Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00513

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00513

 

 

СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: СӨХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Дашням

Хариуцагч: О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О- нь Эрч СӨХ-той 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 150 000 төгрөг бөгөөд 2018 оны 5 сараас 10 сарыг дуусталх түрээсийн төлбөрт 900 000 төгрөгийг О- төлөөгүй.

Гэрээн дээр нь түрээсийн сарын төлбөрийг 120 000 төгрөг гэж бичсэнээ 150 000 төгрөг болгож засварласан байдаг. Тухайн үед түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэй үнээр 120 000 төгрөг гэж байгаад 150 000 төгрөг болгосон. Энэ талаар О- мэдэж байгаа гэж хэлсэн. О-д өр төлбөрөө төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй.

Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний төлөөгүй төлбөр 900 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр 30 жил ашиглагдаж байгаа тул зоорийн давхар дахь дулааны шугам сүлжээ болон бохирын шугам сүлжээ нь ихээхэн муудсан, байнга бохир болон халуун хүйтэн ус алдаж байдаг. Би уг подвалийг 2004 онд хүлээж аваад барилгын их засвар хийлгэж байсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд подвалд үйлчилгээ явуулж байхдаа засварын хөлсийг түрээсийн төлбөрөөс хасч тооцуулдаг байсан.

Тус СӨХ нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний үнийн жишиг тариф-аар түрээсийн гэрээний үнийг тогтоогоогүй.

Түүнчлэн би 2018 оны 3-4 сард хийсэн засварын хөлс 642 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Тус СӨХ нь түрээслэгч нарын гомдлыг хүлээж авалгүйгээр сарын төлбөрийг 150 000 төгрөг болгож гэрээ хийсэн байдаг. Би 120 000 төгрөгөөр эхний саруудад төлж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед түрээсийн төлбөрийг 150 000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Би түрээсийн төлбөрийг 120 000 төгрөгөөр тооцож, засвар хийсэн 642 000 төгрөгөө хасаж, үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигин овогт Дашзэвэгийн Оюунчулуунаас 720 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрч СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О-аас улсын тэмдэгтийн хураамжид 21 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрч СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би "Эрч" СӨХ-той 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээний 3.1-т зааснаар түрээсийн төлбөрийг м.кв-аар тооцон 1 сарын 120 000 төгрөгөөр тооцсон гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл уг заалтад төлбөрийг 150 000 төгрөг байхаар засвар оруулсан нь миний хүсэл зориг биш байсан. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ хийснээс хойш засвар оруулсан гэрээний 1 хувийг надад өгсөн.

Түрээсийн подвал бохирын ус удаа дараа алдагдаж засвар хийх зайлшгүй шаардлагын улмаас 2018 оны 3,4 дүгээр сард түрээсийн подвалдаа 642 000 төгрөгийн засвар хийсэн ба урд нь ч дээрх шалтгааны улмаас засвар хийгээд түрээсийн төлбөрөөс хасч тооцдог байсан тул 2018 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрөөс хасуулах талаараа холбогдох баримтуудыг хавсарган бичгээр хүсэлт гаргасан боловч СӨХ шийдвэрлэхгүй байсаар эцэст нь их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Би СӨХ-нд хийсэн ажлынхаа баримтуудыг хавсарган, түрээсийн төлбөрөөс хасуулж тооцуулсаар ирсэн. Гэтэл энэ СӨХ ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр өдийг хүргэсэн. Тус СӨХ-ийн даргаар 2017 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлснээсээ хойш н.Насантогтох нь түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байна. Анхан шатны шүүх нэхэмжпэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэсэн хэдий ч 2014 оноос мөрдөгдөж байгаа тогтоол, журам, үйлчилгээний үнийн жишиг тарифыг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Эрч СӨХ нь хариуцагч О-д холбогдуулан түрээсийн төлбөрт 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Эрч СӨХ нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 69, 70 дугаар байрны доод хонгил буюу подвалийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар О-д түрээслүүлэх, О- нь 1 сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талууд түрээсийн төлбөрийн хэмжээнд маргасан бөгөөд анхан шатны шүүх түрээсийн гэрээ болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж түрээсийн төлбөрт 1 сарын 120 000 төгрөгөөр тооцож тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.2-т зааснаар хөлслөгчийн буруугүйгээс хөлсөлж байгаа эд хөрөнгө ашиглах боломжгүй бол хөлслөгч хөлс төлөхөөс татгалзах эсхүл тухайн ашиглаж байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх түрээсийн гэрээний зүйл болох подвалийн бүрэн бүтэн байдал алдагдаж, засвар хийх шаардлагатай болсон эсэх, завсар хийх шаардлагатай болсон бол түрээслэгч О- засвар хийх талаар түрээслүүлэгч Эрч СӨХ-д мэдэгдсэн эсэх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

Хариуцагч О- нь засвар хийхэд шаардагдах барилгын материал авсан баримтаас гадна засварын хөлс 350 000 төгрөгийн зардал гарсан талаарх Г.Баярмагнайгийн бичсэн тодорхойлолтыг баримтаар өгсөн. Түүнийг гэрчээр асуугаагүй байгаа тохиолдолд Барилгын засвар хийсэн ажлын хөлсний тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, завсар хийх зайлшгүй шаардлагатай байсан эсэхээс шалтгаалж түрээслэгч О-ы төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой юм.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА