Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00512

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00512

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Б-аас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Б-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэлтэй, Г-2203004165 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоот, 338 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 337 м.кв талбай бүхий газар нийт 675 мкв талбай бүхий өмчийг ердөө 207 500 000 төгрөгөөр буюу 1 м.кв нь 306 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь өнөөгийн зах зээлийн бодит үнээс 3 дахин бага үнэ юм. Иймд дээрхи эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Б-ааас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, мөн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дүгээр шийдвэрээр Б-аас 43 549 592 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б-ад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Б-ын өмчлөлийн хувийн сууц, газрыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 53/10/06 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 153/9/26 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад харицан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолоход 207 500 000 төгрөгөөр үнэлсэн.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/15252 дугаартай мэдэгдэлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Б-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Б-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдолоо энэ хуулийн 53.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч Б-а шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх тул гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Б-а шинжээчийн үнэлгээг хэдийд мэдсэн болох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргаж өгсөн мэдэгдлүүдийг Б-а бодитойгоор гардаж авсан эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр 7 хоногийн дотор гомдол гаргаагүй гэсэн байдлаар хандсан нь хэт өрөөстөл дүгнэлт болсон юм.

Шинжээч 337м.кв талбай бүхий газрыг үнэлэхдээ тогтоосон жишиг үнийг баримтлав гэснийг бодитойгоор хийсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх энэ баримтад үнэлэлт өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл ямар эрх бүхий байгууллагын хэзээ тогтоосон жишиг үнэ болох нь үнэлгээ тогтоосон тайланд бичигдээгүй, байхгүй байхад газрын үнийг бодитой гэж үзсэн нь буруу юм.

Ийм байдлаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу шалгаж бүрэн гүйцэд тодруулах арга хэмжээ аваагүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцаана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б-а нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Цогжаргалаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/274 тоот албан бичгээр тус газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнд төлбөр төлөгч Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон. Анхан шатны шүүх уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан байна. /хх8-11 дэх тал/

 

Хариуцагч байгууллагаас анхан шатны шүүхэд тайлбар болон дараах баримтуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15252 тоот албан бичиг /Б-ад мэдэгдэл хүргүүлэх тухай, хх 48 дах тал/, шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилсон тухай 2018 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 187 тоот тогтоол /хх 31-32 дэх тал/, ... үнэлгээчнээс тайланг 2018 оны 09 сарын 13-нд авлаа... гэсэн тэмдэглэлтэй огноо, нэр нь тодорхойгүй бичгийн баримт /хх 33 дах тал/, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн огноо, дугаар тодорхойгүй, бичиг хэргийн стандарт баримтлаагүй 1 хуудас баримт /агуулгаас нь үзвэл 187 тоот тогтоолын дагуу хийсэн үнэлгээг хүргүүлэх тухай, хх 34 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 36-46 дах тал/, Б.Баттулгаас 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн эд хөрөнгийн үнэлгээний талаарх санал, /хх 55 дах тал/, Капитрон банк ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1331 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн эд хөрөнгийн үнэлгээний талаарх хүсэлт /хх 56 дах тал/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талуудын зарчим, нотолгооны хуваарилалт нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг баримталсан гэх тайлбарын үндэслэл болсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрхи шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн хүсэлт, хүсэлтийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг баримтаар гаргаж өгөөгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулж буй эсэх нь эргэлзээтэй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд гаргасан тайлбараас үзвэл төлбөр төлөгч болох Б-а нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр 54 811 922 төгрөгийг, мөн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дүгээр шийдвэрээр 43 549 592 төгрөгийг тус тус Капитал банк ХХК-д төлөх, тэрээр төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2203004165 дугаартай гэр бүлийн зориулалттай 337 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гэжээ. Гэтэл хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь тайлбартаа холбогдох шүүхийн шийдвэрүүдийг баримтаар гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгч Б-аас гаргасан баримт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатаны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/2111 тоот шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Б-а нь Капитал банк ХХК -д 43 175 764 төгрөгийг төлөх, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 68 тоотодбайрлах 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрыг тус тус худалдан болрлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан үйл баримтыг шүүх тогтоох юм. /хх 4-5 дахь тал/ Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэр баримтаар авагдаагүй байхад анхан шатны шүүх 525 дугаар шийдвэрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй, буруу болжээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын өөрийн үйлдсэн баримт болох шинжээч томилсон тогтоол, мэдэгдэх хуудас зэрэг баримтуудад дээрхи шүүхийн 2 шийдвэрийг тусгасан нь 525 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явуулж буй гэдгийг нотлох баримт болохгүй юм.

 

Мөн хариуцагч байгууллага нь барьцааны зүйлийг битүүмжлэн, хураасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх талууд уг ажиллагааны талаар маргаагүй гэж дүгнэсэн нь баримтад үндэслэгдээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан ажиллагаа хийгдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Б-ад мэдэгдэхээр 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 4/15252 тоот албан бичгийг үйлдсэн боловч төлбөр төлөгчид бодитоор хүргүүлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай болжээ.

 

Учир нь 4/15252 тоот мэдэгдэлд гардаж авсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батбаяр гэх тэмдэглэгээ хийгдсэн боловч хэдийд гардаж авсан талаар огноо тусгагдаагүйгээс гадна н.Батбаяр нь төлбөр төлөгч Б-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхтэй этгээд болох талаар баримтыг хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд эрх бүхий этгээдэд мэдэгдлийг гардуулж өгсөн гэж дүгнэхгүй юм. Хэргийн 3 дах талд авагдсан, Б.Баттулгаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Батбаярт олгосон итгэмжлэлийг үндэслэн Н.Батбаяр нь хариуцагч байгууллагын 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 4/15252 тоот мэдэгдлийг хүлээж авах эрх бүхий этгээд байж болох юм гэж дүгнэхээргүй байна. Түүнчлэн 4/15252 тоот мэдэгдэлд монгол шуудангийн 17.19.09.2018 гэсэн огноо, дугаартай дардас дарагдсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батбаярын хүлээж авсан гэх бичигтэй харьцуулан дүгнэвэл төлбөр төлөгч Б-а нь 4/15252 тоот мэдэгдлийг шуудангаас авсан эсэх, эсхүл хариуцагч байгууллагаас авсан эсэх тодорхойгүй, анхан шатны шүүх хуралдаанд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч оролцоогүйгээс уг үйл баримтын талаар түүнээс тодруулах боломжгүйгээс гадна хариуцагч талын тайлбарыг үндэслэн хариуцагчийн үйлдсэн эргэлзээтэй баримтыг үнэлэх боломжгүй байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан талаар тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийгээгүй, шуудангаар шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн гэх баттай баримтгүй тохиолдолд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг төлбөр төлөгч баримтлах байсан гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

 

Түүнээс гадна мэдэгдэх хуудсыг шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар дуудан ирүүлж гардуулж өгөх ажиллагааг хийх бөгөөд энэ ажиллагааг хийх боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэх байтал 4/15252 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэх болсон хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иймд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч талыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мэдэгдэл хүргүүлж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагаа хийсний үндсэн дээр барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийсэн гэх баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00128 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 68 тоот 338 м.кв тайлбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших 337 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг 207 005 000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэсний ард 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-ад олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА