Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02405

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02405

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шинэ Их газар ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 664 896 44 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, Голомт банк ХХК Х.Сарина нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/8115100542 дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, Н.Оюунэрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шинэ Их газар ХХК нь 2015 оны 12 сарын 10-ны өдөр ЗГ8115100542 тоот зээлийн гэрээг Голомт банк ХХК-тай байгуулсан. Гэрээгээр 5 800 000 ам долларыг 3 сарын хугацаатай, жилийн 8,7 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлдэгчийн харилцах 1905011554 ам долларын дансанд 5 800 000 долларыг шилжүүлсэн. Гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт хугацаа, хүүгийн хэмжээг өөрчилсөн. Гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 10 хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 1,3% болгож өөрчилсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4 өрөө орон сууц, авто зогсоол, арматур, Голомт банк ХХК дахь харилцах дансны орлого, арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний орлого зэргийг барьцаалж, батлан даалтын гэрээгээр батлан даагчаар Тайм тү тайм ХХК, Ар Эй си ХХК нар оролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч Шинэ Их газар ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж эхний шаардлагаар үндсэн зээл 5 390 65 34 ам доллар, зээлийн хүү 3 228 4 81 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 6 456 96 ам доллар нийт 577 807 11 ам долларын үлдэгдэлтэй гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагч 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 40 000 000 юанийн, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6 500 000 ам долларын гэрээг яриад байна. Хавтаст хэргийн 175, 176, 177 дугаар хуудсанд байх төлбөрийн баримтаас өмнөх зээлийн гэрээний төлөлтүүд харагдана. Эдгээр гэрээний үүрэг нь дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлага болсон 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хувьд Шинэ Их газар ХХК-ийн ерөнхий захирал 100 хувийн хөрөнгө оруулагч Хе Ли Гангаас компанийн гүйцэтгэх захирал Фан Кайд Голомт банк ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон албан бичгийг ирүүлсэн. Эрх олгосон албан бичгийг үндэслэн Голомт банк 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Шинэ Их газар ХХК-тай байгуулж, компанийг төлөөлж гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурсан. Иймд гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан. Шинэ их газар ХХК нь Голомт банк ХХК-иас олон удаа зээл авсан. Зээлийн гэрээний нөхцөлийг ойлгож, харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Хүү тооцооллын хүснэгтээс зээлээ хэрхэн төлж ирсэн нь харагдана. Харин зээлдэгч хүүг 2016 оны 03 дугаар сарын 31-нээс хойш огт төлөөгүй. Гэрээний үүргийг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээний 3.1.3-т эхний ээлжид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж зааж тохиролцсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 бол талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцоогүй бол харгалзаж үзнэ гэсэн заалт. Ханшийн хувьд бид долларын зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцохоор Монгол банкны лавлагаа гаргаж өгсөн. Нэмэгдүүлсэн шаардлага гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө тухайн ам долларын харьцах ханшаар төлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зарим барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаас татгалзаж хамгийн сүүлд нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Иймд хариуцагч Шинэ их газар ХХК-иас 664 896 44 ам долларыг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр тус тус хангуулж өгнө үү. Одоо нийт 577 807 .11 ам доллар төлнө гэж нэхэмжлэгч зөвшөөрснийг зарчмын хувьд зөвшөөрч байгаа боловч гагцхүү хугацаан дээр санал нийлэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Голомт банк ХХК Шинэ Их газар ХХК-ийн хооронд 40 000 000 юанийн гэрээ 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэрээгээр Тайм тү тайм ХХК, Ар Эй си ХХК хамтран зээлдэгчээр оролцож, зээлийг хамтран хариуцахаар тохиролцсон. Шинэ Их газар ХХК дээр 2 компанид төмөр нийлүүлсэн байдаг. 2015 онд Голомт банк энэ хоёр компанийн орон сууцанд 8 хувийн зээл олгож байсан. Голомт банк ХХК юанийн нөөц хүрэлцэхгүйгээс гэрээний төлбөрөө доллар болгоё гэдэг хүсэлтийг тавьсан. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 6 000 000 ам долларын, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 800 000 ам долларын гэрээг тус тус байгуулсан байдаг. Анхнаасаа 40 000 000 юанийн зээлийг бэлэн бусаар зээлдүүлсэн. 40 000 000 юанийн гэрээг долларт шилжүүлж гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 5 800 000 ам долларын зээлийн гэрээ байгуулагдаж ирэхэд зээлийн хүү багассан. Тухайн үед банктай гэрээ байгуулах үед доллар болон юанийн ханш бага байсан. Одоо юань болон долларын ханш өссөн тул хариуцагч зээлийг төлөхөд бэрхшээл үүссэн. Гэрээний үүргийг анх долларын зээл авсан үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Түүнчлэн 5 800 000 ам.долларын гэрээг гадаадын иргэнтэй байгуулсан. Нотариатын тухай хуулийн 32.1-д зааснаар гадаад улсын иргэн гэрээний утга учрыг ойлгоогүй. Тухайн үед гэрээ хийхэд орчуулагч оролцуулаагүй. Их хэмжээний зээл авахад компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр байх ёстой. Эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн дарааллын дагуу, үүргийг тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх ёстой. Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч зээлийн гэрээний дийлэнхийг төлсөн. Гэрээг ялимгүй зөрчсөн. Тиймээс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээл, хүүг тооцоод үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү. Зээл хугацаандаа төлөгдөөгүйд зах зээл дахь барилгын салбарын уналт, мөнгөний ханшны өсөлт зэргээс байгууллагын санхүүгийн байдал доройтсон. Нэхэмжлэлийн шаардлагаас анхны нэхэмжлэлээр шаардсан 577 807 11 ам долларыг 6 сарын хугацааны туршид төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Шинэ Их газар ХХК-иас 664 896 44 ам доллар буюу 1 549 780 516 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Голомт банк ХХК болон Шинэ Их газар ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ," БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 424 246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шинэ Их газар ХХК-иас 8 424 246 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Голомт банк ХХК Х.Сарина нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/8115100542 дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 130 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 565 125 төгрөг, нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас 565 125 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Шинэ Их газар ХХК-д олгож, Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч барьцаа хөрөнгүүд нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд Ар Ий си ХХК, Тайм тү тайм ХХК-уудын батлан даалтын гэрээний дагуу тус компаниудын хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинэ Их газар ХХК, Тайм тү тайм ХХК, Ар ий си ХХК-иуд нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 юаны зээлийн гэрээ байгуулсан. Зээл нь бэлэн бус ба БНХАУ-ын "Бау шан" банкнаас Бугатын төмрийн үйлдвэрт , төмрийн үйлдвэр нь Шинэ Их газар ХХК-ийн нэрээр Монгол улс руу орж ирэх, ирсэн төмрийг Тайм тү тайм ХХК, Ар ий си ХХК-иуд нь хүлээн авч орон сууцны хороолол барих, зээлийн эргэн төлөлтийн 80 хувийг Тай тү тайм ХХК, Ар ий си ХХК-иуд нь төлөхөөр талууд анх тохиролцсон. Хэрэгт авагдсан Шинэ их газар ХХК-ийн зээлийн дансны хуулгаас 40 000 000 юаны эрэн төлөлтийг Тайм тү тайм, Ар ий си ХХК-иуд нь төлж байсан нь нотлогдоно. Гомолт банк ХХК нь ...манай банкны юаны нөөц танай зээлэнд хүрэлцэхгүй байна..., ...танайхтай ам.долларын зээлийн гэрээ байгуулахгүй бол болохгүй байна... гэж ам.долларын гэрээ байгуулах ёстой гээд нэг талын санаачилгаар гадаад валютын төрөл өөрчлөгдсөн. Голомт банк ХХК-ийн санаачилгаар 40 000 000 юаны зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6 500 000 ам.доллар болгон хувиргасан. 6 500 000 ам.долларын зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 6 000 000 ам.долларын гэрээ болгон хувиргасан. Дахин 6 000 000 ам.долларын гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 800 000 болгон тус тус өөрчилсөн. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа Голомт банк ХХК нь Шинэ Их газар ХХК-ийн данс руу зээл олгов гэж ам.доллар оруулсан даруйдаа эргүүлээд зээлийн эргэн төлөлт гэж татан авч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Голомт банк ХХК нь хэл мэдэхгүй, гадаадын иргэнтэй, үр дагаврыг нь ойлгохгүй, орчуулагч, нягтлан бодогч байлцуулахгүйгээр зээл авсан мэтээр их хэлцэл дээр гарын үсэг зуруулдаг нь хуульд нийцээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан удаа дараагийн гэрээнүүдэд дүгнэлт хийгээгүй, хариуцагч зээлийг бодитоор авсан эсэх, авсан зээлээ хэрхэн зарцуулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэнгүй. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5 800 000 ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Шинэ Их газар ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103 тоот захирлын тушаалаар өгсөн гэж байгаа боловч оруулагч байлцуулаагүйн зэрэгцээ компанийг үүсгэн байгуулагч нь итгэмжлэл олгох эрхгүй этгээд байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно. Шүүхийн шийдвэрт гэрээний орлого барьцаалах гэрээний дагуу Ар ий си ХХК, Тайм тү тайм ХХК-иудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан боловч эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, үүргийн биелэлт, тооцоолол, талуудын үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Шинэ Их газар ХХК-д холбогдуулан ЗБ/ 8115100542 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 664 896 44 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/8115100542 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Голомт банк ХХК болон Шинэ Их газар ХХК нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗГ8115100542 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 800 000 ам долларыг 3 сарын хугацаатай, жилийн 8,7 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлдэгчийн харилцах 1905011554 ам долларын дансанд 5 800 000 долларыг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,3% болгож өөрчилсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 4 өрөө орон сууц, авто зогсоол, арматур, Голомт банк ХХК дахь харилцах дансны орлого, арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний орлого зэргийг барьцаалж батлан даалтын гэрээгээр батлан даагчаар Тайм тү тайм ХХК, Ар Эй си ХХК оролцсон.

Хариуцагч тал нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтаар ашиглах боломж олгоогүй, юанийн зээлийг долларт шилжүүлсэн, төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллаар зөв суутган тооцоогүй, нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагчийн ... тухайн өдрийн зээлийн гэрээгээр өмчлөлдөө 5 800 000 ам долларыг шилжүүлэн аваагүй, уг 5 800 000 ам долларын үүрэг нь өмнө нь талуудын хооронд байгуулагдсан байсан 40 000 000 юаны зээлээс улбаатай юм. Уг 40 000 000 юаны зээлийг юаны нөөц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 12 сарын 10-ны өдөр ам.долларт шилжүүлж 6 500 000, 5 800 000 ам доллар болгосон гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд 5 800 000 ам долларын зээлийн гэрээний хугацааг талууд 2015 оны 12 сарын 10-ний өдрөөс 2016 оны 3 сарын 10 хүртэл буюу 3 сараар тохиролцсон нь бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Гэтэл хугацаа нь дуусаад 21 хоносон гэрээний хугацааг цааш нь үргэлжлүүлэн сунгасан гэж үзэж хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм. / х.х-ийн 16 хуудас/

Гэрээний сунгалт нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэгэн адил үйлдэгдэх байтал хугацаа нь дуусаад 21 хоносон гэрээг цааш нь үргэлжлүүлэн сунгасан гэж дүгнэхэд учир дутагдалтай болжээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болох юм. Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг зээлдэгч гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээлдүүлэгч зээлийн ашиглалт, зориулалтыг шалгах үүрэгтэй юм.

Гэтэл 5 800 000 ам. долларын зээл олгосон гэх боловч мөн өдрөө буцаан авч, өмнөх зээлийн төлбөрт хаалгаж байгаа үйлдэл нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна. Зээл нь ашиглалтын хугацаатайгаа салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжтой байж сая хүү төлөх үүрэг үүсэх юм.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад Шинэ Их газар ХХК нь зээл 5 390 65 34 ам доллар, хүү 3 228 4 81 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 6 456 96 ам доллар нийт 577 807 11 ам долларын үлдэгдэлтэй үлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж, зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргажээ. / 12-14,22-25,27-28,30/

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаан дахь хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй ч зээлийн тооцооллыг зөв хийх, хугацаандаа болон хугацаа хэтрүүлэн төлсөн үүргийн биелэлтийг хуульд нийцүүлэн зөв суутган тооцох ёстой юм. Хэдийгээр нэхэмжлэгчийн зээлийг ашиглах боломж олгохгүй буцаан татаж байгаа зэрэг дээр дурдсан үйлдлүүд хууль бус байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн болох 664 896 44 ам долларыг зөвшөөрөөгүй, харин 577 807. 11 ам доллар төлөхийг зөвшөөрсөн. Хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнг нэхэмжлэгч тал ч мөн дэмжин зөвшөөрсөн байна. Иймд талуудын зөвшилцсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь талуудын зарчимд харшлахгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн оноосон нэрийг Голомт банк гэж буруу бичсэн, барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ барьцааны зүйлсийг нэрлэн заагаагүйг залруулах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд ямар нэр төрлийн эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь тодорхой бус байгаа нөхцөлд шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүндрэл учрах юм.

Нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тусдаа шаардлага гэж тодорхойлсон нь буруу бөгөөд шийдвэрт тусгайлан дурдах шаардлагагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар

сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шинэ их газар ХХК-аас 577 807 11 ам доллар буюу 1 346 787 48 / ханш?/төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87 089 33 ам доллар буюу 202 993 035 72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын гэрээ гэснийг гэрээний барьцаа хөрөнгө болох УБ Толгойт өртөөний ачиж буулгах ангийн 1700 мкв талбайд байрлах арматур болон катанги, Голомт банк ХХК дахь харилцах дансны орлого 1 905 011 552 төгрөг, 1 905 011 554 ам доллар, 1 905 011 553 юань, гэрээгээр гэснийг гэрээний 2014 оны 03 сарын 05-ны өдөр Тайм Тү Тайм ХХК-тай байгуулагдсан арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний орлогоос гэж, 3 дах заалтын Шинэ эх газар ХХК-иас гэсний дараах 8 424 246 гэснийг 6 891 887 гэж, 6 заалтыг хасаж, 7 дах заалтыг 6 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 141 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ