Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00487

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2469 дүгээр магадлалтай,

Б.Эын нэхэмжлэлтэй

Г.Б-дхолбогдох

720 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Б, Б.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Эын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юнайтэд прожектс корпорэйшн ХХК нь анх 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, 11 сард нь 3 үүсгэн байгуулагч шинээр нэмэгдэж, тус компанийн хувьцааны 55 хувийг Ц.Ууганбаяр, 15 хувийг Н.Энхцэцэг, 15 хувийг В.Лувсанчүлтэм болон үлдэх 15 хувийг Б.Э гэсэн 4 хувьцаа эзэмшигч хуваан эзэмших болсон. Үүсгэн байгуулагдсанаас хойш компани нь дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалт, Банк бус санхүүгийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл болон барилгын зураг төсөл боловсруулах гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус компанийн Нью яармаг хаусинг прожект ХХК, Юнайтэд проперти холдинг ХХК, түүний охин компани болох Си И Си Инвестмент ББСБ ХХК, ГУМ ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсан өдрийн байдлаар таван тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Нью яармаг хаусинг прожект ХХК нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй "шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 21.6 га газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүхий 3000 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих төслийг 2015 оны 4 дүгээр сард эхлүүлсэн, эхний 120 айлын орон сууц ашиглалтад орсон ба нийт 3 үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар хэрэгжиж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Ууганбаяртай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний үеэл ах болох Г.Б-дЮнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг худалдахаар болж, хувьцаа худалдах худалдан авах гэрээг, эрх шилжүүлэх гэрээний хамт хийж, нотариатаар батлуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 600 000 000 төгрөг буюу компанийн дүрмийн дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг өөрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар болсон ба энэхүү үнэлгээ нь тухайн үеийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 4 тэрбум төгрөг болон өсч, үүний 15 хувийн үнэлгээ байсан болно. Гэтэл хувьцаа худалдан авагч тал өнөөдрийг хүртэл хувьцааны үнэ болох 600 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд, хувьцааны үнийг Г. Г.Бболон Ц.Ууганбаяр нараас удаа дараа шаардахад "төлнө" гэсэн тайлбар хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хувьцааны үнийг төлөлгүй удаасаар 16 cap болж байна. Иймд хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ болох 600 000 000 төгрөгийг 16 сарын хугацааны банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцсон дүн болох 720 600 000 төгрөгийг хариуцагч Г.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бтүүний өмгөөлөгч Э.Халиунаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: UPC ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Ц.Ууганбаяр, Б.Э, Н.Энхцэцэг нар хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийнхөө эзэмшдэг UРС ХХК-ийн бүх хувьцааг тус компанид зөвлөх ажилтай миний нэр дээр түр шилжүүлэх, тодорхой хугацааны дараа бүрэн бүтнээр нь нэр тус бүр дээрээ буцаан авах санал тавьсан. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Ууганбаярын 70 хувийн хувьцаа болох 2 800 000 ширхэг хувьцааг, Б.Э, Н.Энхцэцэг нарын тус бүрийн 15 хувийн 600 000 ширхэг хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу нэг өдөр гурван иргэнээс нийт 4 000 000 ширхэг хувьцааг өөрийн нэр дээр түр шилжүүлэн авч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иргэн Ц.Ууганбаяр, Б.Э, Н.Энхцэцэг нартай тус бүр худалдах, худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч тус гэрээнд заасан үүрэг болох Б.Эт хувьцааны төлбөр болох 600 000 000 төгрөг, Н.Энхцэцэгт 600 000 000 төгрөг, Ц.Ууганбаярт 2 тэрбум 800 000 000 төгрөг төлөх, хувьцааг өөрийн болгох ямар нэгэн хүсэл сонирхол байгаагүй. Мөн түүнчлэн Б.Э, Н.Энхцэцэг нар хүсэлт гарган хувьцааныхаа эрхийг шилжүүлэн өгсөн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийгөө жинхэнэ өмчлөгч болохыг нотлох баталгааг надаар гарын үсэг зуруулан авсан. Дээрх хөрөнгө оруулагчид нь компанийн бүх хувьцааг нэг хүний нэр дээр түр шилжүүлэх болсон шалтгаанаа хувьцаа эзэмшигчид гадаадад байнга томилолтоор ажиллаж эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, зарим томилгоо болон охин компаниудын бүртгэлтэй холбоотой аливаа нэг шийдвэрийг цаг алдалгүй гаргах шаардлага байгаа гэсэн. Компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигчид болох Ц.Ууганбаяр, Н.Энхцэцэг нар анх хэлэлцэж тохиролцсоны дагуу хувьцааныхаа эрхээ буцаан шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа 2017 оны 03 дугаар сард надад мэдэгдсэн ба миний бие үүнд татгалзах зүйлгүй бэлэн гэсэн хариуг тэдэнд өгсөн. Харин хувьцаа эзэмшигч Б.Э хувьцааныхаа эрхийг сэргээх хүсэлтгүй ба өмгөөлөгчөөрөө дамжуулан хувьцаагаа буцаан авах хүсэлгүй, харин мөнгө авах сонирхолтой байгаагаа надад 2017 оны 03 дугаар сард илэрхийлсэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Г.Бнь тухайн уед хөрөнгө оруулагчдад тулгамдсан асуудлыг нь шийдэхэд зөвхөн туслах зорилготой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь анхны тохироогоо үгүйсгэж, хувьцаагаа хуулийн дагуу худалдсан мэтээр 600 000 000 төгрөг надаас нэхэмжилж байгаа нь жинхэнэ хувьцаа эзэмшигч болох Ц.Ууганбаяртай тооцоо бодох, мөнгө олох гэсэн явуургүй арга гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Халиунаа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бболон Б.Э нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжуүлэх гэрээ-г тус тус байгуулсан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь дараах шинж тэмдэг, нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдоно. Үүнд: Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигч нь гадаадад байнга томилолтоор явж, эзгүй байх хугацаанд компанийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явуулах шаардлага байсан гэж хамтдаа харилцан тохиролцож өөрсдийн эзэмшлийн хувьцааг өөр хүний нэр дээр түр шилжүүлэхээр шийдвэрлэж, Г.Бнь хувьцааг өөрийн нэр дээр түр хугацаанд хадгалахаар зөвшөөрсөн. Хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа Б.Э нь баталгаа гэх бичгийг үйлдэн Г.Бын гарын үсгийг зуруулж авсан. Тус баталгаанд Г.Бнь Б.Эын өмчлөлд байгаа Юнайтэд прожектс корпорэйшн" ХХК-ийн 15 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1000 нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авсан ч энэхүү шилжүүлэн авсан нийт хувьцааны жинхэнэ өмчлөгч нь Б.Э болохыг үүгээр зөвшөөрч, баталгаажуулж байна ... гэсэн үг үсэгнээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний үр дагавар тодорхой харагдаж байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Г.Бболон Б.Э нарын хооронд байгуулсан Хувьцааг худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний үр дагавар буюу үр дүнг гэрээний талууд нь анхнаасаа хүсээгүй, хүсэл зориг байгаагүй. Тус хувьцааны жинхэнэ өмчлөгчид болох Ц.Ууганбаяр, Б.Э, Н.Энхцэцэг нарын зөвшөөрөлгүйгээр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн ямар нэг хувьцааг гуравдагч этгээдэд худалдах, бэлэглэх, захиран зарцуулах ямар ч эрхгүй болно. Харин жинхэнэ өмчлөгчдийн шаардсанаар тэдгээрийн нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Г.Бнь Б.Эын шаардсанаар хэдийд ч түүний эзэмшлийн 15 хувийн хувьцааг бүрэн бүтнээр нь буцаан шилжүүлэх боломжтой юм. Гэрээнд заасан хувьцааг Г.Бөөрийн өмчлөлд авч, ашиг хүртэх, гэрээнд заасан төлбөрийг төлөх гэсэн санаа, зорилгогүй байсан тул Г.Б, Б.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22 -ны өдрийн 17 дугаар тогтоолд тайлбарласны дагуу "Дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Г.Бболон Б.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн Хувьцааг худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Эын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Бболон Б.Э нар нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, хоёрдмол утга санаагүйгээр нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 600 000 ширхэг, 600 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэг талаас худалдах, нөгөө талаас худалдан авах санал гаргаж гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, Б.Э нь өөрийн өмчлөлийн 15 хувийн хувьцааг шилжүүлэх, хувьцааны үнийг шаардах эрх, Г.Б-дхувьцааг шилжүүлэн авахыг шаардах эрх, хувьцааны үнийг төлөх үүргийн харилцаа бий болсон. Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн буюу талууд хуулиар эрх үүрэг хүлээх, хүсэл зориг, эрмэлзэлгүй байх нөхцөл байдал байхгүй нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс харагдана. Талууд хувьцаа худалдах худалдан авах гэрээнд үндэслэн Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг мөн хийж, хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг хангасан. Хэрэв сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа шиг дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээ болон хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхгүй байх байсан. Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд уг гэрээг дүр үзүүлж хийгээгүй болох талаарх хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тусгагдсан. Гэрээний 6.1-т "Худалдан авагч нь хувьцааны эрхийг албан ёсоор шилжүүлж авснаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Юнайтэд Прожектс корпорэйшн ХХК-ийн хувьцааны ашиг орлогоос ногдол ашгийг хүртэж эхлэх бөгөөд хувьцаатай холбоотой бусад эрхийг эдэлнэ" гэж заасан бөгөөд талууд энэ заалтаар ногдол ашиг, хувьцаатай холбоотой бүхий л эрх, үүрэг шилжиж байгааг баталгаажуулсан. Б.Э нь бенефициар өмчлөгч мөн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцож, хувьцааны ногдох хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, ногдол ашиг авах зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээд явах байсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Боос 600 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 120 600 000 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 760 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 157 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2469 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 265 дугаар зүйлийн 265.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Бхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэр нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь дараах хууль зүйн бодит үндэслэлүүдээр нотлогдож байна. Үүнд: 1. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад 2015.11.02-ны өдрийн “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн /15 хувийн хувьцаа/ хувьцааг худалдах худалдан авах гэрээ нь энэхүү хууль зүйн шаардлагад огт нийцээгүй байна. /хх10-13/ Гэрээний зүйл болох хувьцаа нь шууд эрхийн зөрчилтэй. - 2015.12.01-ний өдрийн “Баталгаа” /хх27/ бичигт "... Г.Бнь ...худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Эын өмчлөлд байгаа нийт хувьцаа буюу “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 000 ширхэг хувьцааг нэр дээрээ шилжүүлэн авсан ч энэхүү шилжүүлэн авсан нийт хувьцааны жинхэнэ өмчлөгч нь Б.Э болохыг үүгээр зөвшөөрч, баталгаажуулж байна. Би шилжүүлэн авсан нийт энгийн хувьцааг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд жинхэнэ өмчлөгч болох Б.Эаас бичгээр өгсөн зөвшөөрлийг зайлшгүй авахаа үүгээр нотолж байна. Энэхүү баталгаагаар Б.Э нь “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн 15 хувийн хувьцааг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй өмчлөгч болохыг баталгаажуулж байна” гэж байгаа нь өөрөө хууль бус. Учир нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа гэсэн ойлголтонд огтхон ч хамаарахгүй байгаа юм. Энэ агуулгаараа дээрх баталгаа гэгч нь хууль бус бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон. Үүгээрээ уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. - Энэхүү гэрээний харилцаанд хувьцаа худалдах, худалдан авах биш хувь эзэмших эрх худалдах, худалдан авах хууль зүйн ойлголтыг хэрэгжүүлээгүй нь буруу. Өөрөөр хэлбэл, “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болохоос биш Хөрөнгийн биржид бүртгэгдсэн хувьцаат компани биш юм. /түүний дүрэм хавтаст хэргийн 6 дугаар хуудаснаас эхэлж байгаа/ Учир нь 15 хувийн хувьцааг шууд 600 000 000 төгрөгөөр юуг үндэслэж, үнэлгээ тогтоосон болох нь ойлгомжгүй байна. Энэ утгаараа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тодорхойлдог. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.”, мөн хуулийн 32.1-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ.” гэж заасантай нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний хувьцаа гэгч нь хуулийн дээрх шаардлагуудтай огт нийцэхгүй хууль бус болох нь нотлогдож байна. - Энэхүү гэрээнд төлбөрийг төлөх нөхцөл, журмыг тодорхойлж, тогтоогоогүй байгаа нь хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийн үндсэн шинж нь хэлэлцэн тохиролцсон үнийг хэрхэн яаж төлөх нөхцөл, журмыг гэрээнд тодорхой заасан байх ёстой хууль зүйн шаардлага юм. Гэтэл талууд өнөөдрийг хүртэл төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон, ойлголцсон журам, бусад байдлаар тодорхойлсон гэрээ хэлцэл байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа билэгдэх боломжгүй нөхцөл байдал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас тодорхой харагдаж байна. - Иргэний хуулийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Бнь “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн 15 хувийн хувьцааны өмчлөгч мөн эсэх буюу тус хувьцааг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй эсэх талаар дүгнэлт гаргаагүй, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний “...худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэсэн гол шинжийн талаар дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 2. Иргэний хуулийн 265.1-д “Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжнэ.” гэжээ. Энэхүү заалтыг шинжлэн судалж үзвэл анхан шатны шүүх хариуцагч тал хувьцааг буцаан худалдан авах хүсэл зориг байсан эсэх, тийм нөхцөл байдал үүссэн эсэхийг дүгнээгүй мөртлөө 265.1 дэх хэсгийг баримталсан байгаа нь өөрөө буруу юм. Маргагч талуудын хувьд компанийн өөрт ногдох хувийг компани буцаан худалдаж авах талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагдаж байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ийм үүрэгтэй байсан мэтээр хуулийг хэрэглэсэн нь буруу юм. 3. Магадлалын тогтоох хэсэгт “шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “265 дугаар зүйлийн 265.1” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.” гэжээ.-Магадлалын хянавал хэсэгт “Талууд хуулийн хүрээнд чөлөөтэй, агуулгыг өөрсдөө тодорхойлон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189.1, 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.” гэж дүгнэсэн нь хууль бус. Иргэний хуулийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.“ гэж заасан заалтыг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна. Энэ тохиолдолд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг тодорхойлох ёстой байсныг зөрчиж байгуулсан байдаг. Шийдвэрийн тогтоох хэсэгт огт дурьдагдаагүй 189.1 дэх хэсгийн заалтыг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр эсэх, хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг шүүх тодруулах, үнэлэлт дүгнэлт гаргах ёстой байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байна. -Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэсэн заалтыг баримталсан байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэл тогтоогдож байна. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Г.Бнарын харилцаанд огт хэрэглэгдэхгүй, хэрэглэх ёсгүй хууль зүйн зохицуулалт юм. Үүрэг гүйцэтгэгч тал ямар ч гэм буруугүй байхад учирсан хохирол арилгуулах шаардах эрхийн тухай ойлголт яригдахгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү худалдах, худалдан авах ажиллагаанаас хохирол учирсан тохиолдолд шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэглэх зохицуулалттай юм. Мөн түүнчлэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх нөхцөл, журмыг тодорхойлоогүй учраас энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлах ямар ч боломжгүй нь харагдаж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа хууль хэрэглээгээ маш тодорхой гаргах ёстой байсан, шийдвэр, магадлалд хуулийн тохирсон зүйл заалтыг үндэслэх ёстой байсан боловч шүүх хууль хэрэглээгүй энэхүү ажиллагаа нь шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг шууд зөрчсөн болохыг харуулж байна. Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан 2 бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг 1 заалтанд оруулж шийдвэрлэсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд байж боломгүй зүйл юм. 4. Давж заалдах шатны шүүхээс “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн санхүүгийн тайлангаас үзэхэд нэхэмжлэгчийг Компанийн тухай хуулийн 34.1 болон “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлж, компанийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байсан гэх боломжгүй” гэжээ. Гэтэл угаас компанийн санхүүгийн тайланг компанийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар гаргаж, гарын үсгээр баталгаажуулдаг байхад тус санхүүгийн тайланг үндэслэн нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлж байгаагүй гэх дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй байна. - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч Н.Энхцэцэг, “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ууганбаяр нар нь “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн хувьцааг Г.Бын нэр дээр түр шилжүүлсэн, өөрсдөө “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хэвээр байгаа болохоо шүүхэд мэдүүлэн гэрчилсэн бөгөөд хувьцаа эзэмшигчид хамтран хэлэлцэж, хувьцааг нэг этгээдэд шилжүүлэн нэгтгэх талаар хамтран гаргасан “шийдвэр” хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад тэдгээр хувьцаа эзэмшигчдийн Компанийн тухай хуулийн 34.3 дэх хэсэгт олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн Компанийн тухай хуулиар олгогдон “тэргүүн ээлжинд худалдан авах эрх”-ийг шүүхээс харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч Б.Э дангаар өөрийн хувьцааг бусад этгээдэд буюу хариуцагч Г.Б-дхудалдахаар зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 50.1 дэх хэсэгт Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.” гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байдаг. - Гэрч нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт, тайлбарыг хоёр шатны шүүхээс хийгээгүй байна. - “Худалдах худалдан авах гэрээ”-ний зүйл болох “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн 15 хувийн хувьцаа болон түүнд ногдох эрх, үүрэг нь одоог болтол Б.Эынх хэвээр байгаа талаар маргаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан” гэсэн хэлбэрийн нөхцөл байдлыг тодорхойлон хариуцагч болон “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдал, хүсэл зориг, тайлбарыг үнэлж үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан нь буруу юм. 5. Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан гэрчлүүлэхдээ гэрээний талууд нь “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн дүрэмд заасан хувьцааны үнэлгээг худалдах худалдан авах гэрээнд заасан байх бөгөөд хариуцагчаас тус гэрээнд заасан хувьцааг худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй тул хувьцааны бодит үнэлгээг харгалзан үзэлгүйгээр Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан Хөрөнгө итгэмжлэх гэрээний хүрээнд гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, баталгаа гэсэн бичгийн агуулга хөрөнгө итгэмжлэх гэрээний агуулгад бүрэн нийцсэн байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Боос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 720 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа худалдах -худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Юнайтэд прожектс корпорэйшн ХХК-ийн 15 хувийн хувьцааг Б.Эын нэр дээр буцаан бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шатны шүүх хариуцагчаас 600 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Г.Бхяналтын журмаар гаргасан гомдолдоо “...бодит байдалд талуудын хооронд хувьцаа худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй, түр хугацаагаар Болдын нэр дээр шилжүүлсэн баримт хэрэгт байхад шүүх дүгнэж чадаагүй, ...сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул...” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн гомдолд дурдсан зарим үндэслэлийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  хувьцаа худалдах -худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, хувьцааны үнэ 600 000 000 төгрөг, алданги 120 600 000 төгрөгийг шаардсан бол хариуцагч нь хувьцаа худалдах, худалдан авах  хүсэл зориг байгаагүй, компанийн гишүүд үйл ажиллагаагаа шуурхай явуулахын тулд түр хугацаагаар миний нэр дээр хувьцаагаа шилжүүлсэн, хувьцааг нь буцаан  шилжүүлэх ёстой гэж, уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж  маргаснаас үзвэл   2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ  хүчин төгөлдөр эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхдээ маргааны бодит байдал бүрэн тогтоогдоогүй болохыг анхаараагүйгээс гадна хэрэгт байгаа баримтыг харьцуулан тал бүрээс бодитойгоор нь үнэлэх журмыг хэрэгжүүлж чадаагүй байна.

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон боловч эдгээр гэрээтэй  2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Баталгаа” гэх хоёр талын гарын үсэг бүхий  баримт хамааралтай гэж зохигч мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх уг баримтыг эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн, давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг буруутгаж, “... баталгаа гэх баримтыг 2 хувилбараар үйлдсэн, нэг нь гэрээнд зөвхөн хариуцагч тал гарын үсэг зурсан , /хх-28/ нөгөө нь хариуцагчийн гарын үсэгтэй уг баримтыг хуулбарлаж, нэхэмжлэгч тал гарын үсэг зурсан баримт байна..../хх-27/ ...уг баримт нь хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, гэрээгээр тохиролцсон зүйлийг үгүйсгэх, гэрээнд өөрчлөлт оруулсан баримт гэж үзэх боломжгүй байна...” гэж өөр өөр хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Тухайн баримтын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт аль аль нь үндэслэл муутай байх ба баримтын агуулгыг зохигчоос тодруулж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулж дүгнэлт хийх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх зорилгоор уг баримтад гарын үсэг зурсан гэж тайлбар гаргаснаас өөрөөр мэтгэлцээгүй байна. 

Талуудын хооронд хувьцаа худалдах-худалдан авах хүсэл зориг байсан эсэхийг тодруулахад хувьцааны үнийг хэрхэн тогтоосон, хувьцааны үнэ нь компанийн хөрөнгө, эрх, ашиг, алдагдал зэрэг үзүүлэлттэй хэрхэн уялдаж байгаа үйл баримтыг тодруулах, мөн гэрээг байгуулснаас хойш Юнайтэд прожектс корпорэйшн ХХКомпани болон түүний охин компаниудын үйл ажиллагааг  хэн удирдаж, зохион байгуулж байсан,...хувьцаа эзэмшигч нарын оролцоо байсан эсэх зэрэг  ач холбогдол бүхий маргааны үйл баримтыг тодруулах нь зүйтэй байжээ.

Шүүх зохигчдын мэтгэлцээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм. Нөгөө талаар зохигч талууд маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, мэтгэлцэж чадаагүй тохиолдолд шүүх ач холбогдол бүхий байдлыг тодруулахдаа зохигчоос асууж тодорхой болгох, нөгөө талын байр суурийг тодруулах, харилцан мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх, чиглүүлэх үүрэгтэй болно.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02024 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2469 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА