Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00511

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00511

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65 436 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК нь 2018 оны 03 сарын 22-ны өдөр Жужу ХХК-тай 18-4/01 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, М300 маркийн 150 м.куб бетон зуурмагийг нэг м.куб-г нь 189 000 төгрөгөөр нийт 28 350 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүгээр зогсохгүй гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7 м.куб бетон зуурмагийг илүү нийлүүлсэн.

Мөн Жужу ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18-4/4 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 53 м.куб бетон зуурмаг буюу 7 420 000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 м.куб бетон зуурмаг буюу 1 820 000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 35 м.куб бетон зуурмаг буюу 4 900 000 төгрөгийн, нийт 14 140 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 43 624 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн ба энэ талаар хариуцагчтай тооцоо нийлсэн байдаг. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөөгүй. Иймд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43 624 000 төгрөг, алданги 21 812 000 төгрөг, нийт 65 436 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа алдангийн 21 812 000 төгрөгөөр багасгасан тохиолдолд эвлэрэх боломжтой. Учир нь бетон зуурмагийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр барьж байгаа 2 дугаар эмнэлгийн хашаанд баригдаж буй барилга барихад зарцуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам нь санхүүжилтийг бүрэн олгоогүйгээс бетон зуурмагийн үнийг төлөх хугацааг хэтрүүлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар хариуцагч Жужу ХХК-иас 59 328 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 6 107 360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Жужу ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүх хариуцагчаас алдангид 15 704 640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу энэхүү 15 704 640 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Жужу ХХК-д холбогдуулах худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43 24 000 төгрөг, алданги 21 812 000 төгрөг, нийт 65 436 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээг нэхэмжлэгч А ХХК нь М300 маркийн өвлийн бетон зуурмагийн 1 м.кубыг нь 189 000 төгрөгөөр, нийт 150 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч Ж ХХК нь 28 350 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч А ХХК нь М250 маркийн бетон зуурмагийг 1 м.кубыг нь 150 000 төгрөгөөр, нийт 70 м.куб бетон зуурмаг нийлүүлэх хариуцагч Ж ХХК нь 10 500 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон /хх 5-12 дахь тал/. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талууд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дээрх 2 гэрээний төлөгдөөгүй төлбөрт нийт 43 624 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж, акт үйлдсэн. /хх 13 дахь тал/ Мөн хариуцагч нь дээрх 2 гэрээний төлөгдөөгүй төлбөрт нийт 43 624 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид гэрээний төлөгдөөгүй төлбөрт 43 624 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Дээрх 2 худалдах, худалдан авах гэрээний 6.2 дахь хэсэгт Захиалагч нь нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж зааснаар талууд алдангийн талаар тохиролцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээний талаарх хуулийн заалтад нийцсэн байх тул анхан шатны шүүх талуудын тооцоо нийлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 72 хоногийн хугацааны алдангид 15 704 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг хэт өндөр тогтоосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгуулах агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 142 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА