Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 180

 

Н.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1788 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаар магадлалтай, Н.Э т холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Г.О н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,   Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э аас 3 529 400 төгрөг гаргуулж, хохирогч Г.О д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э аас 807 150 төгрөг гаргуулж хохирогч Г.О д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.О  гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн.

Зодуулсны улмаас намайг 2 сар ажилгүй байсныг гэрч Батжаргалын /хх-101/ мэдүүлгээр тогтоогдож байхад хөдөлмөрийн хөлсийг хассан нь буруу тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагдсан хохирол хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн хэм хэмжээг зөрчин шүүгдэгч Н.Э т оногдуулах хохирол хор уршгийг зөв тогтоож чадаагүйг нотолж байна.

Анхан шатны шүүх ...ажилгүй байсан хугацааны 2 сарын хөдөлмөрийн хөлсийг тооцон гаргуулсан нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

Өнөөдрийг хүртэл би эрүүл мэндээрээ хохирч, ажлын чадвараа 2019 оны 08 дугаар сарын 26-наас 2020 оны одоог хүртэл алдаж, надад ямар ч туслалцаа үзүүлж эмчилгээний мөнгийг өгөөгүй, гэм буруугаа шүүх хуралд ч хүлээгээгүй, өнөөдөр ч хүлээхгүй байгаа тул маш их гомдолтой байна.

Иймд ...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь хохирогч Г.О  нь өдөрт 40 000 төгрөгийн орлого олдог байсан гэх боловч гэмтэл авах үеийн хөдөлмөрийн орлого хэд байсан, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс хэдэн төгрөг болох талаар баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх 3 529 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.О н гаргасан гомдлыг үндэслэн Н.Э т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Э  нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О н нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ.

Шүүхүүд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Э ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, дээрх гэмт хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй дүгнэгдэх шаардлагыг хангасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, Н.Э т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүх хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин орлогыг шүүгдэгчээс гаргуулахдаа бригадын ахлагч Т.Батжаргалын бичиж өгсөн тодорхойлолт хэрхэн үгүйсгэгдэж, эсхүл батлагдаж байгаад ямар нэг дүгнэлт өгөлгүйгээр тэрхүү тодорхойлолтыг шууд үнэлж, хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулсан нь буруу болжээ.

Аливаа хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар стандарт тогтоосон шаардлагад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой бөгөөд хэн нэгэн орлого олж байснаа нотлоход уг орлого олж байсныг давхар батлах хууль, эрх зүйн хэм хэмжээ Монгол Улсад үйлчилсээр байна.

Өөрөөр хэлбэл Г.О  хууль ёсны орлого олж байсан болохыг түүний мэдүүлгээс гадна бусад хууль ёсны эх сурвалжаар батлах ёстой бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх тодорхой хууль зүйн үндэслэл заалгүй, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг буруу гэж үзнэ.

Иргэний нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн буруу дүгнэлтийг давж заалдах шатны шүүх илрүүлж, зөвтгөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирлыг тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хохирогчийн гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1788 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Г.О н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН