Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00998

 

“А ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ж ” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 65,436,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн   нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “А ” ХХК нь 2018 оны 03 сарын 22-ны өдөр “Ж ” ХХК-тай 18-4/01 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, М300 маркийн 150 м.куб бетон зуурмагийг нэг м.куб-г нь 189,000 төгрөгөөр нийт 28,350,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 оны 03 сарын 23-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүгээр зогсохгүй гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7 м.куб бетон зуурмагийг илүү нийлүүлсэн. Мөн “Ж ” ХХК-тай 2018 оны 04 сарын 11-ний өдөр 18-4/4 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу 2018 оны 04 сарын 15-ны өдөр 53 м.куб бетон зуурмаг буюу 7,420,000 төгрөгийн, 2018 оны 06 сарын 27-ны өдөр 13 м.куб бетон зуурмаг буюу 1,820,000 төгрөгийн, 2018 оны 07 сарын 18-ны өдөр 35 м.куб бетон зуурмаг буюу 4,900,000 төгрөгийн, нийт 14,140,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 43,624,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн ба энэ талаар хариуцагчтай тооцоо нийлсэн байдаг. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөөгүй. Иймд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43,624,000 төгрөг, алданги 21,812,000 төгрөг, нийт 65,436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “А ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа алдангийн 21,812,000 төгрөгөөр багасгасан тохиолдолд эвлэрэх боломжтой. Учир нь бетон зуурмагийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр барьж байгаа 2 дугаар эмнэлгийн хашаанд баригдаж буй барилга барихад зарцуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам нь санхүүжилтийг бүрэн олгоогүйгээс бетон зуурмагийн үнийг төлөх хугацааг хэтрүүлж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар хариуцагч “Ж ” ХХК-иас 59,328,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, үлдэх 6,107,360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ж ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 511 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232.8-д заасныг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд хариуцагч “Ж ” ХХК-иас алдангид 15,704,640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 232.8-д заасныг үндэслэн алдангийг 5 сая төгрөгөөр багасгаж 1,070,640 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43,240,000.00 төгрөг, алданги 21,812,000.00 төгрөг, нийт 65,436,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч алдангийг эс зөвшөөрчээ.

Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээгээр “А ” ХХК нь М300 маркийн нийт 150 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, “Ж ” ХХК нь 28,350,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөх, мөн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээгээр “А ” ХХК нь М250 маркийн нийт 70 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, “Ж ” ХХК нь 10,500,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дээрх 2 гэрээний төлөгдөөгүй төлбөрт нийт 43,624,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж, акт үйлдсэн,    хариуцагч нь энэ талаар маргаагүй байх тул хариуцагчийг гэрээний төлбөрийн үлдэгдэл 43,624,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хоёр гэрээнд талууд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул тооцоо нийлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 72 хоногийн хугацаанд алданги тооцож, 15,704,640.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгуулах агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 95,000.00 /ерэн таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН