Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/00167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж 70 дугаар байр “Э” СӨХ /Утасны дугаар: 95780888/

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 69 дүгээр байр 92 тоотод оршин суух Боржигин овогт Дашзэвэгийн О /РД: ЦЖ72042508, утасны дугаар: 99726076/

Түрээсийн төлбөрт 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д

                                  хариуцагч Д.О

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргагч “Э” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2004 онд 69, 70-р байруудын сууц өмчлөгчдийн санаачилгаар үүсэн байгуулагдаж холбогдох хууль, журмын дагуу зохих материалыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн улмаар 2004.03.25-нд дүүргийн засаг даргаас 61 дугаартай гЭилгээг хүлээн авсанаар, Монгол Улсын Иргэний хууль, СӨХ-ны ...Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах гэсэн... хуулийн заалтуудыг чанд баримтлан ажиллаж өнөөдрийг хүртэл өдөр тутмын ажил үүргээ хэвийн явуулж ирэв. Тодруулбал: Сууц өмчлөгчдийн, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд төлсөн орлогоос орцны хаалганууд шинэчлэх, цоож түгжээ, халаалт сантехник, цэвэр бохир усны шугам хоолой солих засварлах, орц хонгил цэвэрлэх, хог хаягдал зайлуулах, зэрэг өдөр тутмын болон,улирлын чанартай зайлшгүй хийх шаардлагатай засвар үйлчилгээний ажилд зарцуулж санхүүгийн тайланд тусган, мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт хийлгэн ажиллаж байна. Түүнчлэн СӨХ-ны санхүүгийн боломж чадавхи хүрэлцдэггүй засварын ажлын /зам талбай, лифт дээвэр гм/ санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагуудад танилцуулж асуудал тавьж зохих үр дүнд хүрч байна. Ажпын үр дүн ололт амжилт байгаа боловч тус СӨХ-нд харьяалагддаг байрнуудын зарим сууц өмчлөгчид, түрээслэгчид ашиглалтын зардал, засвар үйлчилгээний төлбөрөө олон сар, жилээр төлөхгүй явж ирсэн нь нийтийн эрх ашгийг хохироож байна.Тухайлбал: 1. Сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагдан ажиллаж байгаа “Э” СӨХ-ны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж өдөр тутмын болон шаардлагатай их, урсгал засварын ажил саатаж болзошгүй нөхцөл үүсгэж байна. 2. СӨХ-ны гишүүний болон иргэний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтаг хэлж төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа нь иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлж аюулгүй цэвэр тохилог орчинд ая тухтай амьдрах боломжоо бүрдүүлсэн олон иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна. 3.Амин хувиа хичээж бусдын хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг завшигч энэ үйлдэл нь бусдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж болдог гэсэн муу жишиг тогтоход хүргэж байна. Д.Од, өр төлбөрөө төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй байгаа юм. Иймийн учир шүүх байгууллагад хандан төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхэд хүрсэн болно. Монгол Улсын Иргэний хэргийн 147-р зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” 2.Монгол Улсын Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж СӨХ-н гишүүн айл өрх, иргэдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг хохироож байна. Иймд Баянгол дүүрэг 3-р хороо, 69-р байрны 92 тоотод оршин суугч иргэн Д.Оы 2018.01.29-нд “Э” СӨХ-той байгуулсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний төлөөгүй төлбөр: 2018.05 сард төлөх 150.000 төгрөг, 2018.06 сард төлөх 150.000 төгрөг, 2018.07 сард төлөх 150.000 төгрөг, 2018.08 сард төлөх 150.000 төгрөг, 2018.09 сард төлөх 150.000 төгрөг, 2018.10 сард төлөх 150.000 төгрөг, нийт дүн. 900000 төгрөг /Есөн зуун мянган төгрөг/-ийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, подвалийг засварла гэж СӨХ шаардаагүй, бусад подвалиуд өөрийн ажлын байраа өөрсдийн хөрөнгөөр засварладаг. Иймд засварын зардал 642,000 төгрөгийг суутгаж тооцох боломжгүй. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул бүх хөнгөлөлтийг буцааж, бусдын адил төлбөрийг нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь Д.Оы хүсэлтийг хүлээн авч төлбөрөөс нь 20 хувиар хөнгөлдөг байсан. Төлбөрөө төлж чадахгүй байгаа бол СӨХ-ны подвалийг чөлөөлүүлж өгөх шаардлагатай байна. Удирдах зөвлөл ч ийм шийдвэр гаргасан. Гэрээн дээр нь түрээсийн сарын төлбөрийг 120,000 төгрөг гэж бичсэнээ 150,000 төгрөг болгож засварласан байдаг. Энэ ямар учиртай вэ гэж лавлахад тухайн үед түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэй үнээр 120,000 төгрөг гэж байгаад 150,000 төгрөг болгосон. Энэ талаар Д.О мэдэж байгаа гэж хэлсэн. Д.Од, өр төлбөрөө төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй байгаа. Иймийн учир шүүх байгууллагад хандан төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхэд хүрсэн болно. Монгол улсын Иргэний хэргийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. Монгол улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчиж СӨХ-н гишүүн айл өрх, иргэдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг хохироож байна. Иймд Баянгол дүүрэг 3-р хороо 69-р байрны 92 тоотод оршин суугч иргэн Д.Оы 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Э” СӨХ-той байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний төлөөгүй төлбөр 2018 оны 5 сараас  2018 оны 10 сар хүртэлх сарын 150,000 төгрөг төлөх ёстой байсан. Нийт 900,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О нь 5 үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. 1. Тус “Э” СӨХ нь одоо Монгол улсад мөрдөгдөж буй СӨХ-н тухай хуулийн 2014 оны 04-р сарын 1 өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол Хавсралт №1 “Орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний үнийн жишиг тариф”- ын дагуу түрээсийн гэрээний үнийг тогтоож байх. 2. Иргэн Д.О миний бие нь тус түрээсэлж буй хонгилд 2018 оны 3-4 сард хийсэн засвар үйлчилгээний хөлс болох 642.000 төгрөгийг түрээсийн үнэнд тооцуулан бодож хасуулах. 3. Цаашид тус СӨХ-ны удирдлагууд Монгол улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн дураар тайлбарлан, өөрсдийн шинэ дүрмээр бусдыг дарамталдгийг бүр мөсөн зогсоох хүсэлтүүдийг тавьж байна. 4. Миний бие Д.О нь “БГД-н Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-г тэргүүлэн ажилладаг. Дүүргийн ХБИ-д ажил хөдөлмөр эрхлэх болон бусад нийгмийн тулгамдсан асуудлаар дүүргийн хороодтой хамтарч зөвлөгөө мэдээлэл өгч тэдэндээ тус болж ажилладаг. Энэ ажлаа энэ зоорийн давхрын байранд иргэдээ хүлээн авч, эндээ жижиг бизнесынхээ хамт хажуугаар давхар хийдэг. 5. Миний бие нь 2017 оны 2-р сарын 1-нээс 2017 оны 6-р сарын 1 хүртэл “Э” СӨХ-ны даргын ажлыг хийж, сүүлийн 15 жил энэ 2 байранд хийгээгүй ажлуудыг хийж гүйцэтгэж өгсөн. Үүнд: - 69, 70 байруудын гадна талд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай бүхий 4ш камеруудыг суулгасан. Үүний үр дүнд байрны ойр орчим хулгайн гэмт хэрэг гарах нь багассан. Орцны 29 жил болсон модон цонхнуудыг вакум цонх болгон 36 ш цонх сольсон. Ингэснээр байгалийн гэрэл орцонд их орж саруулхан, орцны дулаан алдалт 100% багассан. Хуучирсан муу орцны хаалгануудыг чиптэй, цоожтой шинэ төмөр хаалгаар сольж 6ш хаалгыг орцонд суулгасан. Орон гэргүй орцны жижүүр гэх архичин, тэнэмэл хүмүүсийг ажлаас чөлөөлж өдрийн 8 цагаар ажилладаг 3 үйлчлэгчийг хороон цагдаагийн тодорхойлолтоор ажилд авч, ажлын байраар хангаж нийгмийн хангамжийг маш сайн хангаж ажиллуулдаг болгосон. Эдгээр том том ажлуудыг Д.О би 4 хөн сарын дотор хийж гүйцэтгэсэн. Иргэд оршин суугчдын хуримтлалын хөрөнгө мөнгийг хувьдаа идэж шамшигдуулахгүйгээр зөв зүйлд зарцуулсан нь, зарим нэгэн Удирдах зөвдөлийн 10 гаран жил энэ ажлыг хийж байсан гишүүдэд таалагдаагүй тул намайг янз бүрээр оролдож энэ СӨХ-н даргын ажлаас, нөхөр нь архи уусан гэх шалтгаанаар чөлөөлж Б.Насантогтох гэх хүнд “Э” СӨХ-ны даргын ажлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2017 оны 6-р сарын 1 өдөр өгсөн. Миний эсрэг Шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө энэ Б.Насантогтох гэх хүнийг 2017 оны 11-р сарын 1 ажилд авсан тухай тушаал баримт гаргаж өгсөн байсан. Энэ хооронд 2017 оны 6-р сарын 1 хойш 5 сар хэн гэдэг хүн СӨХ-ны дарга хийж цалин мөнгө авч байсан нь бас тодорхойгүй байгаа ба иргэдийн хөрөнгө мөнгө буруу гараар орж салхинд хийсч эхлэсэн нь харагдаж байна. 2007 онд подвалын түрээс 15000 төгрөг, 2009 онд подвалын түрээс 36000 төгрөг, 2016 онд подвалын түрээс 50000 төгрөг тус тус хуулийн заалтын дагуу төлж байсан. Хууль бус тарифаар түрээсийн хөлсийг 2017 -2018 онуудад 150000-120000 төгрөг бодож өгч байсан нь 2-3 жилийн мөнгийг урьдчилж өгсөн болж таарч байна. Энэ дүн нийт 1,620,000 төгрөг өгсөн байна. Миний бие Д.О нь 48 настай, сул харааны бэрхшээлтэй /баруун нүд нь бүрэн хараагүй/, хувиараа бичил бизнесийг 15 жил эрхлэн, амьжиргаагаа авч явдаг эгэл жирийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. 2016-2018 онуудад ажил үйлчилгээний маань орлого бүрэн муудаж арай ядан амь зогоож байна. /орлого орохгүй бүтэн өдөржин суух хоногийн тоо 7 хоногт 2-3 өдөр , зарим өдөр өдөрт 500 төгрөг олох 1000 төгрөг орох өдрүүд ч байна. Иргэдийн Цалин, тэтгэвэр тэтгэмж буух үед л жаахан орлого нь сайжирдаг/ Гэтэл тус “Э” СӨХ нь зоорийн давхарын үнэ тарифаа подваль эзэмшигч бид нараас, газрын дээр ашиглагдаж буй байр савны үнэ тарифаар бодож авч, хүчээр биднийг дарамтлан гэрээ хийж биднийг үл хүндлэн харьцаж байна. /Газрын дээд хэсэгт байрлах түрээсийн байрны 1мкв үнэ 5000 төгрөгнөөс эхэлдэг./ Энэ гэрээний үнээ эргэн харж үзээчээ гэдэг хүсэлт тавихад дараагийн авах иргэн байна суллаж өгөөд яв гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Миний хувьд энэ подвалыг 2004 онд анх хүлээж аваад, 5 машин /25 тн/ -ы бохирыг соруулан, нохой муурыг нь устгалын ХХК -д төлбөрийг нь төлөн захиалга өгч устгуулсан, 6.000.000 сая төгрөгийн барилгын их засвар хийлгэн бүх дамжин өнгөрч буй дулааны паарнуудыг иж бүрнээр нь сольж, шинээр худалдан авч тавьсан. Үүнд: 15-н дулааны труба 50м , 32-н труба ЗОм, винтель, хаалт , холбогч 15ш ... гэх мэт. УБТЗ-н Эим хүчинд хүсэлт гарган, тог цахилгаан тавиулах Техникийн нөхцөлийг 8 сар гаран хөөцөлдөн байж тогтой болгосон. Энэ ажилд кабель утас японы сайн чанарын өргөн зэс голтой утас гэхэд 1 сая төгрөгний үнэ бүхий ажил үйлчилгээг хийлгэсэн. Энэ байр 30 жил ашиглагдаж байгаа тул зоорийн давхартаа дулааны шугам сүлжээ болон бохирын шугам сүлжээ нь ихээхэн муудсан байнга бохир болон халуун хүйтэн ус алдаж байдаг. Энэ их хөрөнгө оруулалт хийж бүтээн босгосон ажлын байраа түрээсийн дарамтанд орж хөөгдөн туугдан явах нь 50 шахуу насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн надад үнэхээр хүндээр тусаж байна. Иймд уг асуудлыг хуулийн номын нь дагуу шийдэж өгнө үү.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус СӨХ-ны даргын ажлыг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авч, хийж байсан. Намайг СӨХ-г хүлээж авахад 20 гаруй сая төгрөгийн өртэй, нурж унах шахсан байшин хүлээж авч байсан. Тухайн үед удирдах зөвлөлд ажиллаж байсан. н.Амарсанаа, одоо нягтлангаар ажиллаж байгаа, хяналтын зөвлөлийн дарга н.Одончимэг нар тухайн үед удирдах зөвлөлд байсан. Намайг ажил авснаас хойш надтай хамтарч ажиллаж, 4 сарын дотор 21 сая төгрөгийн өрийг бид барагдуулж байсан. Бид амралтын өдрөөр ч ажиллаж, би шөнийн 1 цагт гэртээ ордог байсан. Ард иргэдийн мөнгийг зөв зүйлд зарцуулбал юу бүтээж болохыг бид харуулсан. Харсан учраас намайг СӨХ-ноос явуулахыг хүсдэг байсан. Байнга намайг дарамталдаг байсан. СӨХ-ныхоо өрөөний түлхүүрийг өг гэх мэтчилэн байнга дарамт надад өгдөг байсан. Би маш олон орцны хаалга, цонхыг сольж, орцонд гадны хүн орохгүй болгосон. Гэр оронгүй хүмүүс хоноглодог байсан жижүүр гэдэг албан тушаалыг би ажлын 8 цагийн албан тушаалтай болгож өөрчилсөн. Би эдгээр удирдах ажил хийж байгаа нягтлан, байцаагч, удирдах зөвлөлийн гишүүн гэх хүмүүсийг цагдаагаар шалгуулаагүй, цааш ажиллуулсан нь миний буруу болсон байна. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр намайг дарамталсаар байгаад миний ажлыг авахад би н.Насантогтох гэж хүнд ажлаа өгсөн. Гэтэл н.Насантогтох гэж хүнийг 2017 оны 11 дүгээр сард захирлын ажилд томилсон байдаг. Энэ хооронд хэн СӨХ-ны даргыг хийж, удирдаж байсан бэ, мөнгө төгрөгийг нь хэн авч байсан бэ. н.Насантогтох гэж хүн доод давхарынхаа хүнээ СӨХ-ны дарга болгож, хяналтын зөвлөлийн даргаараа ямар ч санхүүгийн мэдлэггүй, хөрш залуугаа томилсон байдаг. 15 жилийн хугацаанд би подвальд нь үйлчилгээ явуулж байхдаа СӨХ-г нурж унасан тохиолдол бүрт нь тусалж, босгож ирж байсан. Тэгэхэд өнөөдөр албан тушаал, мөнгөний төлөө ажилладаг хэсэг бүлэг этгээдүүд хуйвалдаж, бусдыг дарамталж байна. Би 10 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагыг удирдаж явж байгаа. Үүгээрээ надад муудсан зүйл байдаггүй. Харин ч би нийгэмээ цэвэрлэж, сайн сайхан болгохын төлөө юу хийж болохыг би харуулсан. Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг олон СӨХ намайг ирж ажиллаач гэж урилга өгөхөд би татгалзаж байсан. Өнөөдөр удирдах зөвлөлд ажиллаж байгаа бүх гишүүд нь СӨХ-ныхоо төлбөрийг төлдөггүй, чөлөөлөгдчихдөг. Би дарга хийж байхдаа СӨХ-ныхоо төлбөрийг төлдөг байсан. Түрээслэгч нарын гомдлыг хүлээж авалгүйгээр сарын төлбөрийг 150000 төгрөг болгож, гэрээ хийсэн байдаг. Надад маш олон түрээслэгч нар гомдолж байсан. Би түрээсийн төлбөр 120000 төгрөгийг хоёр хувааж төлдөг байсан, сүүлдээ би төлж чадахгүй болоод 10,000 төгрөгөөр таслаж өгдөг байсан. Би сардаа 200,000 төгрөгийн орлого л олдог. Үүнээсээ ашиглалтын зардлуудаа төлөөд түрээс төлөхөөр чинь юугаараа амьдрах болж байна. Ийм учраас энэ өндөр түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байна гэхэд хэл ам гаргахгүй 120000 төгрөгөөрөө төлж бай гэсэн. Би 120,000 төгрөгөөр эхний саруудад төлж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед түрээсийн төлбөрийг автоматаар 150,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Би түрээсийн төлбөрийг 120,000 төгрөгөөр тооцож, засвар хийсэн 642,000 төгрөгөө хасаж, үлдэгдэл төлбөрийг төлнө.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Э” СӨХ нь хариуцагч Д.Оаас түрээсийн төлбөрт 900,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр “Э” СӨХ нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хорооллын 69, 70 дугаар байрны доод хонгил буюу подвалийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 1 жилийн хугацаагаар Д.Од түрээслэх, Д.О нь төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Дээрх гэрээг талууд байгуулсан эсэх асуудлаар болон 2018 оны 5-10 сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй байгаад маргаагүй бөгөөд харин түрээсийн сарын төлбөрийн хэмжээнд маргаж, хариуцагч нь түрээсийн эд хөрөнгөд хийсэн засварын зардал 642,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцуулна гэжээ.  

Талуудын байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний 3.1-д “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг м.кв-аар тооцон нэг сарын 150,000 төгрөгийг сарын бүрийн 25-ны дотор түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн дагуу бэлэн болон бэлэн бусаар түрээслэгчийн Төрийн банкны дансанд шилжүүлнэ. Түрээсийн төлбөр нь гэрээний хугацаанд тогтвортой байна” гэж заасан байх ба дээрх заалтын “150,000” нь засвартай бичигдсэн байна. Уг бичилтийг гэрээ байгуулах үед “120,000” төгрөг гэж байсныг “Э” СӨХ сүүлд зассан байсан, энэ тухайгаа мэдэгдээгүй гэж хариуцагч маргаж байгаа бол нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “120,000”-ийг “150,000” гэж засварласан нь үнэн, төлбөрөө 25-ны дотор төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцооны дагуу хөнгөлөлттэй төлбөр төлж байсан, төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байснаас сарын төлбөрийг 150,000 төгрөг болгосон, үүнийг хариуцагч мэдэж байгаа гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан ба харин гэрээ бол хоёр ба түүнээс дээш этгээдийн хүсэл зоригийн харилцан тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, гэрээ гэдгийг хоёр ба түүнээс дээш этгээдийн агуулгын хувьд хууль зөрчөөгүй, харилцан илэрхийлсэн хүсэл зориг, түүний илэрхийллээс бүрдэх хэлцэл гэж ойлгоно. Иймд түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийг өөрчлөх тохиолдолд талууд харилцан зөвшилцөж тохирсон, эсвэл түрээслүүлэгч талын түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчлөх хүсэл зоригийн илэрхийллийг түрээслэгч зөвшөөрсөн байх нь хуульд нийцнэ. Түрээсийн гэрээний 9.7-д “1. Сар бүрийн 25-ны дотор төлбөрөө хийсэн нөхцөлд 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ” гэж гараар бичсэн бичвэрийг нэмэлтээр оруулсан, уг бичвэр нь гэрээнд гараар бичсэн бусад бичвэрээс өөрөөр бичигдсэн байна. Иймд тухайн бичвэрийг анх гэрээг байгуулах үед хийгдсэн тохиролцоо эсэх, эсвэл сүүлд нэмж оруулсан эсэх нь тодорхойгүй байх тул түрээсийн төлбөрийг 150,000 төгрөгөөр тооцож түүнээс 20 хувийн хөнгөлөлтийг хасаж 2018 оны 1-4 дүгээр сарын төлбөрийг 120,000 төгрөгөөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талууд анх түрээсийн гэрээг байгуулах үедээ түрээсийн төлбөрийг 150,000 төгрөг байхаар тохирсон гэж үзэхгүй. Түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг 150,000 төгрөг болгож өөрчилсөн талаар талууд нэмэлт гэрээ байгуулаагүй, гэрээний төлбөрийн хэмжээнд засвар оруулсан хэсгийг түрээслэгчийн гарын үсгээр баталгаажуулаагүй, нэмэгдсэн төлбөрийн хэмжээгээр хариуцагч түрээсийн төлбөр төлөөгүй байгааг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн сарын төлбөрийг 150,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэх эрхгүй байна. Харин гэрээний анхны тохиролцоогоор төлөөгүй 6 сарын хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч 720,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх төлбөрөөс түрээсийн эд хөрөнгөд засвар хийхэд гарсан зардал 642,000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлт хариуцагч гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй, хариуцагч нь засварын зардал гэх 642,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд засварын зардалтай холбоотой хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оаас 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 21,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА