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, Хариуцагч Г.Болд,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Юнайтэд прожектс корпорэйшн ХХК нь анх 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, 11 сард нь 3 үүсгэн байгуулагч шинээр нэмэгдэж, тус компанийн хувьцааны 55 хувийг Ц.Ууганбаяр, 15 хувийг Н.Энхцэцэг, 15 хувийг В.Лувсанчүлтэм болон үлдэх 15 хувийг Б.Энхбаяр гэсэн 4 хувьцаа эзэмшигч хуваан эзэмших болсон. Үүсгэн байгуулагдсанаас хойш компани нь дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалт, Банк бус санхүүгийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл болон барилгын зураг төсөл боловсруулах гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус компанийн Нью яармаг хаусинг прожект ХХК, Юнайтэд проперти холдинг ХХК, түүний охин компани болох Си И Си Инвестмент ББСБ ХХК, ГУМ ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсан өдрийн байдлаар таван тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Нью яармаг хаусинг прожект ХХК нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй "шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 21.6 га газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүхий 3000 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих төслийг 2015 оны 4 дүгээр сард эхлүүлсэн, эхний 120 айлын орон сууц ашиглалтад орсон ба нийт 3 үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар хэрэгжиж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Ууганбаяртай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний үеэл ах болох Г.Болдод Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг худалдахаар болж, хувьцаа худалдах худалдан авах гэрээг, эрх шилжүүлэх гэрээний хамт хийж, нотариатаар батлуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 600 000 000 төгрөг буюу компанийн дүрмийн дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг өөрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар болсон ба энэхүү үнэлгээ нь тухайн үеийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 4 тэрбум төгрөг болон өсч, үүний 15 хувийн үнэлгээ байсан болно. Гэтэл хувьцаа худалдан авагч тал өнөөдрийг хүртэл хувьцааны үнэ болох 600 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд, хувьцааны үнийг Г. Болд болон Ц.Ууганбаяр нараас удаа дараа шаардахад "төлнө" гэсэн тайлбар хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хувьцааны үнийг төлөлгүй удаасаар 16 cap болж байна. Иймд хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ болох 600 000 000 төгрөгийг 16 сарын хугацааны банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцсон дүн болох 720 600 000 төгрөгийг хариуцагч Г.Болдоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Болд түүний өмгөөлөгч Э.Халиунаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: UPC ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Ц.Ууганбаяр, Б.Энхбаяр, Н.Энхцэцэг нар хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийнхөө эзэмшдэг UРС ХХК-ийн бүх хувьцааг тус компанид зөвлөх ажилтай миний нэр дээр түр шилжүүлэх, тодорхой хугацааны дараа бүрэн бүтнээр нь нэр тус бүр дээрээ буцаан авах санал тавьсан. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Ууганбаярын 70 хувийн хувьцаа болох 2 800 000 ширхэг хувьцааг, Б.Энхбаяр, Н.Энхцэцэг нарын тус бүрийн 15 хувийн 600 000 ширхэг хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу нэг өдөр гурван иргэнээс нийт 4 000 000 ширхэг хувьцааг өөрийн нэр дээр түр шилжүүлэн авч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иргэн Ц.Ууганбаяр, Б.Энхбаяр, Н.Энхцэцэг нартай тус бүр худалдах, худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч тус гэрээнд заасан үүрэг болох Б.Энхбаярт хувьцааны төлбөр болох 600 000 000 төгрөг, Н.Энхцэцэгт 600 000 000 төгрөг, Ц.Ууганбаярт 2 тэрбум 800 000 000 төгрөг төлөх, хувьцааг өөрийн болгох ямар нэгэн хүсэл сонирхол байгаагүй. Мөн түүнчлэн Б.Энхбаяр, Н.Энхцэцэг нар хүсэлт гарган хувьцааныхаа эрхийг шилжүүлэн өгсөн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийгөө жинхэнэ өмчлөгч болохыг нотлох баталгааг надаар гарын үсэг зуруулан авсан. Дээрх хөрөнгө оруулагчид нь компанийн бүх хувьцааг нэг хүний нэр дээр түр шилжүүлэх болсон шалтгаанаа хувьцаа эзэмшигчид гадаадад байнга томилолтоор ажиллаж эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, зарим томилгоо болон охин компаниудын бүртгэлтэй холбоотой аливаа нэг шийдвэрийг цаг алдалгүй гаргах шаардлага байгаа гэсэн. Компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигчид болох Ц.Ууганбаяр, Н.Энхцэцэг нар анх хэлэлцэж тохиролцсоны дагуу хувьцааныхаа эрхээ буцаан шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа 2017 оны 03 дугаар сард надад мэдэгдсэн ба миний бие үүнд татгалзах зүйлгүй бэлэн гэсэн хариуг тэдэнд өгсөн. Харин хувьцаа эзэмшигч Б.Энхбаяр хувьцааныхаа эрхийг сэргээх хүсэлтгүй ба өмгөөлөгчөөрөө дамжуулан хувьцаагаа буцаан авах хүсэлгүй, харин мөнгө авах сонирхолтой байгаагаа надад 2017 оны 03 дугаар сард илэрхийлсэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Г.Болд нь тухайн уед хөрөнгө оруулагчдад тулгамдсан асуудлыг нь шийдэхэд зөвхөн туслах зорилготой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Энхбаяр нь анхны тохироогоо үгүйсгэж, хувьцаагаа хуулийн дагуу худалдсан мэтээр 600 000 000 төгрөг надаас нэхэмжилж байгаа нь жинхэнэ хувьцаа эзэмшигч болох Ц.Ууганбаяртай тооцоо бодох, мөнгө олох гэсэн явуургүй арга гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Болд, түүний өмгөөлөгч Э.Халиунаа нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Болд болон Б.Энхбаяр нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжуүлэх гэрээ-г тус тус байгуулсан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь дараах шинж тэмдэг, нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдоно. Үүнд: Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигч нь гадаадад байнга томилолтоор явж, эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явуулах шаардлага байсан гэж хамтдаа харилцан тохиролцож өөрсдийн эзэмшлийн хувьцааг өөр хүний нэр дээр түр шилжүүлэхээр шийдвэрлэж, Г.Болд нь хувьцааг өөрийн нэр дээр түр хугацаанд хадгалахаар зөвшөөрсөн. Хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа Б.Энхбаяр нь баталгаа гэх бичгийг үйлдэн Г.Болдын гарын үсгийг зуруулж авсан. Тус баталгаанд Г.Болд нь Б.Энхбаярын өмчлөлд байгаа Юнайтэд прожектс корпорэйшн" ХХК-ийн 15 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1000 нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авсан ч энэхүү шилжүүлэн авсан нийт хувьцааны жинхэнэ өмчлөгч нь Б.Энхбаяр болохыг үүгээр зөвшөөрч, баталгаажуулж байна ... гэсэн үг үсэгнээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний үр дагавар тодорхой харагдаж байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Г.Болд болон Б.Энхбаяр нарын хооронд байгуулсан Хувьцааг худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний үр дагавар буюу үр дүнг гэрээний талууд нь анхнаасаа хүсээгүй, хүсэл зориг байгаагүй. Тус хувьцааны жинхэнэ өмчлөгчид болох Ц.Ууганбаяр, Б.Энхбаяр, Н.Энхцэцэг нарын зөвшөөрөлгүйгээр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн ямар нэг хувьцааг гуравдагч этгээдэд худалдах, бэлэглэх, захиран зарцуулах ямар ч эрхгүй болно. Харин жинхэнэ өмчлөгчдийн шаардсанаар тэдгээрийн нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Г.Болд нь Б.Энхбаярын шаардсанаар хэдийд ч түүний эзэмшлийн 15 хувийн хувьцааг бүрэн бүтнээр нь буцаан шилжүүлэх боломжтой юм. Гэрээнд заасан хувьцааг Г.Болд өөрийн өмчлөлд авч, ашиг хүртэх, гэрээнд заасан төлбөрийг төлөх гэсэн санаа, зорилгогүй байсан тул Г.Болд, Б.Энхбаяр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22 -ны өдрийн 17 дугаар тогтоолд тайлбарласны дагуу "Дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Г.Болд болон Б.Энхбаяр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн Хувьцааг худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Энхбаярын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Болд болон Б.Энхбаяр нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, хоёрдмол утга санаагүйгээр нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 600 000 ширхэг, 600 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэг талаас худалдах, нөгөө талаас худалдан авах санал гаргаж гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, Б.Энхбаяр нь өөрийн өмчлөлийн 15 хувийн хувьцааг шилжүүлэх, хувьцааны үнийг шаардах эрх, Г.Болдод хувьцааг шилжүүлэн авахыг шаардах эрх, хувьцааны үнийг төлөх үүргийн харилцаа бий болсон. Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн буюу талууд хуулиар эрх үүрэг хүлээх, хүсэл зориг, эрмэлзэлгүй байх нөхцөл байдал байхгүй нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс харагдана. Талууд хувьцаа худалдах худалдан авах гэрээнд үндэслэн Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг мөн хийж, хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг хангасан. Хэрэв сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа шиг дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээ болон хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхгүй байх байсан. Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд уг гэрээг дүр үзүүлж хийгээгүй болох талаарх хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тусгагдсан. Гэрээний 6.1-т "Худалдан авагч нь хувьцааны эрхийг албан ёсоор шилжүүлж авснаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Юнайтэд Прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааны ашиг орлогоос ногдол ашгийг хүртэж эхлэх бөгөөд хувьцаатай холбоотой бусад эрхийг эдэлнэ" гэж заасан бөгөөд талууд энэ заалтаар ногдол ашиг, хувьцаатай холбоотой бүхий л эрх, үүрэг шилжиж байгааг баталгаажуулсан. Б.Энхбаяр нь бенефициар өмчлөгч мөн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцож, хувьцааны ногдох хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, ногдол ашиг авах зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээд явах байсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Болдоос 600 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 120 600 000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 760 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 157 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Болд,түүний өмгөөлөгч Э.Халиунаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-ийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх догол мөрөнд ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулан агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээнд гарын үсгээ зурснаар гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 189.1-д эрхээ талууд хэрэгжүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр байх ёстой байдаг. Учир нь Иргэний хуулийн 189.1 бол гэрээний эрх зүйн нийтлэг үндэслэл хэрэглээний хувьд гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байж энэ бүлэгрүү орно. Гэтэл нотлох баримтууд болон Иргэний хуулийн 39, 40, 56-р зүйлүүдийг нэг бүрчлэн шалгалгүйгээр шууд 189, 243-р зүйлүүдийг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзсэн мөн 11 -р доголд мөрөнд ...Шүүх нэгэнт талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн... зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-д зааснаар Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэж заасныг шүүх зөрчиж талууд гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж шийдвэрлэсэн нь маргааны гол зүйл болох Хувьцаа худалдах худалдан авах гэрээг шүүх урьдаас хөтөлбөргүй үнэн гэж үзэн шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 265.1-ийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хувьцаа худалдах худалдан авах гэрээг буюу талуудын хооронд хийсэн хэлцлийг шүүгч яагаад Иргэний хуулийн 265.1 -д заасан хэлцэл гэж үзсэн нь ойлгомжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хувьцааг нь Б.Энхбаярт буцаан худалдах биш, буцааж өгөх асуудал яригддаг. Талуудын хооронд үйлдсэн Баталгаа-ны гол утга нь Б.Энхбаяр бол тус 15 хувийн хувьцааны жинхэнэ өмчлөгч, Г.Болд бол өмчлөгч нь биш гэдгийг тусгасан. Энэ баталгаанд буцаан худалдаж авах талаар ямар нэгэн утга, үг үсэг байхгүй байхад шүүх Иргэний хуулийн 265.1 байна гэж тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хянаж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй. Б.Энхбаярын гаргасан нэхэмжлэлийг Г.Болд эс зөвшөөрч тайлбар гаргахын хамт Б.Энхбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 02-нд байгуулсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлэг, талуудын хооронд байгуулсан Баталгаа зэрэг нотлох баримтуудыг хянаж үзэлгүйгээр тус гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж тайлбарласан байна. Харин яагаад дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш вэ? гэдэг талаар тодорхой тайлбарыг шүүх хурал дээр өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр дээр мөн адил энэ талаар тодорхой тусгаагүй байна. Бодит байдал дээр Г.Болд нь Б.Энхбаяраас 600 000 000 төгрөгөөр 15 хувьцааг худалдан авах сонирхолгүй байсан бөгөөд тодорхой хугацааны дараа Б.Энхбаярт хувьцааг буцаан өгөх үүрэг хүлээн Баталгаа үйлдсэн. Б.Энхбаяр, Ц.Ууганбаяр, Н.Энхцэцэг нар нь хувьцаа эзэмшигч биш юм байна гэдэг гадаад илэрхийллийг бий болгох зорилготой гэрээг байгуулсан байдаг. Энэ тухай Энхцэцэг, Ц.Ууганбаяр нар гэрчээр оролцож шүүхэд мэдүүлэг өгсөн байдаг боловч шүүгч энэ нотлох баримтуудыг үнэлж үзээгүй байна. Шүүх Б.Энхбаяр, Г.Болд нарын хүсэл зоригийг тогтоолгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн боловч сөрөг нэхэмжлэлд ач холбогдол өгөлгүйгээр товчхон ойлгомжгүй үндэслэлийг бичин шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хариуцагч Г.Болдод холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 720 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Г.Болд, Б.Энхбаяр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Энхбаярын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Н.Энхцэцэг, Ц.Ууганбаяр, Б.Энхбаяр нар нь тус компанийн бүх хувьцааг нэг этгээд буюу Ү.Болдын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй. Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн буюу 600 000 ширхэг хувьцааг компанийн дүрмийн дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнээр, нийт 600 000 000 төгрөгөөр тохирч худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-10-12,76-81/

Талууд хуулийн хүрээнд чөлөөтэй, агуулгыг өөрсдөө тодорхойлон худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гэрээний агуулгаас үзвэл хувьцааны нэг бүрийн үнэ, хэдэн ширхэг хувьцааг худалдаж буй болон гэрээний нийт үнэ 600 000 000 төгрөг болох, шилжүүлэх эд зүйл буюу хувьцаа, хувьцааны эрх, улсын бүртгэлд хэрхэн, хэн бүртгүүлэх талаар тодорхой зааж гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Ийм учраас нэхэмжлэгч уг гэрээний дагуу шилжүүлэх ёстой мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхтэй болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт Баталгаа гэх баримтыг гаргажээ. /хх-27, 28/ Энэхүү баталгаа гэх баримтыг 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр буюу талууд худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш 1 сар орчмын дараа хийсэн байх бөгөөд хэрэгт 2 хувилбараар авагдсан. Нэг нь гэрээнд зөвхөн хариуцагч тал гарын үсэг зурсан баримт, /хх-28/ нөгөө нь хариуцагчийн гарын үсэгтэй уг баримтыг хуулбарлаж, хүсэлт гарган баталгаа бичүүлж авсан гэж нэмж бичин нэхэмжлэгч тал гарын үсэг зурсан баримт байна./хх-27/ Энэ баталгаа гэх баримтад үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, гэрээгээр тохиролцсон зүйлийг үгүйсгэх, гэрээнд өөрчлөлт оруулсан баримт гэж үзэх боломжгүй байна.

Уг гэрээг байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч Б.Энхбаяр уг компанийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар хариуцагч тайлбар гаргаагүй. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн гэрч Н.Энхцэцэг, Ц.Ууганбаяр нарын мэдүүлэг нь зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх тул тэдний мэдүүлгийг талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт хэргийн оролцогч, хариуцагчийн тайлбар нь нотлох баримт болно гэж заасан бөгөөд хариуцагч Б.Энхбаяр нь хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан үеэс хойш надтай холбогдоогүй, сураггүй болсон, хувьцаагаа буцаан авах хүсэлгүй, мөнгө авах сонирхолтой болохоо мэдэгдсэн гэж мэдүүлж тайлбарласан, хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн санхүүгийн тайлан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Компанийн тухай хуулийн 34 дүгэр зүйлийн 34.1 болон Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлж, компанийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байсан гэх боломжгүй. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шүүх талууд гэрээндээ хувьцааг буцаан худалдан авах талаар заагаагүй байхад тэдний хооронд эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох, хэрэглэвэл зохих зүйл заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлах нь зөв юм.

Зохигчдын шаардлага нь эд хөрөнгийг буцаан худалдан авах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоогүй худалдсан хөрөнгийн үнийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 265 дугаар зүйлийн 265.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ